Монгол Улс зарим таваараа 5-10, заримыг нь бүр 40-50 хувь хямд үнээр нийлүүлж буйг эдийн засагчид хэлж байгаа. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулах боломжийг Эрдэс баялгийн бирж бүрдүүлэх учиртай. Энэ оны эхний арван сард Монгол Улсын экспорт нэг жилийн өмнөхөөс 678 сая “ногоон”-оор буурч, 3.92 тэрбум ам.долларт хүрсэн байх юм.
Зэсийн баяжмал, газрын тос, алт гээд голлох “тоглогчдын” экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч орлого буурахад бас гол нөлөө үзүүлсэн нь зах зээл дэх үнэ хямдарсантай холбоотой. Ер нь манай улсын экспортын орлого жилд 4-5 тэрбум ам.долларт эргэлддэг.
Үүний 80-90 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж буй гэх улигт тоог давтах хэрэгтэй болох нь. Иймээс ч уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэтэй дүйхүйц хэмжээнд хүргэж чаддаггүйг өөрчлөхөөр Эрдэс баялгийн биржтэй болохоор төлөвлөсөн билээ.
Дээрх биржийг байгуулснаар мэргэжлийн харилцаа үүсэх тул тусгайлан зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь зөв гэж үзсэн байдаг. Улмаар Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг (долоон бүлэг, 28 зүйлтэй) боловсруулж дууссан агаад УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд яамдаас санал авахаар хүргүүлжээ.
Шаардлагатай гэж үзвэл засвар оруулсныхаа дараа энэ сард багтаан Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр хэлэв.
Эрдэс баялгийн бодлогын болон Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөл, аж ахуйн нэгжүүд, тэдгээрийг нэгтгэсэн ассоциаци, холбоодоос гээд олон талын байр суурь, саналыг тусгасан, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, цаг үеийн шаардлагатай учраас хэлэлцэж батлахдаа цаг алдахгүй байна гэдэгт найдаж буйгаа тэрбээр дуулгасан.
Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 дүгээр тогтоолд заасны дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцтай зэрэгцүүлэн биржийг зохион байгуулах чиглэлээр ажиллаж буй юм байна. Ямартай ч хуулийн төслийг намрын чуулганаар батлуулахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Цаашилбал, ирэх оны эхний хагас жилд багтаан Эрдэс баялгийн бирж байгуулах бэлтгэл ажлыг хангана гэсэн төлөвлөгөөтэй буй юм билээ.
ТҮНШЛЭЛ ШАЛГАРУУЛНА
Монгол Улс эрдэс баялгийн арвин их нөөцтэй, томоохон зах зээлтэй хил залгаа оршдог, бас ашигт малтмалын чанар олон улсын зах зээлд сайн гэж үнэлэгддэг, олборлолт, хүний нөөцтэй холбоотой зардал хямдад тооцогддог гээд давуу талтай. Хэрэв Эрдэс баялгийн биржтэй болчихвол худалдан авагчид үнэ хаялцаж ханш тогтох учраас энэ салбараас олох орлого нэмэгдэх нь зайлшгүй.
Тус биржийн удирдлага, зохион байгуулалтад нь оролцох, үйл ажиллагааг нь авч явах хүсэлтэй гадаад, дотоодын хувийн хэвшлийнхний сонирхол ч нэлээд өндөр байгаа сурагтай.
Биржээр эрдсийн бүтээгдэхүүний арилжааг амжилттай явуулахад санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглахаас гадна туслах шинж чанартай функцүүд байх ёстой. Тэдгээр нь даатгал, тээвэр, хадгалалт юм. Хэдийгээр туслах шинж чанартай гэж буй ч чухал бөгөөд хэрэв байхгүй аваас биржийн үйл ажиллагааг явуулах боломжгүй.
Иймээс ганц компани бүх үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тул дээрх чиглэлээр мэргэшсэн аж ахуйн нэгжүүд түншлэл болоод, бирж байгуулах саналаа хүргүүлэх боломжтой гэнэ. Энэ нь хувийн хэвшлийнхэнд бүрэн нээлттэй. Эрдэс баялгийн бирж байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай талаар тодорхой тоо одоогоор алга.

Ямартай ч үүнд зориулан төсвөөс мөнгө гаргахгүй агаад бирж байгуулахаар шалгарсан түншлэл холбогдох судалгааг хийн, 100 хувь хөрөнгө оруулан, цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх гээд бүгдийг хариуцна гэсэн үг. Биржийн арилжаа зах зээлийн зарчимд тулгуурлах тул төр ямар нэгэн хувь эзэмшихгүй товчхондоо, хувийн компани шиг бүтэцтэй байх юм.
Эрдэс баялгийн биржид санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан нийт арилжааны дийлэнхийг хийдэг. Тэгэхээр банк санхүү, төлбөр тооцоо, даатгал, бас тээвэр ложистик, агуулах, бүтээгдэхүүний чанар “оношлох” гээд олон чиг үүргийг дотоодын аж ахуйн нэгж хариуцаад явах боломжтой аж.
Түншлэл сонгон шалгаруулах тухайд төсвөөс ямар нэгэн мөнгө гарахгүй, шуурхай байдлаар зохион байгуулах боломжтой гэж үзэж буй. Гэхдээ хэдийд бирж байгуулна гэж хугацаа товлох боломж хараахан үгүйг Уул уурхайн яамныхан хэлж байлаа.
ДОТООДЫНХОН МОЛИГОДУУЛАХГҮЙ
Монгол Эрдэс баялгийн биржтэй болчихлоо гэж төсөөлье. Хэдийгээр манай бүтээгдэхүүн эрдсийн агуулга өндөртэй, чанар сайн гэгддэг ч угааж, баяжуулж нэгдсэн нэг стандартад нийцүүлэх ёстой. Ингэж байж үйлдвэрлэлийн технологийн процессын суурь шаардлагыг хангана.
Ялангуяа эрдэс түүхий эд ашигладаг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах ёстой байдаг. Тэгвэл түүхий эд, бүтээгдэхүүний стандартуудыг үе шаттайгаар зах зээлийн эрэлтэд нийцүүлэх байдлаар дахин боловсруулах ажлыг Уул уурхайн яамны зүгээс хувийн хэвшлийнхэнтэй хамтран гүйцэтгэж буй гэнэ.
Нөгөөтэйгүүр, бүтээгдэхүүн чанар хангаж байгаа эсэхийг хянах лабораториуд тодорхой хэмжээнд манайд бий нь сайн хэрэг.
Худалдагч, худалдан авагч тал бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, стандарт, чанарт санал нэгдвэл хэлцэл хийнэ. Тэгэхээр аль аль талынх нь хариуцлага нэмэгдэнэ. Худалдан авагч тал заасан хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнийг авах ёстой.
Нэгэнт л урт хугацаанд бүтээгдэхүүнээ худалдана гэсэн бол нийлүүлэгч тал ч гэрээний үүргээ ханган, стандартад нийцүүлэн, шаардлагуудыг биелүүлэх учиртай.
Тийм хэмжээтэй бүтээгдэхүүнийг, тийм хугацаатайгаар, тийм үнээр авна гэдгээ тохиролцон хоёр тал бие биенээ олж сонгох юм. Хоорондоо санал нэгдвэл нэг удаагийнхаас гадна урт хугацааны (гурав, зургаан сар, нэг жилийн хугацаанд тогтмол худалдан, худалдан авах) гэрээ хийж болно.
Энэ тохиолдолд таваарын ханшийн гэнэтийн савлагаанаас сэргийлэх ач холбогдолтой. Таваарын үнэ хямдарснаас болоод л валютын нөөц дундарлаа гэж суухаа болих биз ээ, манай улс. Зах зээлд үнэ дээшилж, доошлохоос хамааралгүй, нэг адил үнээр бүтээгдэхүүнээ худалдана гэхээр ханш хямдарвал худалдан авагч, эсрэгээрээ бол нийлүүлэгч талд ашигтай байж магадгүй.
Ингэснээр үйл ажиллагаагаа урт хугацаанд төлөвлөх боломжийг аль аль талд нь бий болгох юм.
Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаа зах зээлийн зарчимд нийцнэ гэсэн тул төр засгаас ямар нэгэн захиргаадалтын шинж чанартай, тулгасан, албадсан аливаа арга хэмжээ авахгүй. Аль нэг компани худалдан авагч талаа өөрөө олж, бүтээгдэхүүнээ хангалттай үнэлүүлж чадаж байгаа бол арилжааг заавал Эрдэс баялгийн биржээр дамжуулан хийхийг тулгахгүй аж.
Гэхдээ Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хянах нь мэдээж. Одоо жилд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос дөрвөн тэрбум гаруй ам.долларын орлого олж байгаа бол Эрдэс баялгийн бирж байгуулснаар дээрх тоо хамгийн багадаа 5-10, цаашилбал 40-50 хувиар нэмэгдэх боломжтой хэмээн тооцож буй.
Бирж хэмээх худалдан, худалдан авагч нарыг холбосон, зуучилсан дэд бүтэцтэй болсноор үнэ хаялцан ханш тогтоох учраас тэр. Одоо бол манайханд худалдан авагчаа сонгоно гэсэн ойлголт үгүй, бие биенээсээ өрсөхийн тулд түрүүлж ирсэнд нь уурхайн аман дээрээсээ хэлсэн үнээр нь өгчих тохиолдол бий. Худалдан авагч түншээ олж чадахгүй байгаа учраас тэр биз ээ.
Манай улс гадаад худалдаан дээрээ нэгдсэн нэг цонхны бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа нь эндээс харагдаж буй. Тэгвэл биржтэй болсноор өрсөлдөөн нэмэгдэх тул түүхий эдийн үнэ өснө гэж таамаглаж байгаа гэсэн, Уул уурхайн яамныхан.
Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ нийлүүлчихээд борлуулалтын орлогоо цаг тухайд нь, эсвэл бүр бүгдийг нь авч чаддаггүй тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Эсрэгээрээ буюу хугацаанд нь бүтээгдэхүүнээ нийлүүлдэггүй, чанар нь харилцан адилгүй байдаг зэрэг дутагдалтай. Харин биржтэй болсноор эдгээр асуудлыг нэг мөр шийдэх юм.
Төлбөр тооцоо, даатгалын компаниуд ажиллах учраас төлбөрөө хугацаа алдаж авна гэсэн бэрхшээл гарахгүй болохоор тэр. Нөгөөтэйгүүр, бүтээгдэхүүний үнэ, компаниудын орлого тодорхой болох тул татвар ногдуулах, түүнийг төлөхтэй холбоотой харилцаа ил тод, олон нийтийн хяналттай болно гээд давуу тал олон.
Эрдэс баялгийн биржээр биет арилжаанаас гадна санхүүгийн үүсмэл хэрэгсэл (форвард, фьючерс, опшион) ашиглана. Бас тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагчдыг хооронд нь зуучлах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.
Гадаад орнуудад тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь хайгуулын нөөцийн тайлан, холбогдох тооцоо судалгааны баталгааг биржид гаргадаг жишиг бий. Үүнийг ч хэрэгжүүлж болох аж.
БИРЖҮҮД САЛЖ, БАС “ГЭРЛЭДЭГ”
Одоогоор манайд Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаа явуулж буй. Дээрх биржүүдийг хувьчилж, хувийн менежментээр авч явах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Хэрэв хоёр “ах” биржийг хувьчилбал зах зээлийн зарчмаар Эрдэс баялгийнхтай нэгдэх боломж бий аж.
“Эрдэс баялгийн биржийг байгуулахад манайх авч явж чадна” гэдэг саналаа өгөх боломж ч эдгээр биржийнхэнд байгаа гэнэ.
Ер нь гадаадын бусад улсад хөрөнгийн болон эрдэс бүтээгдэхүүний бирж нь хоорондоо нийлэх, эсвэл салан тусгаарлах нь зах зээлийн зарчмаар шийдэгддэг байна. Мөн Эрдэс баялгийн бирж байснаа зөвхөн аль нэг хатуу ашигт малтмалын төрлөөр (алтны, зэсийн, нүүрсний бирж гэх мэтчлэн) дагнан үйл ажиллагаа явуулах тохиолдол бий аж. Бас хөрөнгийн, эсвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний биржтэйгээ нэгдэн нийлсэн жишээ байдаг гэсэн.
Уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү үнээр худалдах, тээврийн, даатгалын гээд бусад салбарыг дэмжих, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай болох, чанартай бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлбэл улсын нэр хүндэд эергээр нөлөөлөх, өрсөлдөх чадвар нэмэгдэх гээд Эрдэс баялгийн биржтэй болчихвол нэг сумаар нэлээд хэдэн “бай” онох учиртай.
Арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчдад ч амар байх юм.
Ц.БОЛОРМАА