Ой хээрийн түймэр их хэмжээгээр гарч байгаагийн гол буруутан нь хүн. Хүний хариуцлага, болгоомжгүй үйлдлээс болж байгаа учраас аюул гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж, чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах үүднээс “Оргил өөд” клуб “Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян” эхлүүллээ.
Өөрөөр хэлбэл, тус клуб ОБЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Ингэснээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, сонор сэрэмжийг нь дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зэрэг олон ажил өрнүүлэх юм байна.
Тодруулбал, энэ сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх аяны хүрээнд тус клубийн гишүүд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцан, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамрагдаж, тус газрын цахим хуудсыг олон нийтэд сурталчлах, уг хуудсанд аялагчдын бүртгэлийн системийг нэвтрүүлэх, байгалийн ногоон бүс рүү нэвтрэх гол цэгүүд дээр анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээллийн самбарууд байрлуулах ажээ.