Дорнод аймгийн Булган сумаас гарсан хээрийн түймэр өнгөрөгч сарын 29-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг Дарамын шанд гэдэг газраар дамжин нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэн асаж, өчигдрийн байдлаар цурманд оруулаад байна.
Энэхүү түймрийн улмаас 10 хүн ямар нэг хэмжээгээр түлэгдэж, 25 айлын гэр, эд хөрөнгө, 3000 гаруй мал шатжээ. Түлэгдэлттэй хүмүүсийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, шаардлагатай тусламж, эмчилгээ үзүүлсэн байна. Тэдгээрээс нүүрэн хэсгээрээ түлэгдэлттэй гэр бүлийн гурван хүнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирч, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт хэвтүүлсэн аж.
Тэдний дунд нэг настай хүүхэд байгаа бөгөөд 25 хувийн түлэгдэлттэй учир биеийн байдал нь сайнгүй байгаа гэнэ. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд орон нутгаас томилогдсон Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.
Б.НОМИН