Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтмол уруудаж, цаа-шид ч өсөх төлөвгүй энэ үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллах, юуг, яаж хэмнэхээ тайлагналаа. Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ч тус үйлдвэрийнхэн энэ оны эхний 10 сард төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ашигтай ажиллахын төлөө бүх нөөц бололцоогоо шавхаж буй гэнэ.
Үр дүнд нь 2013 оны эхээр 6625 ам.доллараар тооцож байсан зэс үйлдвэрлэх өртгөө энэ оны эхний есөн сард 5035 “ногоон”-д хүргэн бууруулжээ. Үүнээс гадна өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг сая тонноор их хүдэр боловсруулсан, 14.3 сая тонн зэсийн, 868.6 тонн молибдений баяжмал илүү үйлдвэрлэсэн амжилт үзүүлсэн байна.
Бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулах боломж эрэлхийлж, импортыг орлох бараа, материал өөрсдөө үйлдвэрлэх нь хямралыг давах тэдний гол түлхүүр гэнэ. Үүний дагуу бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулж, хэмнэх зорилгоор техник технологио шинэчилж эхэлжээ.
Энэ талаар үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Хямралын үед ажилчдаа цомхтгохгүй, цалинг нь бууруулахгүй байх бодлого барина. Харин аль болох бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах юм. Эдийн засгийн хэлтсийнхний судалгаагаар тонн зэсийн үнэ 4500 ам.доллараас хямдарвал “Эрдэнэт” үйлдвэр ашиггүй, алдагдалтай ажиллана.
Үнэндээ бол өнгөрсөн хоёр жилд сайн хэмнэсний дүнд үйлдвэр өдгөө ашигтай ажиллаж байгаа. Нэгэнт бид зах зээлийг зохицуулж чадахгүй учраас түүнд таарсан арга хэмжээ авна. Ирэх сарын 1-нээс Монгол, Оросын эдийн засгийн шинжээчид хамтарч манайд ажиллана. Тэдний дүгнэлтээр бид 2016 онд ямар төлөвлөгөөтэй ажиллахаа тогтоно” гэсэн юм.
6000 гаруй ажилтан, ажиллагсадтай тус үйлдвэр юутай ч цомхтгохгүй, цалин бууруулахгүйгээр хэмнэж болох гарц хайж байгаа гэнэ. Энэ чиглэлээр цөөнгүй судалгаа хийж буй юм байх. Гарц олж чадна гэдэгт итгэлтэй буйгаа үйлдвэрийн удирдлагууд дуулгасан.

Хэдийгээр зэсийн үнэ тогтмол хямдарч, өнгөрсөн онтой харьцуулахад 1201.3 ам.доллараар буурсан ч үйлдвэр энэ оны эхний 10 сард 893.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Мөн компанийн хөрөнгөөр бараа, ажил, зээлийн үнийг судалж, хямд, чанартайг нь сонгох болсноор өнгөрсөн хоёр жилд нийт 53.8 тэрбум төгрөг хэмнэсэн гэнэ.
Зэсийн үнэ буурсан төдийгүй түүхий эд, эрчим хүчний үнэ, валютын ханш өссөөр буй ч тус үйлдвэр энэ онд 15.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олжээ. Борлуулалтын орлогынхоо 30-40 хувийг улсын болон орон нутгийн төсөвт өгдөг тус байгууллага энэ оны эхний 10 сард 239 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Өнгөрсөн хоёр жилд энэ үзүүлэлт нийт 991 тэрбум төгрөг байв.
“Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станц жилд 28 тэрбум төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэдэг. Тэд өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлэж буй нь бас нэг хэмнэлт аж. Станц нь өөрийн хэрэгцээг хангахаас гадна РСЦ компани, Геологи хайгуулын анги, Засвар механикийн завод, “Шим технолоджи”, “Эрдмин” компанид эрчим хүчээ түгээдэг байна.
Тус станцын хүчин чадлыг 48 мВт-аар нэмэхээр өдгөө зураг төслийг нь гүйцэтгэж байгаа гэнэ. Ингэснээр үйлдвэрийн нийт хэрэглээний 50 хүртэл хувийг нийлүүлэх юм байна. Станцын одоогийн хүчин чадал нь таван мВт.
ГАН БӨӨРӨНЦГИЙН ӨРТГИЙГ 33 ХУВИАР БУУРУУЛАВ
Техник, технологио шинэчилж, бүтээгдэхүүний өртгөө бууруулах зорилго тавьсан “Эрдэнэт” үйлдвэр Ган бөөрөнцөг цувих цехээ өргөтгөжээ. Тус цехийн нүүрс хийжүүлэх зуухыг өнгөрсөн даваа гаригт ашиглалтад оруулав. Шинэчлэлийн хүрээнд ган бөөрөнцгийн бэлдэц халаах зориулалттай, дизель түлшээр ажилладаг зуухаа нүүрс хийжүүлэх зуухаар сольжээ.
Ингэснээр нэг тонн ган бөөрөнцгийн өртгийг 33 хувиар бууруулах гэнэ. Үүнээс гадна дизель түлш, нүүрсний үнийн зөрүүгээс жилд хоёр тэрбум төгрөг хэмнэх аж. Бэлдэц халаах зуухыг өмнө нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй, 10 тонн дизель түлшээр ажиллуулдаг байжээ.
Тэгвэл шинэ зуух тавьснаар өндөр үнэтэй, импортын бүтээгдэхүүнийг халж, нүүрсээ ашиглаж буй нь энэ.
Ган бөөрөнцөг цувих цехийн өргөтгөлд 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд түүнийгээ нэг жилийн дотор нөхөх боломжтой гэнэ. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь өнгөрсөн онд боловсруулсан, ажлыг нь ч богино хугацаанд барьж ашиглалтад оруулж буйг үйлдвэрийнхэн онцолсон юм.

Тус үйлдвэр жилд 60 орчим тэрбум төгрөгийн ган бөөрөнцгийн бэлдэц импортолдог байсан бол 2013 оноос үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих бодлого хэрэгжүүлж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2013-2014 онд 82 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн авчээ.
Ингэснээр 38 тэрбум төгрөг хэмнэсэн гэнэ. “Үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлж, өртөг зардлаа бууруулах ажлын нэг нь энэ. Цаашлаад манай эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын өртгийг бууруулах томоохон алхам болно.
Жилд 2500-2600 тонн дизель түлш хэрэглэдэг байснаасаа татгалзаж, үндэсний компаниудаас нүүрс авах боллоо” гэж үйлдвэрийнхэн тэмдэглэж байв.
Ган бөөрөнцөг цувих цех нь жилд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой, 50.000 тонн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Одоогоор Баяжуулах фабрикийн хэрэгцээт ган бөөрөнцгийн 90 хувийг хангаж буй. Цаашид хэрэгцээнээсээ давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж цахилгаан станцууд, “Оюутолгой”, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийн хэрэгцээний тодорхой хувийг хангахаар төлөвлөжээ.
ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 20-25 ЖИЛ НАЙДВАРТАЙ ХАНГАНА
Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухтай хамт Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтад оруулсан юм. Компанийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу “Энэ ажилд 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан, нүсэр ажил.
Хаягдлын аж ахуй нь үйлдвэрийн хаягдал болох элсийг хурааж, усыг нь дахин боловсруулах зориулалттай” гэлээ. Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах II коллекторыг ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрджээ.
Эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг хүлээн авч түүнийг эргэлтийн усны насосны станцад дамжуулах, Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж юм.
Коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр инженеринг” институт боловсруулсан бол “Эрдэнэт” үйлдвэр, “Очир төв” компанитай хамтран 4.1 км шугам болон ус хуримтлуулах худаг, хязгаарлалтын далан, ус дамжуулах суваг тус бүр дөрвийг барьжээ.
1978 онд барьсан уг аж ахуй нийт 1862 га талбайг эзэлдэг. Үндсэн үүрэг нь үйлдвэрийн хаягдлыг агуулах, мөн эргэлтийн усаар хангах. Нийт хүдрийн 98 хувь нь хаягдал, хоёр хувь нь баяжмал болдог.
Үйлдвэр хэрэглээний усаа 60 км хол, Сэлэнгэ мөрнөөс татдаг, түүндээ багагүй өртөг зарцуулдаг тул усаа дахин ашигладаг байна. Одоогоор Хаягдлын аж ахуйд 22 сая шоо метр ус хуримтлагдаж буй гэнэ.
ОРОН НУТАГТАА БАГАГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛЖЭЭ
“Эрдэнэт” үйлдвэр орон нутагтаа 2013-2015 онд 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үүнээс хамгийн томоохон нь “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төв. Уг төвийг барихын тулд 2008 оноос хойш 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан байна.
Үүнээс гадна 5.3 тэрбум төгрөгийг хууль эрх зүйн сургалт, орон сууцны II, III, IV бичил хорооллын байрнуудын фасад, III хорооллын авто зам, Кувейтийн гудамжны цэвэр усны хоолойн засвар, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулжээ.
Хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд тус үйлдвэр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор бараа материалынхаа 30 хүртэл хувийг орон нутгаас авах зорилт тавьсан байна.
Үйлдвэрийнхэн уг зорилтдоо хүрэхийн тулд 2013 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ 15, 2014 онд 17, энэ оны эхний есөн сард 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс авчээ.
Эдийн засаг хүнд байгаа ч цаашид “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, орон нутгийн хөгжлийн төлөө дотоодын аж ахуйн нэгжүүдтэй түншилсээр байх гэнэ.
ҮЙЛДВЭРИЙН 46 АЖИЛТАН ГЭР, ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Ажил үйлчилгээ, бараа материал нийлүүлэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авсан ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй 3-10 жил болсон 161 компанид холбогдох 60.8 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хоёр жил тэмцэж байгаа. Энэ сарын 1-ний байдлаар 64 компанийн нийт 34.8 тэрбум төгрөгийн өрийг бүрэн барагдуулж хаажээ.
Зөвхөн бэлэн мөнгө бус компанид нэн шаардлагатай бараа материал, үл хөдлөх хөрөнгийг ч төлбөрт нь авч байгаа гэнэ. Баян-Өндөр сумын Говил багт байрлах үйлдвэр, конторын зориулалттай барилгыг орон сууцны зориулалттай болгон засаж, өнгөрсөн даваа гаригт 37 айлыг орон сууцтай болгов.
Байрны түлхүүр гардсан ажилчид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах хугацаандаа, өөрийн гэсэн байртай болох хүртлээ уг орон сууцанд амьдрах аж. Мөн компанийн захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн өндөр настан, гамшгийн улмаас орон гэргүй болсон есөн иргэнд буцалтгүй тусламжаар гэр өгсөн юм.
Үйлдвэрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа “Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Шинээр байр худалдан авахад найман сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна “Москва 300”, “Залуус-600”, “Эко 400” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэн, үйлдвэрийн нөөцийн орон сууцнаас ажилчдадаа өгч байгаа” гэлээ.
Ч.МӨНХЗУЛ