2015 оны Дэлхийн хэвлэл мэдээллийн тав дахь удаагийн мониторингийн дүнг энэ сарын 23-нд олон улсад нэгэн зэрэг танилцуулжээ. Хэвлэл мэдээлэл дэх жендрийн тэгш байдлын асуудлаарх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн том, бас тогтвортой уг судалгааг таван жилийн давтамжтай явуулдаг бөгөөд энэ онд 114 орны хэвлэл мэдээллийн 22 мянга гаруй хэрэгслийг хамруулсан байна. Энэ талаар Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторинг төслийн Үндэсний зохицуулагч Л.Өнөржаргалаас тодрууллаа.
-Монгол Улс энэхүү судалгаанд анх удаа хамрагдаж, өөрийн орны тайлангаа дэлхийн статистик мэдээнд багтаасан гэл үү. Энэхүү судалгааны зорилго, ач холбогдол нь юу юм бол?
-Энэ бол улс орнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ гаргаж буй мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн нэг өдрийн агуулгыг нэгдсэн аргачлалаар хэмжиж, тэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэр эрх тэгш, шударга хандаж байгааг харуулах зорилготой судалгаа юм. Энэхүү олон улсын судалгааны дүнг жендрийн тэгш байдал, шударга ёсыг хангах нөлөөллийн үйл ажиллагаанд ашигладаг. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд редакцынхаа бодлогод жендрийн төлөөллийг тэгш тусгаж, дуу хоолой нь сонсогддоггүй нийгмийн хэсэг бүлэгт боломж олгох хэрэгтэй гэдгийг олж харах явдал өөрөө их чухал. Түүнчлэн сэтгүүлч, сурвалжлагч нар ч өөрийн бэлтгэсэн нэг өдрийн мэдээ мэдээлэлдээ хэдэн эрэгтэй, эмэгтэй эх сурвалжтай ярилцав, тэдгээр нь ямар насны, ямар ажил мэргэжлийн хүмүүс байдгийг анзаарч эхлэх юм. Ингэснээр тухайн улс орны төрийн эрх баригчдад, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, нөлөөлөх боломж бүрдэнэ.
-Манай улсын хувьд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлагад эмэгтэйчүүдийн төлөөлөл ба дүр төрхийг хэрхэн тусгадаг гэсэн дүн гарав. Үүнийг бусад оронтой харьцуулахад ямархуу дүр зураг бууж байх юм. Бас нууц биш бол ямар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “сайн” дүн авав?
-Энэ нь олон улсын аргачлалаар хийсэн судалгаа бөгөөд нууц зүйл огт байхгүй. Хүсвэл та цахим хуудсаар нь ороод аргачлал, оролцогч орнуудын тайланг үзэж болно. Монгол Улс энэхүү судалгаанд анх удаа хамрагдаж, үндэсний хэмжээнд хамгийн олон үзэгч, уншигч, сонсогчтой хэвлэл мэдээллийн 19 байгууллагыг сонгон, мэдээ мэдээллийн агуулгад нь судалгаа хийхэд тэдгээрт 463 хүн дурдагдсаны 100 нь эмэгтэй байв. Энэ үзүүлэлт Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны бэлтгэж буй нэг өдрийн мэдээний 21 хувийг эмэгтэйчүүд, 79 хувийг эрэгтэйчүүдийн дуу хоолой эзэлж байна гэсэн үг. 2015 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хүмүүсийн дунджаар 24 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь таван жилийн өмнөхтэй яг адилхан байна. Уг нь эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзэлдэг биз дээ. Өөр нэг сонирхолтой дүн бол манайд 100 орчим эмэгтэйн дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэлээ гэхэд тэдний 16 хувь нь гэр бүлийн статусаараа буюу тэрний ээж, эхнэр, эгч эсвэл охин гэдгээрээ нэрлэгдсэн байсан. Харин эрэгтэйчүүдийг гэр бүлийн статусаар нь нэрлэх нь харьцангуй бага буюу найман хувьтай байх юм.
-Та бүхэн судалгааны дүнгээ олон нийтэд танилцуулсны дараа юу хийх вэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцын бодлого ч юм уу, эсвэл тэдний бэлтгэдэг мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжлагын агуулгыг өөрчлөхөд танай судалгааны дүн нөлөөлөх боломж хэр вэ?
-Бид судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн 19 байгууллын төлөөлөлд дүнгээ танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцлоо. Хамтарч ажилласнаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүд яагаад ийм цөөн гардаг шалтгааныг тодорхойлж, тэдний дуу хоолойг хэвлэлээр гаргахад нөлөөлөх ажил хийж болно. Юутай ч тайлангаа англи, монгол хэлээр хэвлүүлж, түгээгээд, дараа нь төлөвлөсөн ажлуудаа шат дараатайгаар хэрэгжүүлнэ дээ.
-Эмэгтэйчүүд ихэвчлэн гэрийн эзэгтэй, ээжийн үүргээр дурдагддаг гэлээ. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуу хоолойгоо хүргэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх нь гэр бүл, нийгэм, улс оронд ямар ач тустай вэ?
-Хэрвээ хэвлэл мэдээлэл нийгмийн бүлгүүдэд адил тэгш хандах ёстой юм бол яагаад дуу хоолой нь нийгэмд сонсогддоггүй тийм “үл үзэгдэгч” хэсэг бий болчихов гэж асуух хэрэгтэй болж байна. Хэвлэл мэдээлэл нийгмийн бүх давхаргынхныг нас, хүйсээр нь ялгахгүй, дуу хоолойг нь эрх тэгш хүргэх асуудал бол явж явж сэтгүүл зүйн нэг чухал үүрэг, хариуцлага. Харин саяны судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн энэ хандлага эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд тохиромжтой биш гэсэн хэвшмэл ойлголтыг өөгшүүлээд байна. Энэ нь мөн эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр л голдуу тодорхойлдог патриархат хандлагыг улам лавшруулна. Гэтэл бодит байдал дээр мундаг, чадварлаг эмэгтэй их олон бий. Тэгээд ч эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтарч шийдвэр гаргах юм бол ажлын бүтээмж 30 хувиар өсдөг гэсэн судалгааны дүнг өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн форум дээр танилцуулсан шүү дээ.