БНАСАУ-д үйлдвэрлэсэн өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй гэх “Кымданг-2” гэх тарилгын шингэнийг Өмнөд Солонгост аваачиж худалдаж байсан хэд хэдэн хүнийг Пусаны цагдаагийнхан шалгаж байгаа аж.
Шалгуулж байгаа 13 хүний дотор манай улсын таван иргэн бий. Уг эмийг өвчин эдгээх, намдаах чадвартай хэмээн сурталчилж байсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарчээ. Хойд Солонгосоос хэрхэн Монгол Улсад оруулж ирдэг нь тодорхойгүй ч манай улсын харьяат таван хүн уг эмийг нь БНСУ руу зөөж, Пусаны нэгэн сүмийн пастор 76 настай Ким гэгчид дамжуулан өгдөг байсан гэнэ.
Мөн тэр пастор нь манай улс руу аялсан сүмийнхээ сүсэгтнүүдээр тарилгын шингэнийг авчруулдаг байсан нь тогтоогдсон талаар тус улсын хэвлэлд бичиж байна. Сүмийн номлогч Ким ямар ч эмчилгээний эрхгүй атлаа уг тарилгыг хүмүүст тарин борлуулаад ойролцоогоор 200 гаруй сая воны ашиг олсон хэмээн БНСУ-ын цагдаагийнхан тогтоосон аж.