УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалдаг Олон улсын санхүүгийн корпорацын 2015 оны тайланд манай улс татварын таатай орчны ангилалд 84-т жагсаж, татварын дундаж хувь 24.4 байгаа нь бага татвартай орнуудаас 28-т эрэмблэгджээ. Ерөнхий сайд “Тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдөрт 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин 720 мянгыг төрд тушааж байгаа нь өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатайг харуулж байна” гэсэн юм. Мэдээллийн дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн.
Ч.Хүрэлбаатар: -Татвартай холбоотой хуулийн төслүүд УИХ дээр гацчихлаа. Энэ нь тодорхой бус байдал үүсгэн, хүлээлт бий болгож, татварын орлогод нөлөөлж, төсөв тасрахад хүргэж байна. Татварын хувь, хэмжээг нэмэх үү, бууруулах уу.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Эдийн засгийн өршөөлийн хуулийг олон нийт анхааралтай хүлээж байна. Шалгалтаар зөрчил илэрч, одоо хүртэл татвараа төлөөгүй бол өршөөхгүй. Хуулийн төсөл өргөн барьснаас хойш зарим хүний хариуцлагагүй мэдэгдлээс болж төлөх ёстой татварыг төлүүлэхгүй, өршөөнө гэж хоосон хүлээж, цааргалах нь Үндсэн хуульд заасан үүргээ зөрчиж байгаа төдийгүй улс орны эдийн засгийг хойш чангааж буй гэдгийг ухамсарлах шаардлагатай. Бид хуулийн хугацаанд багтаан 2016 оны төсвийн төсөөлөл, үндсэн чиглэлийн төслийг өргөн барьж байгаа. Одоо зөвхөн татварын хүрээнд л ярих хэрэгтэй. Бид татвар нэмэхгүй, буулгахгүй.
Б.Бат-Эрдэнэ: -Татвараа төлөөгүй том аж ахуйн нэгж хэд байна вэ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Том татвар төлөгч буюу 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой 900 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн төлсөн татвар төсвийн орлогын 87 хувийг бүрдүүлдэг. 50 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой 4000 аж ахуйн нэгж бий. Тэд төсвийн орлогын 11.4 хувийг бүрдүүлж байна. Үндсэндээ 5000 хүрэхгүй аж ахуйн нэгж төсвийн орлогын 98.4 хувийг бүрдүүлдэг.
С.Бямбацогт: -НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр 100 хүртэл сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд таатай боломж үүснэ. Үүнээс гадна татварын хяналт, дарамтыг цэгцэлье.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: -Дүүргийн татварын дарга нар урамшуулал авсан буруу жишиг арваад жил явсан. Улсын төсвийн давсан орлогоос 20 хувийн урамшуулал авдаг байсныг болиулж, орон нутагт урамшуулал өгч эхэлсэн юм билээ. Өнгөрсөн жил тэрбум гаруй төгрөгийн асуудал үүссэн. Татварын хяналт, шалгалт их өргөн болсон байсныг ажил авснаасаа хойш цэгцэлж, байцаагчийн тоог 50 хувиар бууруулсан. Цаашид хяналтын журамд өөрчлөлт оруулна.
Ч.Сайханбилэг: -Ер нь татварын асуудлаар нэг талдаа гарч ажиллах шаардлагатай. НӨАТ-ын босгыг бусад оронтой харьцуулахад 50 сая төгрөгөөр тогтоох нь тохиромжтой. Үүнийгээ бид ойлголцох ёстой.
Ц.Даваасүрэн: -Гишүүд татвартай холбоотой олон хуулийн төсөл санаачилсныг хэлэлцье. УИХ-аас төсвийг нь баталчихаад байхад татвар төлөгч 500 компанийн өөрсдийн хөрөнгөөр хийсэн ажлын үнэлгээг төр өгөхгүй байна. Ийм байхад тэд юугаараа татвар төлөх юм бэ. Мөн гадаадын томоохон хөрөнгө оруулалтын төслийн хөрөнгийг Монголд оруулдаг болоогүй цагт валютын хямралаас гарахгүй.
Ж.Эрдэнэбат: -Төсөв хүндхэн байгаа. Нэгдүгээр улиралд орлого бага байдаг учраас эхний ээлжинд цалин, тэтгэвэр, урсгал зардлаа зуун хувь санхүүжүүлж байна. Аж ахуйн нэгжүүд нэлээд өр, зээлтэй байгаа нь үнэн. Тэднийг хүүгийн дарамтаас гаргах зорилгоор санхүүжилт хийнэ. Тодруулбал, нийт гүйцэтгэл нь 80 хувьтай байгаа аж ахуйн нэгжид вексель бичнэ. Тодорхой ажлууд хийнэ.
Ж.Энхбаяр: -Ерөнхий сайд Та бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж чадах уу, эсвэл ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх үү.
Ч.Сайханбилэг: -Бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ шуурхай хэлэлцэн баталбал ажил удаашрахгүй.
Я.Содбаатар: -Эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ. “Оюутолгой”-н Монголд төлөх 30 сая ам.долларын татварын өрийг тэглэсэн нь үнэн юм уу.
Ч.Сайханбилэг: -Татварын асуудлаар хаана хаанаа ойлголцох хэрэгтэй. Энэ чиглэлээр нэлээд хуулийн төсөл өргөн барьсан. Заримыг нь боловсруулж байна. Тус төслийн хөрөнгө оруулагчтай үүсгээд буй татварын маргаан болох 30 сая ам.долларыг тэглэх талаар огт яриагүй. Бид “Оюутолгой” компанийнхантай ойлголцоод явж байгаа. Авах ёстой татвараа авна. Асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа үед элдэв мэдээлэл тараахгүй байх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Хэлэлцээр нэг тийш болбол УИХ-д мэдээлнэ. Тиймээс одоо үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.
Б.УРАН