Уул уурхайнхны дуу сул байна. Үнийн халуурлын супер цикл төгсөж, алдагдалтай ажиллаж эхэлсэн нь тэдний хоолойг сөөнгөтүүлсэн хэрэг. Ганц Монгол ч биш, уул уурхайн түүхий эдийн орлого эдийн засагт нь ашиг тусаа өгдөг орон, үндэстэн дамнасан корпорацууд шаналж байна. Австрали, Индонез улс, “BHP Billiton”, “Rio Tinto” корпорац гээд тэдний нэрс цааш хөвөрнө.
Монголтой зэргэлдээх Казахстан хүртэл газрын тосны үнэ унаснаас шалтгаалан манайхтай адил зовлон эдлэв. Валютын хомсдолд орж, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш 25 хувиар суларлаа. Уул уурхайн том компаниудынхаа “амийг аврах”-ын тулд Төвбанк хувьцааг нь худалдаж авч байна. Манай Төвбанк компанийн хувьцаа худалдаж авсан бол яах байсан бэ. Бодоход ч ээдрээтэй.
За энэ ч яах вэ. Саяхан BBC сувгаар олон улсын зах зээлийн шинжээчид дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тэд “Хэдүүлээ Си Зиньпинээс эдийн засгаа өсгөх бодлого баримтлаач гэж гуйх уу” гэж хошигносон гэнэ.
Үнэхээр ч дэлхийн уул уурхайн, ялангуяа зэс, нүүрс, төмрийн хүдэр нийлүүлдэг компаниуд Хятадыг эдийн засгаа өсгөөч гэж гуйхдаа тулсан. Даанч хүчирхэг луугийн тав дахь үеийн удирдагч Си өөр бодолтой байгаа. Тэр эдийн засгийнхаа хөөсийг хагалж, хөрсөнд буулгах чигийг хөдөлбөргүй баримтлах нь гарцаагүй.
Төрийн эрх барих сүүлийн таван жилдээ, үгүй ядаж гуравт нь эдийн засгаа өсгөх болов уу гэсэн найдлага түүнд тавьж буй хэсэг бүлэг бий. Гэвч хэрхэхийг өдгөө хэн ч тааж мэдэхгүй.
Супер циклийн үеийн авдар дүүрэн ашгаа дурсан санагалзагсад Энэтхэгийг дараагийн боломж гэж хардаг. Тус улс 1.2 тэрбум хүн амтай, аварга том зах зээл. Гэвч Хятад шиг юуг ч залгиж мэдэх “ёроолгүй сав” болж дэвтэх шинж огт үгүй.
Түүхий эдийн ханшийг төсөвт тусгаснаар авав. Ханшийг төсөвт тусгахдаа олон улсын санхүүгийн байгууллага болон шинжээчдийн төсөөллийг харгалздаг билээ. (тонн, ам.доллараар)
Тэгэхээр уул уурхайнханд Хятадын нөхцөлд байдалд үйл ажиллагаагаа тохируулахаас өөр сонголт үгүй бололтой. Түүхий эдийн ханш өстөл тэсэж үлдэхийн тулд компаниуд үйлдвэрлэлийн өртгөө бууруулах сорилттой тулгарч байна. Зардлаа бууруулж чадсан нь зах зээлийн шамаргыг гэтэлж гарна.
Урд хөрш 2011 онд найман сая тонн зэс, 2012 онд 289 сая тонн коксжих нүүрс, 2013 онд 820 сая тонн төмрийн хүдэр хэрэглэж дээд амжилт тогтоож байжээ. Луугийн их хэрэглээ түүхий эдийн үнийн супер циклийг ийн үүсгэсэн. Тэдний хэрэглээ хязгааргүй мэт тэлж байх үед дэлхийн зах зээлд тонн зэс 10 мянга, нүүрс 300, төмрийн хүдрийн үнэ 120 ам.долларт “шүргэж” байлаа.
Тухайн үед тээвэр ложистик сул хөгжсөн манай улс тонн зэсийг 7900, баяжуулсан төмрийн хүдрийг 102, угаасан нүүрсийг 148, түүхийг нь 54 “ногоон”-оор тооцож төсвөө бүрдүүлж байв. Харин одоо манайхан тонн зэсийг 5000, төмрийн хүдрийг 54, баяжуулсан нүүрсийг 56, түүхийг нь 35 орчим ам.доллараар борлуулж байна.
Мөн газрын тосыг 2012 онд 94.1 ам.доллараар борлуулж байсан бол өдгөө 48.7 болж хямдарчээ. Гэсэн ч экспортын хэмжээ нь хоёр дахин нэмэгдсэн учраас орлого нь буураагүй юм. 2012 оныхтой харьцуулахад нүүрс болон жоншны экспорт 40, төмрийн хүдрийнх 30 хувиар буурав. Уул уурхай уруудаж байна.
Энэ салбар 2012-2014 онд дунджаар нэг тэрбум төгрөг улсын төсөвт оруулжээ. Харин энэ жил 882 саяыг оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг дангаараа соронзоддог энэ салбар сонирхол татахаа больсноор эдийн засгийг “эмзэг” болгосон.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Хятадын улс төрийн бодлогоос шалтгаалан эрдэс түүхий эдийн үнэ 40-60 хувиар унаснаар уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө буураад байна” гэж тайлбарлав. Тухайлбал, Хятад улс энэ оны эхний 10 сард нийт 170.31 сая тонн нүүрс импортолжээ.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 72.64 сая тонноор буюу 30 хувиар буурсан үзүүлэлт. Хэн ч тоож амьдрахгүй хот босгоход үйлдвэрлэлээ дайчилж, түүхий эдийг хэдэн сая тонноор нь сорж байсан хийрхэл нь зогссоны илрэл энэ.
Монгол Улсын төсвийн орлогын 20 хувь нь уул уурхайн салбарт хамаатай. Ингээд бодохоор уул уурхай эдийн засгийн тулгуур болсныг түвэггүй ойлгоно. Мөнөөх тулгуур нь нурж буйг ч ухаарна. Уг салбарт “Эрдэнэт”, “Оюутолгой”, МАК, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Болдтөмөр Ерөө гол” компаниуд овгор нь. Зэсийн баяжмалын ханш 5000 “ногоон”-оос доош унасан тул “Эрдэнэт” үйлдвэр өртгөө бууруулах бүх арга хэмжээг авч байна.
“Оюутолгой” компанид ч өртгөө бууруулах шаардлага тулгарсан. Зөвхөн ил уурхайгаа ашигласаар байвал “Оюутолгой” компани тун удахгүй алдагдал үүрнэ. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр шамдаж байна. Далд уурхайн зэсийн агууламж өндөр учир бага өртгөөр өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой юм.
Уул уурхайн салбар унаж байхад “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлж буйг учир мэдэх хүмүүс завшаан гэж тэмдэглэж байгаа. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхан “Ийм уналтын үед “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан нь сайн хэрэг гэж гадаадын түншүүд дүгнэж байна” гэж ярьсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхийн уурхайгаасаа нүүрс экспортолж байгаа. Тэднийх 3.3 сая тонн нүүрс Хятадад нийлүүлжээ. Харин “Энержи ресурс”, МАК компанийн экспорт хэрхэж буй мэдээлэл тодорхойгүй байсан. Тэгвэл Ашигт малтмалын газрынхан энэ оны эхний 10 сарын байдлаар 1.3 сая тонн баяжуулсан нүүрс экспортлоод буйг мэдээлжээ.
Мэдээж манай улсад “Энержи ресурс”-ээс өөр угаасан нүүрс нийлүүлдэг компани байхгүй. Тэгвэл МАК компанийн Худалдааны газрын захирал Д.Далайбаяр 2.6 сая тонн нүүрс экспортлоод буйгаа дуулгалаа. Нүүрсийг авто замаар тээвэрлэж экспортлох зардал өндөр тул манай компаниуд Хятадын зах зээлээс аажимдаа шахагдаж байна.
Хойд Хятад буюу Өвөрмонголын үйлдвэрүүдэд нүүрсээ өчүүхэн бага ашиг шингээн борлуулж байгаа. Үнийн хөөс хагарахаас өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа тавьж чадсан бол байдал арай ондоо байх байлаа. Нүүрсний тээврийн зардал 10 ам.доллараар багасах байв. Нүүрснийхэн өртгөө бууруулах ганц арга нь төмөр зам тавих.
Хятадын эдийн засаг халдаггүй юм гэхэд бүлээцэхгүй удна гэж таамаглаж байна. Ямартай ч төмрийн хүдэр, нүүрснийхний байдал дээрдэхгүй нь бололтой. Харин шинээр нэвтэрч буй технологиудыг зэсээр бүтээж буй нь “шар металл”-ын үнийг өсгөнө гэсэн төсөөллийг бий болгов. Мөн дэлхийд үүсээд буй “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хурцадмал байдал алтны үнийг өсгөнө гэж шинжээчид таамаглаж байна.
Үнэндээ эрдэс түүхий эдийн үнэ ханш хэзээ, хэрхэхийг тааварлах боломжгүй. Төсөөлөл дандаа үнэн байдаггүй. Эдийн засагчид Хятад дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэдэгт харин бат итгэлтэй байгаа. Хятадын эдийн засаг аядуухан өссөөр оройд нь гарна гэж тэд тооцож буй. Иймээс уул уурхай урт хугацаанд Монголын эдийн засгийг тулсаар байх нь дамжиггүй.
Т.ЭНХБАТ