Спикер УИХ-д суудалтай намууд болон гишүүдээс ирсэн хүслийн жагсаалтыг хүлээн авсаар байтал тэр нь дөрвөн хувилбараар тоологдох болжээ. Энэ дөрвөөс зайлшгүй чухлуудыг нэгтгэн илгээсэн эздэд нь хүсэлтийн хариуг барих учиртай. Хууль ёсоор ирэх арванхоёрдугаар сард багтаан Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах ёстой бөгөөд тэр болтол нэг сар хүрэхгүй хугацаа үлджээ.
Монголын сонгууль бол илбэ. Хүн энэ насандаа “дахин төрж”, парламентын танхимд төрөл арилжих үзүүлбэрийг сонгуулийн дараа харж болно. Заримыг нь оймсны цоорхойгоор дамжин УИХ-д суулаа гэж шүүмжилж байгаа ч хуулийн боломжийг ашиглавал сэтгэцийн өвчтөнүүд, халаасны хулгайч нар ч Төрийн ордноо заларч дөнгөнө.
Үүний адил ид шид сонгуульд өөр нэг байдаг нь түүнийг зохицуулдаг хууль дөрвөн жил тутам шинэчлэгдэн батлагддаг явдал. Тиймээс уг хууль “мөнхийн залуу хатагтай” л гэсэн үг. “Хатагтай” ээлжит хагалгаандаа ирэх сард орох гээд яаруу ч байна.
Сонгуулийн тухай хуулийн төсөл гэх ажил хэрэгч нэртэй хүслийн дөрвөн жагсаалтыг хэлэлцэхээр өнгөрсөн баасан гаригийн чуулган алга таших нь халаг хүлээн авсан билээ.
Гэвч нэгдсэн баримт бичиг болгох чимхлүүр ажил амжих нь эргэлзээ төрүүлэх үйл явдлын эхийг өчигдөр МАН-ын бүлэг хатгаж, Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй гэдгээр Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хаяв. Тэд хойшид энэ мэтчилэн Сонгуулийн нэгдсэн хуулийг хойш татах цаг хугацааны шахаа үзүүлэх магадлалтай.
Дөрвөн хувилбар гэдэгт:
Нэгдүгээрт, АН-ын 28:48 хувилбар. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт парламентад суудалтай бүх намыг төлөөлсөн 19 гишүүн оролцож, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалж, түүний нэрээр овоглож байгаа. Уг хувилбар УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн, нийслэлийн сонгуулийг нэгтгэж, эрх зүйн зохицуулалтад нь маш олон өөрчлөлт оруулахаар тусгасан нүсэр ажил болоод буй. Сонгуулийн маргаан шийдэх хугацаа тодорхойгүй байсныг 60 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан, дахин болон нөхөн сонгуулийн товыг тодорхой хуульчлах оролдлого хийснээрээ онцлогтой. Түүнчлэн гартаа хуруутай л бол иргэний үнэмлэхгүйгээр санал хураалтад оролцох боломжийг нээжээ. Сонгуулийн хэсгийн хороодыг төрийн албан хаагчдаар бүрдүүлэх заалт оруулжээ.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хувилбар. Тэдний төсөл төрийн үйлчилгээний албан хаагчдад нэр дэвших эрхийг нь олгох буюу ажлаасаа чөлөөлөгдөж байж сонгуульд дэвшдэг байсныг өөрчлөхөд чиглэжээ.
Гуравдугаарт, МАН-ын 28:48 хувилбар. АН-ынхтай адил харьцааны цаана арай өөр зүйлсийг сөрөг хүчин өгүүлж буй. Су.Батболд тэргүүтэй зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гол шинэчлэл нь нам биш хүн сонгох тогтолцоонд анхаарал хандуулсан байна. Тойргоос сонгогдох 48 гишүүнээ нэг мандат, нэг тойрог гэж үзэх саналыг тэд дэвшүүлжээ. Харин 28-ын хувьд одоогийн хуулийн зарчмаар намын жагсаалтаар орж ирэх пропорционал хувилбар. УИХ-ын 48 тойргийг байгуулахдаа аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн
амын тоо, засаг захигаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалтыг харгалзах, сонгуулийн хороодод АН-ын хувилбараар дан төрийн албан хаагчдыг бус, улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцоотой ажиллуулахаар заажээ. Түүнчлэн саналыг машинаас гадна гараар тоолж баталгаажуулах санал нэмэгдсэн байна. Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг тусад нь явуулахыг МАН-ынхан санал болгоод буй нь АН-ын төслийн үзэл баримтлалтай нэлээд хол зөрж байгаа юм. Мөн сонгуулийн сурталчилгаатай холбоотой сонин санаануудыг ч төсөлд багтаажээ. Тухайлбал, сурталчилгааны хугацааг 14 хоног болгож богиносгох, тойрогт дэвшигчдийн материалыг төрийн зардлаар хэвлүүлэхээр “гэдийх” нь тодорхой болж байна.
Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан 38:38. Энэ нь 26 тойргоос 38 хүн, үлдсэн нь намын жагсаалтаар сонгогдох хувилбар. Монгол Улсыг нэг тойрог болгоод намуудын жагсаалтад бичигдсэн хүмүүсийг сонгогчдын саналаар эрэмбэлж, хамгийн олон санал авсан 38 хүнийг УИХ-д сонгохыг тэрбээр санал болгожээ. 43 хоног сурталчилгаа явуулах, тойргийн хороодын 75 хувь нь намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байх зэргийг төсөлдөө тусгаад байгаа юм.
Хүслийн жагсаалтын тав дахь буюу эцсийн хувилбар ямар байхыг олон нийт анхааралдаа авлаа. Гэвч УИХ-ын Байнгын хороодоор энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаагүй нь гайхалтай. Үндсэн хуулийг шинэчлэх аварга том ажилтай зэрэгцсэн тул даахгүй нохойн үлгэр болох вий гэсэн болгоомжлол бодитой оршиж байна. Дөрвөн хувилбарыг нэгтгэх, боловсруулан сайжруулах нүсэр ажил Р.Бурмаагийн өмнө цаг давчдуулан хүлээлээ. Цагийн зүү чагхийх нь хүртэл Р.Бурмаад түгшүүрийн харанга мэт сонсогдоосой.
Ямар хувилбарыг сайн гэх вэ. Ухаантай улстөрчид олон янзын тодорхойлолт хэлж чадна. Сонгуулийн хуулиар улс төрийн намууд хэлэлцээний ширээнд дахин суух онцгой шаардлага гарлаа. Н.Батцэрэг гишүүний хэлсэнчлэн ядаж гурван сонгууль үздэг хуультай болох ард түмний хүсэл, хүлээлт бий юм. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн адил ганцхан сонгуулиар хөгширч гунддаг, дөрөвхөн жил наслаад өтөлдөг хууль дахин мэндэлбэл хэцүү еэ.
Б.ЭНХЦЭЦЭГ