Өвөрхангай аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт болох гэж байгаатай холбогдуулан ард иргэд, мэргэжлийн анги, албадыг аюул ослоос урьдчилан сэргийлж сургах, дадлагажуулах бэлтгэл ажил өрнөсөөр байна.
Тухайлбал иргэд харьяа багаараа дуут дохиогоор цуглах, жагсах, бусдадаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж сурахаас гадна оршин суугаа газар, нийтийн эзэмшлийн бус талбайн хогийг цэвэрлэж байгаа юм. Түүнчлэн 11 алба, 29 мэргэжлийн ангиуд үерийн аюул нүүрлэсэн сумыг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлт, хүн малын гоц халдварт өвчин, байгууллагын хөлдөлт үүсэх үед хэрхэн ажиллах талаар сар орчим хугацаанд сургуулилт хийж байна.
Харин жинхэнэ шалгалт буюу “Гамшгаас урьдчилан сэрийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 6-8-ны өдрүүдэд Арвайхээр, Зүүнбаян-Улаан суманд болох ба тэр үед иргэд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд юу сурч мэдсэнээ ОБЕГ-аас ирсэн ажлын хэсгийнхэнд бүрэн шалгуулах юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт Өвөрхангай аймгийн хэмжээнд Иргэний хамгаалалт нэртэйгээр 1967, 1989, 1992 онуудад хийгдэж байсан бөгөөд тэдгээр үйл ажиллагаанд хамрагдаж байсныхаа хувьд 40-өөс дээш насны иргэд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бол залуучуудад ямар ч ойлголт байхгүй байгааг албаны хүн хэлж байв.