Өдгөө УИХ-д өргөн бариад буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээс урьд ард нийтийн санал асуулга явуулна. Үүний тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд гар хүрэхээр зэхэж буй нь дээс томж, шоргоолж найзыгаа авардаг царцааны тухай үлгэрийг сануулах.
“Царцаа, шоргоолж хоёр”-ыг санагдуулам энэхүү үйл явц цаг хугацааны хатуу хориг, хязгаар дунд тийчилж байх учиртай ч өнөөдөртөө нам гүм байна. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа эхлээд өөрчилье, дараа нь санал асуулгын тов болон яг юу гэж асуухаа тохирч, ойлголцъё гээд хэлэлцүүлгийг нээлттэй үлдээсэн хууль тогтоогчдоос хэл, чимээ одоохондоо алга.
Уг нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэсэн нь уг асуудлаар санал асуулга явуулахгүй ч байж болно гэсэн үг байлтай. Гэсэн ч эрх баригчид энэ талаар ард түмнээс асуухыг илүүд үзэж.
Яг энэ асуудлаар хоёр тийш харчихаад буй олонх, цөөнх ойлголцож, цаг хугацааны хүчин зүйлээ шийдвэрлэж гэмээнэ болохгүй нь ч юу байх вэ. Нөгөө талаас УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа зүйл, заалт бүрээр нь ард түмнээс асуух боломж бий.
Өөрөөр хэлбэл, эрх зүйт төртэй, ардчилсан Монгол Улсад үйлчилж буй бүх хуулийн суурь, тулгуур болсон хуулиа өөрчлөх, эсэх, өөрчлөхөөр бол хэрхэн, яаж гар хүрэх вэ гэдгийг ард түмнээс асуусан ч, эс асуусан ч өргөн бариад буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн агуулгыг олон нийтэд танилцуулах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
Тиймээс энэ удаа дээрх төсөлд засаглал, улс төрийн институц хоорондын харилцаа, хамаарал одоогийнхоос хэрхэн өөрчлөгдөхөөр туссаныг харуулахыг зорив.
Засаглалын сонгодог онолоор бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэртэй байж, харилцан бие биеэ хянадаг байх учиртай. Манай улсыг парламентын засаглалтай гэдэг. Зарим нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэх нь ч бий.
Тэгсэн хэрнээ гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын эрх мэдэл заримдаг маягтай байгаа нь түүнийг хүчгүйдүүлж, тогтолцооны хямрал руу хөтөлж буй талаар Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжигч хэн боловч өгүүлдэг. Юутай ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын аль аль руу нь хутгалдчих гээд байдаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлаж, Засгийн газарт “томрох” боломж олгосон гэмээр зарчмын шинжтэй заалтууд тус төсөлд бийг доорх схемээс харж болохоор байна.
Тухайлбал, Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог боловч УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах хоёр дахь шат бий болгосон, Ерөнхий сайд парламентын өмнө Засгийн газрын үйл ажиллагааг биечлэн хариуцах танхимын зарчмыг тусгасан авч танхимын сайдаа томилох асуудлаар гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, УИХ сайд нарыг хүн тус бүрээр хэлэлцэж, томилох, эсэхийг санал хурааж шийдэж байгаа нь гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг алдагдуулахад хүргэж байна гэж төсөл санаачлагчид үзэж буй.
Мөн УИХ улс орны дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэхдээ гүйцэтгэх эрх мэдэлд хамаатай зарим асуудалд гараа хэт гүн дүрж, Засгийн газрын үүрэг, хариуцлагыг сулруулж байгааг ч үндэслэл болгожээ.
Үүнээс гадна ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Ерөнхийлөгчид байх бэлгэдлийн гэмээр эрхүүдээс гадна Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөх гэхчлэн гүйцэтгэх эрх мэдлээс чамгүй хуваалцаж байгаа талаар ч дурдсан байна.
Үндсэн хууль тойрсон маргаан хэдийнэ эхэлсэн, хүчээ авч байна. “Ард нийтээс асуух, эсэх нь ч тодорхой болоогүй байхад парламентын эрх мэдлийг зарим талаар хязгаарлаж, Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгохооргүй байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн хэрэг.
Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль зөрчиж байна” гэж харилцан адилгүй байр суурь илэрхийлээд эхэллээ. Тиймээс төсөлд энэ хүрээнд чухам ямар нэмэлт, өөрчлөлт тусгаад буйтай танилцаарай.
Б.НОМИН
