Сэтгүүл зүй гайхалтай хурдтай байна, гэхдээ аймшигтай. Болор минь биднээс үүрд явсан харууслын мэдээг ямар аймшигтайгаар сонсов. Бусдын гарт… утасны дэлгэц бүрэлзээд уншиж болсонгүй. Гарчиг харах төдийд л Сараа эгч рүү, дараа нь Цацаа руу залгалаа…
Кино үзэн инээлдэх хүүхдүүдээ үймүүлэхийг хүссэнгүй. Нөхрийнхөө чихэнд аймшигт мэдээг шивнэж хэлчихээд угаалгын өрөөндөө ороод хаалгаа түгжлээ. Цацаатай дахин ярилаа. “Алигэрмаа утсаа авахгүй, таслаад байна, сэтгүүлийнхэнтэй нь холбогдлоо”... Гашуудан уйлах түүний яриа сайн ойлгогдохгүй байлаа. Тэгтэл “Өнөөдөр” сонины Цоомоо залгаж байна. “Энхмаа эгч ээ, тайван байгаарай. Сайтуудаар яваад буй мэдээ шиг аймшгийн зүйл болоогүй байна. Даралт, харвалт өгсөн гэнэ. Бага охинтойгоо хоёулаа л байж, онцгойгийнхон хаалгыг нь эвдэж оржээ. “Өнөөдөр”-ийнхөн маргааш очихоор ярилцлаа, та хэд….” Гашуудлын ийм мэдээ тайвшрал авчирч байна гэхэд итгэмгүй. Жаахан уужрав. Ингээд бид “Улаанбаатарын сонин”-ы редакцид уулзахаар болзлоо. Яагаад ийм юм болчив, яагаад ийм эрт, яагаад ийм залуухан тэр минь, яагаад заавал Болор… Бид яах ёстой вэ, хаачих вэ, хэнтэй ярих вэ, тэгээд Алисиа яахын бэ… Яагаад, тэгээд яахын…
Н.Сарангэрэл, Б.Цацрал, Н.Оюунчимэг, Т.Чимгээ эгч, Г.Сүхбаатар ах, Б.Болортуяа, Т.Одбаяр… Нэгэн цагт “Өнөөдөр”-т ажиллаж, зүтгэж асан анд нөхөд, цэргүүд нь яах учраа олохгүй л цуглацгаалаа.
1998 оны хавар “Өнөөдөр” сонинд дадлага хийхээр очиход Болорын дадлага эхлээд сар гаруй болсон байлаа. Тэгж анх харсан. Эгч байж магадгүй, гэхдээ олон эгч биш байх. Чи, чиний, чамайг гээд ярилцдаг боллоо. Дадлага дуусаж, дараа нь сургуулиа ч төгслөө. “Өнөөдөр” сонинд ажиллана гэж зүтгэсээр намайг очиход Болор хэдийнэ оччихсон, ажиллаж байлаа. Бид хоёр Эдийн засгийн мэдээллийн албанд, сэтгүүлч Алтангэрэлийн Мягмаржав эрхлэгчийн цэргүүд болж, тохой залган суудаг боллоо. Шинэков надад хүнээс асууж зөвлөх, гуйх зүйл бишгүй л тохиолдоно. Хамт очсон Болорт шинэковын шинж тэмдэг илрэхгүй байгаа нь илт байлаа. Энэ охин мундаг юм аа, ямар сайн бичдэг юм бэ, хэн тусалдаг юм бол… гэхчилэн хардана. Ингэж ойр мөртөө хол ч юм шиг бидний харилцаа эхэлсэн.
Нэг өдөр Болор “Энхмаа би чамаас зөндөө эгч, энэ миний охин” гээд шүдэлж байгаа бололтой эмсгий, хөөрхөн инээдэг жаахан охины зураг үзүүллээ. Б.Алигэрмаа гэдэг аж. Том том цэцгэн дунд авахуулсан зургууд содон гэж жигтэйхэн. Нээрэн, түүний кофе уудаг аяга, гэрийнх нь гоёмсог шилэн хоргонууд, ханын цаас, номынх нь хуудсууд, хувцасны гоёл, “Майнинг журнал” сэтгүүлийнх нь лого, редакцийнх нь ханын зургууд, зарим даашинз, хүзүүний алчуур… Бүгд гоёмсог том том цэцэгтэй. Болор минь цэцгэнд ямар дуртай байв аа. Түүн шиг цэцэгсэг хүнийг ховор мэдэх билээ.
Түүнийг ийн эгчирхэхэд нь би “Чи гээд зөндөө удлаа, бүр сурчихлаа. Чи чигээрээ л байя, тийм ээ” гэхэд үл мэдэг мушилзсан нь зөвшөөрсний дохио. Олон үг хэлэхгүй, цөөхөн дуугарахдаа голтой, үйл хөдлөл, хөдөлгөөнөөрөө санаа бодлоо илэрхийлдэг гайхалтай мэдрэмжтэй, чадалтай, боловсролтой, бидэндээ үлгэр болсон, тохой өндөр сэтгүүлч. Эдийн засаг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн символ байсаан, чи. Лунтангийн Болормаа юу гэж дуугарах нь вэ, бичих нь вэ гэж чих тавин хүлээдэг туг нь байсаан, найз минь чи. “Өнөөдөр” сонины редакцид хамтдаа 12 жил ажиллахад тулах, түших багана минь байсаан, чи. Эрээвэр хураавар олон баримт дунд нүд эрээлжлэхэд чиглүүлэгч луужин минь байсаан, чи. Даанч дээ, тун чиг харамсалтай байна.
Найз нөхөд бидний төрсөн өдрийг төсөрхөн атлаа ямар чамин ганганаар хийдэг байв, шинэ жилийн гацуурыг ямар дэгжин засдаг байв, Бичсэн нийтлэл, хэлсэн үг, өмссөн хувцас, сонгосон эдлэл… Бүгд Лунтангийн Болормаагийнх гэж шууд мэдрэгдэх, танигдах өөрийн өнгө төрхөө чи нэгэнт тод үлдээжээ.
Л.Болормаа, Н.Сарангэрэл, Б.Цацрал, Б.Энхцэцэг, Р.Эмүжин, Ш.Даваадорж, Д.Заяабат, А.Баасандорж… бид баяртай, гунигтай, дуутай, нулимстай цөөнгүй он жилийг хамтдаа үджээ. Хадаас материал бэлтгэхийн төлөө гэсэн ганц уриатай, “Өнөөдөр” сониноо шилдгийн шилдэг байлгахын төлөө уралдаж ажиллаж байлаа, бид. Өнөөдөр тус тусдаа өөр өөрсдийн замаар одсон ч бид биесээ үгүйлж л байгаа. Үгүйлэхээс аргагүй үе тэнгийнхэн билээ, бид. Энэ өдөр та нарыгаа бүгдийг нь санаж байна, маш их.
Арван жилийн ангийн анд чинь хэлсэн, онц сурлагатан байсныг. Улаан шугамны урд гишгэж Москвад сурахаар томилолт өвөртөлсөн шигээ Болор минь сэтгүүл зүйн салбарынхаа улаан шугамны урд туг болон мандаж байсан юм шүү.
Чиний минь Монголын шинэ сэтгүүл зүйд татсан шан, тогтоосон жишиг хэзээ ч балрахгүй ямар тод билээ дээ. Чи минь хонгорхон хоёр охин, ховорхон хоёр ном үлдээлээ дээ.
Чиний хамгийн дуртай баяр, шинэ жил айсуй. “Майнинг журнал” сэтгүүлийн редакцид бид яг одоо байна. Ширээ, сандал, бал, дэвтэр, гарын тос, аяга халбага... орхиод гарсан бүхэн чинь яг хэвээрээ. Засахаар зэхэж байсан бололтой гацуур мод чинь ойрхон харагдсан.
Шинэ жилийн үдэш вальс эргэхийг мөрөөдөж бүжгийн дугуйланд явж эхэлснийг охиноос нь сонсоод зүрх шимширлээ. Болор минь чи үргэлж завгүй, тайван алхаж байсныг чинь цөөхөн харсан. Дэрвэгэр даашинзныхаа хормойг дэрвүүлэн гүйж буй мэт л алхдаг сан.
Бурхан чамайг минь дуудаж, түүнд сэтгүүлч хэрэгтэй болжээ, тэгэхдээ бүр шилдгийн шилдэг нь хэрэгтэй болж дээ гэж сэтгэлээ тайтгаруулъя. Бурхан чамайг минь завтай байлгана гэж итгэнэ. Завтай болохоороо ойн цоорхойн байшинд тухалж кофе уугаад зохиол бичнэ гэж ярьж асан чинь тодхон. “Ойн захын бяцхан байшин миний мөрөөдөл. Яаран үсчих завгүй хэмнэлээсээ зугтаан нуугдах орон зай. Түүнийгээ би босгоно оо. Өөрийнхөө дурласан загвараар, ил галынхаа тухай бодон байж, алсыг харах зуурт цонхон дор минь цэцэг саваагүй хийсэх яг тэр орчныг босгоно. Давирхай үнэртээд, зөгий залхуутай дүнгэнэхэд нь хөл нүцгэн шал пал гээд, толинд өөрийгөө харах ч үгүй, утас салгаатай, зурагтыг мэдэхгүй, ойн захын жижигхэн байшиндаа сэгсийчээд сууж байвал сайхан аа…” гэсэн сэн. Чи минь зохиолоо заавал бичээрэй.
Чиний эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлэхээ хамт олон, анд найз нар нь энэ өдөр андгайлж байна. Болор минь үйл хэргээрээ биднийхээ сэтгэлд мөнхөд орших болно. Чамайг минь бурхан ивээг.
Ц.ЭНХМАА