Т.УЛААНБААТАР
(ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, Ph.D)
Монголын шинэ үе царай зүс, бие бялдраар хэнээс ч дутахгүй болжээ. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ эдний төлөө хариуцлага үүрэх нөгөө тал гэж байх ёстой. Хариуцлага эцэг, эх, гэр бүлээс эхлээд сургууль, боловсролын системээр дамжсан төр, засгийн мэргэн бодлогод агуулагдана. Монголыг хүмүүжилтэй, боловсролтой хүмүүс авч явна.
Өнөөдөр Монгол Улс ашигт малтмалаар амьдарч байна. Энэ бол эдийн засагт тохиолдож буй түр зуурын үзэгдэл юм. Харин хүүхэд, залуус Монголыг өв уламжлал, ёс заншил, газар нутаг, байгалийн баялагтай нь авч явна. Ийм хүмүүсийг өнөөдрөөс бэлтгэх учиртай. Иймд боловсролын системийн шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ч дуугүй сууж болмооргүй байна. Монголын оюуны ирээдүйг бүтээн цогцлоохын тулд боловсролын системд эрс өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна.
Эхлээд хүүхдүүдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Хүмүүжил гэдэг бол балчруудыг хүн болгоно гэсэн үг. Хүмүүжлийн ач холбогдлыг дээр, доороо нэг л сайн ойлгодоггүй юм болов уу гэж бодоход хүрлээ. Саяхан TV5 телевизээр боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, хөгжмийн зохиолч, яруу найрагч, сурвалжлагч, өөр хэн сэн билээ, манай юм мэддэг гэсэн бүхэн оролцсон нэвтрүүлэг гарлаа. Харамсалтай нь хүмүүжил гэхээр нөгөө л улиг болсон боловсролоо ярилаа.
Энэтхэгийн нэг суутан “Хүн бол үлгэр, домог. Энэ домог тун ч аюултай. Яагаад гэвэл чи энэ домгийг бодит гэж итгэж, өөрийгээ хүн гэж эндүүрдэг. Өөрийгээ нэгэнт хүн гэж тооцвол хүн болохын төлөө тэ мүүлэхээ болино. Энэ тун аюултай. Чи одоогоор хүн биш, хүн болох боломжийг л тээж яваа нэгэн. Энэ боломжийг ашиглаж ч магад, алдаж ч магад. Модны үр бол мод биш шүү дээ.
Тэр үр цэцэглэж гэмээнэ мод болно. Мод болохгүй үр чигээрээ хатаж ч болно. Боломж хийгээд бодит биелэл хоёр асар ялгаатай. Бид хүн бололгүй, зүгээр л машин маягаар амьдарч, ажиллаж, төрж, үхэцгээдэг. Уул нь энэ машинд гайхалтай чанар бий. Энэ машин өөрөөсөө ч хэтийдэж, машин бус жинхэнэ бодьгалыг бүтээх чадвартай” гэсэн байдаг.
Хүн болох боломж бүр эхийн хэвлийд байхаас эхэлнэ. Хүүхдийн уураг тархийг цэвэр цагаан цаас гэвэл эхлээд хүмүүжил бичигдэх учиртай. Гэтэл хүмүүжлийн хэсэг нь огт хоосон, цэцэрлэгээс, бараг яслиас нь эхлээд ганцхан боловсролын төгс боловсроогүй систем үйлчилж байна.
Манай боловсролын системд гарч буй доголдлыг хэн нэгэн буруутанд тохох, багш, сурган хүмүүжүүлэгчийг зэмлэх шаардлагагүй. Ерөөсөө дэлхий нийтийн боловсролын системийн өөрийнх нь доголдол юм. Дэлхийд хаана ч төгс боловсорсон боловсролын тогтолцоо байхгүй бөгөөд улс орон бүрийн онцлогоос хамаарсан үндэсний шинжтэй дахин давтагдашгүй хууль үйлчилдэг, хуулбарлах ч боломжгүй.
Гэтэл өнөөдөр хамгийн түвэгтэй, ойлгоход бэрх, хэт харийн “Кембрижийн” гэх системийг нэвтрүүлнэ гээд боловсролын систем хутгаж сууна. Яригдаад байгаа Боловсролын тухай хуулийг шинэчлэн батлаад ч ахиц гарахгүй гэдэг нь ойлгомжтой.
“Боловсролын” гэх тогтолцооны өнөөгийн хэв загварыг өөрчлөхгүй бол хүүхэд, залууст хүмүүжил олгож хэзээ ч чадахгүй гэдэг нь сүүлийн 30- 50 жилийн амьдралаар батлагдлаа. Учир нь хүүхдүүдийг хүмүүжээгүй хэв
байхад нь боловсрол олгохоор шахдаг, хоёрдугаарт, бага, дунд, их, дээд сургуулиуд дээрээс баталсан, хэтийдсэн кредит цагийг биелүүлэх зорилготой элдэв хэрэгтэй, хэрэггүй хичээлээр дарж, ном, сурах бичгээр залхаахыг зогсоох цаг болжээ. Хэт ачааллаас шалтгаалж хүүхэд хичээлдээ дургүй, сурах сонирхолгүй болж, цааш ахих боломж алдагдаж байна.
Хүмүүжил бол барилгын суурь, боловсрол бол барилга нь юм. Тиймээс боловсролгүй байж болно, чанаргүй боловсрол бүр ч хэрэггүй, харин хүмүүжилгүй байж хэрхэвч болохгүй гэж хэлмээр байна. Төгс биш гэхэд сайн хүмүүжих ёстой. Хүүхдүүд зөнгөөрөө танин мэдэхүй, хүмүүжлийг хүсэн хүлээж байдаг. Мэдээллийг хурдан хүлээж авдаг, ой тогтоолт сайтай гээд олон гайхалтай чанар тэдэнд бий.
Иймээс хүмүүжүүлэх ажил ямар ч албадлага шаардахгүй, эерэг чанараараа боловсролоос хамаагүй хялбар юм. Харамсалтай нь өнөөгийн хүмүүжилд олон субъектив хүчин зүйл саад болж байна. Хүмүүжлийг дадал заншил болгож, ой ухаанд нь суулгаж өгөх орчин нь гэр бүл, сургууль, чөлөөт цагаа өнгөрөөх газар юм. Хүүхэд ихэнх цагаа гэр бүлийн хүрээнд өнгөрөөдөг.
Эцэг, эхийн үүрэг асар өндөр. Гэтэл өөрсдөө хүмүүжиж чадаагүй, үр хүүхдээ хүмүүжүүлэх чадваргүй, үүрэг, хариуцлагаа мэддэггүй эцэг, эхчүүд хамгийн том саад болж байна. Архи, зодоон, дээрэм, хүчирхийллийг хүүхдүүддээ харуулж байна.
Эцэг, эхийн энэ царцаж, гажсан дадал зуршил, хүмүүжлийн доголдол дахиад арилах, засрах, хүмүүжих тухай яриад ч хэрэггүй юм. Хүмүүжээгүй гэр бүлээс хүмүүжилгүй хүүхэд л гарна. Тиймээс хүүхдийн хүмүүжлийг эх, эцэгт даатгаж орхих нь тун аюултай тоглоом.
Хоёр дахь орчин бол сургууль, анги хамт олон. Яслиас эхлээд цэцэрлэг, гуравдугаар анги хүртэл дан хүмүүжил олгодог хөтөлбөртэй, гуравдугаар ангиас дээш хүмүүжилд суурилсан боловсрол олгох сургалт явуулж болохоор байна.
Хүмүүжлийн сургалтад үндэсний түүх, бичиг соёл, ёс заншил, эх орон, байгаль, экологийн холбогдолтой, сурахад хялбар, сонирхолтой, хүмүүжилд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадах асар их нөөц бололцоо бидэнд байна.
Хоёрдугаарт, сурган хүмүүжүүлэгч, багш нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Өөрөө хүмүүжээгүй байж бусдыг хүмүүжүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг. Энэ ариун булгийн эхийг сурган хүмүүжүүлэгчид гардаж авдаг учир ухаалаг, энэрэнгүй, бурханлаг байх шаардлагатайгаас гадна хамгийн том хариуцлага үүрдэг.
Иймээс багш бүрийг ясли, цэцэрлэг, бага ангид ажиллах сонирхолтой болгох хөшүүргийг төрөөс бодлогоор дэмжих, тухайлбал хамгийн өндөр цалин, хөлс, урамшуулал олгодог баймаар. Тэдний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, цаашилбал хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулсан ч бүх болзлыг хангана.
Өнөөдөр өндөр үнэтэй бага, дунд, дээд, их сургуулиуд олширч, хувийн бизнес, банк бус санхүүгийн байгууллагууд болж хувирлаа. Хүмүүжиж амжаагүй залуус иргэний үнэмлэх авбал том хүн болчихлоо, хүмүүс юу хийж байна, би ч адил гэх сүүмгэр, дулимагхан бодолд хөтлөгдөн, нийгэмд түгээмэл болсон сөрөг үзэгдлүүдийг даган дуурайж явна.
Ийнхүү нэг доголдолтой машин ажиллаж эхэлнэ. Тэдний хамгийн том зорилго нь нийгмээс шаардаж байгаа тамгатай цаас, их, дээд сургуулийн диплом. Зорилго нь иймхэн учир сурах нь тиймхэн. Өнөөдөр боловсролтой бол хүмүүжил аяндаа бий болох юм шиг өрөөсгөл ойлгож ирсэн боловсролын системийн доголдлоос болоод хүмүүжиж чадаагүй дээд боловсролтой бүхэл бүтэн “нийгмийн давхарга” үүсээд байна. Хүмүүжилгүй боловсрол маш аюултай.
Тэднийг “буутай хүүхэд эсвэл террористтой” зүйрлэж болох юм. Хүмүүжилгүй боловсролтнууд олж авсан хуулмал мэдлэгээ яаж ч буруугаар ашиглах чадвар эзэмшиж, зэвсэг, техник, технологи, элдэв зүй бус арга мэх, заль хэрэглэн юуг ч хийхэд бэлэн, хайрлах, эрхэмлэх зүйлгүй, эх орноо худалдахад ч бэлэн болж байна, зарим нь дээрэм, тонуулд гаршиж, айлган сүрдүүлж, дарамтална, ажил голж шилнэ, албан тушаалын хойноос улайран тэмүүлнэ.
Одоогийн шинэ иргэдээ ийм болгохгүй л юмсан. Монголд гурван сая дээд мэргэжилтэн хэрэггүй, харин гурван сая хүмүүжилтэй иргэн хэрэгтэй байна. Эндээс үзэхэд эхлээд хүмүүжил, дараа нь улсын хэрэгцээт мэргэжлийн боловсрол, дээд боловсрол байвал зохистой харьцаа гэмээр байна. Өнөөдөр энэ харьцаа эсрэгээр буюу хөлөөрөө толгой хийж явна.
Гурав дахь орчин нь хүүхэд залуус чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх газар юм. Үүнд анхаардаг хүн байдаг юм уу. Энэ хоосон орон зайг эзэлсэн Солонгосын олон ангит кино, гар утас, компьютер тоглоом, баар цэнгээний газрууд. Тоглоомын талбайг эзэлсэн барилгын бизнес. Энд л ёстой төр, засаг гайхамшигт илбээ үзүүлмээр байна.
Монголд байгалиас заяагдмал, өндөр түвшинд байсан, олон зуунаар баталгаажсан хүмүүжлийн системийг дахин сэргээж өвлүүлэх боломжтой. Хүмүүжлийн өөр нэг гайхамшигтай онцгой чанарыг энд онцолмоор байна. Хүний хувь заяаг шийддэг механизм нь хүмүүжил юм. Хувь заяа цаанаасаа зурсан гэдэг ойлголтоос салъя. Хувь заяаг хүмүүжлээр л жолоодож болно.
Хувь заяа чинь чиний гарт хүмүүжлээр дамжиж орж ирнэ, дараа нь хүүхдүүдээ хүмүүжүүлнэ, ирээдүй үе хүмүүжнэ гээд тасралтгүй гинжин холбоо хөврөх учиртай. Ажил, амьдрал нэг тийм байна гэж бодогдвол шалтгаан нь бусдад биш өөртөө, хүмүүжилдээ байна гэж ойлгоорой.