20 жил хадгалсан ХУУЛЬ
Төлөвлөсний дагуу, үнэндээ мөрөөдөл ёсоор бол монголчууд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт, оруулах эсэхээр саналаа өгөх байлаа. Гэвч ингэж зориглосон улстөрчдийн мөрөөдөл биелсэнгүй. Санал асуулгыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Ийм шийдвэр гарснаас хойш 30-аас доошгүй хоногийн дараа санал асуулга явуулна хэмээн эдүгээ хүчин төгөлдөр байгаа хуульд заасан.
Тэгвэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд энэ хугацааг 14 хоног болгон багасгаж тусгажээ. Мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд өнөөдөр санал асуулга хийхээр тусгасан юм. Эдгээр төслийг Н.Батбаяр тэргүүтэй гишүүд энэ сарын 6-нд өргөн барьсан.
Шийдвэр гарснаас хойш ч биш, дөнгөж төсөл өргөн барьснаас 20 хоногийн дараа л “гялалзуулчихъя” хэмээн тэдний санаанд багтжээ. Энэ богино хугацаанд хуулиа хэлэлцэн батлаад, санал асуулга явуулах бүх бэлтгэлийг хангаж амжина хэмээн бардсан байх юм. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэхийг тогтоох гэж З.Энхболд даргын захирамжаар байгуулж, гишүүн Л.Цогийн ахалсан ажлын хэсэг хоёр жил гаруйн турш “ноцолдсон” байдаг.
ХАШИР УУ, ХЭЛБЭР ҮҮ
Ардчилсан , шинэ хэмээх тодотголтой одоогийн Үндсэн хуулийг 1992 онд баталсан. 2000 онд нэг удаа “жигтэйхэн” өөрчилсөн. Тэр үед хийсэн долоон өөрчлөлтөөс УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийх боломж олгосон заалтыг эдүгээ буруу бүхний үндэс, эрх мэдлийн хуваарилалт алдагдуулсан “этгээд” хэмээн үздэг.
Энэ бүхнийг залруулах, зарим заалтыг цаг үед нийцүүлэн өөрчлөх шаардлага бий хэмээн улстөрчид, судлаачид үздэг. Тиймээс ч “эцэг” хуулийг өөрчлөх, эсэхийг эдүгээ гурав дахь парламент дамнуулан хэлэлцэж байна. Үүнд олон шат дамжлагатай баталгаа хэрэгтэй байжээ.
Одоогийн УИХ ажлын хэсэг гаргаад “Өөрчлөх шаардлагатай” гэж үзсэн. Тэгснээ энэ хангалтгүй, иргэдээс асууя гэв. Энэ бүх алхам парламент хашир байна уу, эсвэл худлаа хэлбэрдээд байна уу гэсэн асуулт ургаж буй.
Зөвхөн “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юү” гэсэн асуулт тавьж, тийм, үгүй хоёрын аль нэгийг сонгоно. Харин ямар заалтыг хэрхэн өөрчлөх гэж буй нь асуулгын хуудаст орохгүй. Энэ талаар иргэд мэдээлэл, мэдлэг хомс байна.
Тэртээ тэргүй цаг хугацаа, хөрөнгө зарцуулан байж бүх намын төлөөлөл, судлаач, эрдэмтэн, хуульчдыг оролцуулан хоёр жил гаруй ажиллаж тогтоочихсон, нэгэнт амьдрал дээр өөрчлөлт хэрэгтэй нь харагдаад буй зүйлийг дахин дахин ингэж асуух хэрэг үнэндээ байгаа ч юм уу.
Тэгээд ч өнөөдөр санал асуулга болсон бол ирц хүрэхгүй байж мэдэхээр байна. Цаг агаар эрс хүйтэрч, орон нутагт зам даваа хаагдаж буй тухай мэдээ ирсээр буй. Өвлийн тэсгим хүйтнээр санал асуулга явуулъя гэхдээ гал тахигч гишүүн маань цаг агаарын төлвийг мэдсэн болов уу.

СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ӨМНӨ САНАДАГ ХУУЛЬ
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөн. Бид дөрвөн жил тутамд өөрсдийгөө төлөөлөн хууль тогтоо, ажилла хэмээн 76 хүнийг сонгон тийш илгээдэг. Гэвч тэд ялгаагүй хүн, төгс биш. Тиймээс нийт ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, улс орны хувь заяанд амин чухал асуудлыг бүгдээрээ хэлэлцвэл буруугүй болно. Монгол Улсын эзэн нь ард түмэн. Тэд төрийн шийдэл гаргахад ч санал бодлоо нэмэрлэх эрхтэй. Тиймээс л 1995 онд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг УИХ анх баталсан. Харамсалтай нь, 20 жил болоход нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй. Тэгсэн атлаа хуульд 2006 он болон энэ оны дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хуулиас “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ” гэсэн гол босго заалтыг нь аваад хаячихаж. Ард нийтийн санал асуулга ойр ойрхон болохгүй. Хаа нэг, жинтэйхэн асуудлаар л иргэдээсээ асууж таарна. Тиймээс тэднээс асууж тусгасан саналыг хялбархан “эвдэхгүй” байхын тулд нийт гишүүний гуравны нэгийн буюу 57-гоос дээш хүн дэмжиж байж өөрчлөхөөр зориуд оруулсан аж. Гэтэл энэ УИХ тэр заалтыг аваад шидчихэж. Одоо магадгүй санал асуулга явууллаа гэхэд дараа нь дурын хэдэн гишүүн нэмэлт, өөрчлөлт оруулаад л “засчихаж” болно гэсэн үг. Нөгөө талд нь тухайн асуудлаар санал асуулга явуулах, эсэхийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх босго нь хэвээр. Тодруулбал, Үндсэн хуулиар ард нийтийн санал асуулга явуулахын тулд 57-гоос доошгүй гишүүний дэмжлэг авах ёстой. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд 57 хүний дэмжлэг авч дийлэхгүй түр саатчихав. Цаг хугацаа давчуу, босго давах боломжгүй, сонгуулийн жил давхацсан... Ээлжит шоу, эсвэл анхаарал сарниулах гэсэн оролдлого л болж харагдаж буй юм.
2011 онд Сонгуулийн хуулиар ард нийтийн санал асуулга явуулъя хэмээн АН-ынхан санал гаргаж байв. МАН-ынхан ч ийм санаачилга нэг биш дэвшүүлж байсан. Анзаараад харвал дандаа сонгуулийн өмнөх жил л ийм яриа гардаг. Энэ удаа ч бас, боломжгүй цаг хугацаа товлочихоод “Ард нийтээсээ асууна” гээд ороод ирлээ.
Үндсэн хуулийг өөрчлөхөд сарын л хугацаа үлдсэн. Учир нь уг хуулийг сонгуулийн санал хураах өдөр болохоос зургаан сарын өмнө өөрчлөхийг хориглодог. Сарын дотор санал асуулга зохион байгуулаад, нэгтгэн дүгнээд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр намууд зөвшилцөөд батална гэвэл үлгэр болох байх. Улс орны бүх харилцааны үндсийн үндэс болсон энэ хуулиар шоудаж, улс төр хийж болохгүй. Бас тэр шоундаа ард түмнийг хавчуулах хэрэг байсан уу.
С.ТУУЛ
ӨНӨӨДРИЙН АСУУЛТ
Ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацаа бий юү
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдгийг ард нийтээс асууна хэмээн УИХ дээр хэлэлцүүлэг өрнөж буй. Ард түмнээс энэ талаар асуух нь зөв үү, мөн санал асуулга явуулах цаг хугацааны боломж бий юү. Энэ талаар зарим хүний байр суурийг сонирхлоо.
ЭХЛЭЭД ИЛ ТОД ТАНИЛЦУУЛЖ БАЙЖ АСУУХ ЁСТОЙ
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэвч хоёр шалтгаанаар ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй байна. Нэгдүгээрт, цаг хугацаа давчуу болсон. Хоёрдугаарт, Монгол Улс төлөөлийн ардчиллын тогтолцоотой.
Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж буй талаар иргэдэд мэдээлэл, мэдлэг дутмаг байна. Уг хуулийн төслөө УИХ доод тал нь хоёр удаа олон нийтэд ил тод хэлэлцүүлж, судлаачид, хуульчдын байр суурийг сонсох ёстой. Гэтэл ажлын хэсгийн хүрээнд л ярьж боловсруулаад оруулаад ирсэн.
Тэгээд ард түмнээс өөрчлөх нь зөв үү гэж асуугаад “Зөв” гэвэл өнөөх зүсээ нуусан төслөө зүтгүүлээд “Та нар дэмжинэ гэсэн биз дээ” гэх нь.
Үүний ард буруу санал ч явуулчих эрсдэл бий. Мөн МАН-ынхан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа. 57-гоос дээш гишүүний дэмжлэг авч байж уг хуулийг батална шүү дээ.
Б.Сүхбат (Улс төр судлаач, “Хөгжил ардчилал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн)
ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСТОЙ НИЙЦЭХГҮЙ
-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлаад 20 жил болж буй атал нэг ч удаа хэрэглээгүй. Ийм хуульд одоо нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь процессын шударга ёсыг алдагдуулж буй юм. Аливаа үйл явц шударга байж гарах үр дүн шударга байна гэсэн үг л дээ.
Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах үйл явц энэ шударга ёстой нийцэхгүй байна. Хоёрдугаарт, санал асуулга явуулах цаг хугацааны боломжгүй харагдаж буй юм.
А.Бямбажаргал (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн ахлах багш)
ТОГТООЛЫН ТӨСӨЛ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Үндсэн хуульд ард нийтийн санал асуулга явуулах тухай зохицуулалт бий. Гэвч УИХ-д өргөн барьсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн.
Үүнд тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг УИХ-аар шийдээд, эхний хэлэлцүүлгээр зүйл, заалт бүрээр санал хураах ёстой гэж заасан. Ингэж бэлэн болсон төслөө ард нийтээр хэлэлцүүлэх учиртай. Гэвч одоо УИХ-аар хэлэлцээгүй, ажлын хэсгийн түвшинд боловсруулсан төслөөр ард нийтийн санал асуулга явуулна гэж буй.
Хоёрдугаарт, олон нийтэд Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт, агуулга, ач холбогдлын талаар ойлголт мэдээлэл авах цаг хугацаа үгүй боллоо. Ийм нөхцөлд санал асуулга явуулбал нийтийн зөвшилцөл өрнөх боломжгүй гэж үзэж байна.
Д.Үүрцайх (Хуульч, судлаач)
МЭДЭЭЛЭЛТЭЙ ИРГЭН ХОВОР БАЙНА
-Үндсэн хуульд цаг үетэй нийцүүлсэн өөрчлөлт оруулах нь зөв. Гэвч ингэж яарч, сандран “дээрмийн” аргаар өөрчлөх нь буруу гэж бодож байна. Санал асуулга явуулах цаг хугацаа давчуу болсон. Миний хувьд Үндсэн хуульд ямархуу өөрчлөлт оруулах гэж буй талаар тодорхой мэдээлэлтэй байгаа.
УИХ-ын гишүүний тоог 99 болгож, бүрэн эрхийг нь таван жил хүртэл сунгана, парламентаас Ерөнхийлөгчийг томилохоор ярьж буйг би дэмжихгүй. Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гээд байгаа талаар мэдээлэлтэй иргэн цөөн байна шүү дээ.
Сонин хэвлэл уншиж, мэдээ үздэг цөөхөн хүн л энэ талаар ойлголт авсан байх. Үнэхээр иргэдээс асуух байсан юм бол хэдэн сарын өмнөөс төслөө танилцуулж, мэдээлэл өгч, бэлтгэл хангах учиртай.
С.Сандагдорж (Баянгол дүүргийн XX хорооны иргэн)
С.УУЛ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
“Зөвшилцөнө” гэсэн үгээр хааж, хэлэлцүүлгийг нь нээлттэй үлдээсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл хэр урагшилж буй талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.
А.Бакей: Зөвшилцөлд ахиц гараагүй
-Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийн хүрээнд хугацаа болон томъёоллын хувьд зөвшилцөхөөр долоо хоногийн өмнө тохирсон. Зөвшилцөл эхэлсэн үү, ажил хэр урагштай байна вэ. Байнгын хорооны даргын хувьд тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Үндсэндээ зөвшилцөлд ахиц гараагүй гэж хэлж болно. Яагаад гэвэл, УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байна. Байдал ийм байхад “Зөвшилц” гэж хүчлэх аргагүй шүү дээ. Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг бүгд сайн мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө хүсэхгүй байгаа юм.
Нөгөө талаас зөвшилцлийг Байнгын хорооны дарга шууд хийх ажил биш. Байнгын хорооны дарга зөвхөн хурал удирдах үүрэгтэй. Зөвшилцөл хангана гээд гүйгээд байх нь хэцүү. УИХ-д юуны төлөө Бүлэг байдаг билээ. Өөрөөр хэлбэл, бүлгийн дарга нар болон бүлэг хооронд зөвшилцөх ёстой.
Бүлэг тус бүр хуралдаж, тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэж, байр сууриа илэрхийлдэг.
-Хугацааны хувьд улам давчуу болох нь ээ.
-Хугацаа хэцүү болж байгаа. Тиймээс энэ долоо хоногт зөвшилцөх бололцоо юу байна гэдгийг яриад үзье. Уг нь өргөн хүрээний өөрчлөлт бус хамгийн чухал гэсэн зүйлүүдийн хүрээнд хэлэлцэж тохироод санал асуулга явуулчихвал болохгүй зүйлгүй.
-Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулахгүй байж ч болно гэж байгаа шүү дээ. Ийм хувилбар байж болох уу?
-Хамгийн гол нь УИХ дахь бүлгийн дарга нар энэ асуудлаар ярилцах ёстойг дахин хэлье. Нам, эвслээрээ ярьснаа нэгтгэн багцалж зөвшилцөлд хүрэх тухай ярих болохоос тухайн бүлгийн арав, хорин гишүүн тал тал тийшээ хараад суучихвал ажил урагшлахгүй. Үүнээс өөр хувилбар мэдэхгүй юм.
-Энэ долоо хоногт Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг оруулаагүй нь ямар учиртай юм бэ. Уг нь энэ хуулиа яаралтай баталчихаад санал асуулга явуулах хугацаагаа тохиръё гэж байсан шүү дээ.
-Уг нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулчихсан байсан юм. Зарим бүлгийн дарга санал гаргаж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дарааллаас хассан.
Б.НОМИН

ДЭЛХИЙН ЖИШИГ
“ЭРХ БАРИГЧИД ХҮЧИН МӨХӨСТСӨН ҮЕДЭЭ Л САНАЛ АСУУЛГА ЯВУУЛДАГ”
Түүхэн эх сурвалжуудаас харахад ардчиллын илэрхийлэл болсон ард нийтийн санал асуулга бүр XVI зууны үеэс эхтэй. Баримтаас харахад Швейцарийн Граубюнден мужид XVI зууны эхээр анхны гэж үзэж болох санал асуулгыг зохион байгуулсан байдаг аж.
Сонирхолтой нь, XVIII зуунаас хүн төрөлхтөн 500 гаруй удаа л бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан байдгаас 300 гаруй нь швейцарьчуудын дунд болсон байна.
Тэдний араас хэдэн арван удаа санал асуулга явуулснаараа Австрали жагсдаг бол ирландчууд түүхэндээ ердөө ганцхан удаа санал асуулга явуулж, Үндсэн хуулиа баталсан байдаг.
Зарим тохиолдолд бүх нийтийн санал асуулга иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь бий. Ялангуяа Адольф Гитлер тэргүүтэй дарангуйлагчдын санаачилсан бүх нийтийн санал асуулга иргэдийн дунд багагүй маргаан дэгдээж байв.
Нөлөө бүхий эрхмүүд “Дэлхийн II дайн дуусаад удаагүй тул санал асуулга явуулахад тохиромжтой нөхцөл бүрдээгүй байна” гэж хэлсэн удаатай аж.
Орчин цагийн судлаачид ч энэ үйл ажиллагааг буруушаах нь бий. Британийн улс төр судлаач Крис Паттен нэгэнтээ “Миний бодлоор ард нийтийн санал асуулга гэдэг хамгийн буруу шийдэл. Гитлер, Мусоллини нар ард нийтийн санал асуулга явуулах гэж дурладаг байсан нь ч гайхах зүйл биш.
Миний бодлоор ард нийтийн санал асуулга гэдэг нийгэм дэх ардчиллыг үгүйсгэж буй үндсэн хэлбэр мөн. Учир нь эрх баригчид хүчин мөхөстсөн үедээ л санал асуулга явуулдаг” гэсэн нь бий.
Ард нийтийн санал асуулгыг улс төрийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор зохион байгуулдаг ч цөөнгүй оронд үүний дүн нь шийдвэрт шууд нөлөөлөхгүй байх нь ч бий. Австралид гэхэд ард нийтийн санал асуулгаар төрийн түшээдийг ч огцруулах боломжтой бол олон нийтийн санал асуулгын үр дүн эрх баригчдын шийдвэрт шууд нөлөөлдөггүй байна.
Судлаачдын дүгнэж буйгаар бүх нийтийг хамарсан уг үйл ажиллагаа ихэнх тохиолдолд шинэ хууль батлах үндэс суурь болдог бол заримдаа эрх баригчдыг огцруулах зорилгоор санал асуулга явуулдаг.
1992 онд Шинэ Зеландын эрх баригчид дагаж мөрдөх сонгуулийн системээ сонгохын тулд бүх нийтээс асууж байсан бол 1977 онд Австралид үндэсний бэлгэдлээ сонгохдоо иргэдийнхээ саналыг сонсож байсан гэдэг.
БАЙР СУУРЬ
“ЭЦЭГ” ХУУЛИЙН ТОЛГОЙД ЭНЭ ПАРЛАМЕНТ ГАР ХҮРЧ БОЛОХГҮЙ
Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг
Б.Чимид
Энэ УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж чадахгүй. Өнөөдөр бараг л ард нийтээрээ энэ асуудлыг ярилцаж, сонирхон, үгүйдээ л хэн юу хэлэх бол гэж хүлээж байх шиг.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэн нэгэн УИХ-ын гишүүн, эсвэл хэсэг бүлгээрээ нэгдээд хүссэн үедээ, билгэ дэмбэрэл, сүсэг бишрэлээ дагаад хийчихдэг эд биш юм. Хууль бол хууль.
Тэр тусмаа Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх, үнэт зүйл, төрийн тогтолцоо, үйл ажиллагаа, үзэл баримтлалын эрх зүйн үндэс.
Шинэ Үндсэн хууль батлагдаад 23 жил болж байгаа. Батлагдсанаас нь хойш яг найман жилийн дараа эхний нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Дордуулсан долоон өөрчлөлт ч гэж үүнийг хэлдэг. Түүнийг нь хууль зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц 2000 оны гуравдугаар сарын 15-нд дүгнэж, 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолоороо хүчингүй болгож байжээ.
Гэвч тухайн үеийн УИХ хүч түрж энэхүү өөрчлөлтийг баталгаажуулсан нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар буй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм бол, мөн улс төрийн хямрал жаахан ч гэсэн багасдаг юм бол хийхээс яах вэ гэж олон нийт үзэж буй бололтой. Үүнийг хийх нь одоогийн УИХ-д олдож буй “алтан боломж” мөн нь мөн. Нөгөө талаар эвсэж, хамтарсан үедээ буюу парламентад ердийн олонх бүрдээгүй цаг дор улс төрийн хүчнүүд тал талаасаа ярилцан, саналаа нэгтгээд шийдчих боломж нээгддэг.
Аль нэг нам дангаар засаглаж байвал хууль өөрчлөх санаачилгад сөрөг хүчин тээг тавиад байх магадлалтай. Нэгэнт нийт гишүүний дөрөвний гурав буюу 57 гишүүнээр асуудал шийдэгдэх ёстой болохоор түүнээс дээш гишүүнтэйгээр засаглах боломж улс төрийн гол хүчнүүдэд ойрын хэдэн жилд тохиохгүй байж магадгүй.
“Алтан боломж”-оо ашиглаад хүрд эргүүллээ гэхэд оруулах нэмэлт, өөрчлөлт нь маргаан дагуулах учиргүйг ч бас санахад илүүдэхгүй биз ээ. Тиймээс долоо хэмжиж нэг огтлох, бүгдээрээ хэлэлцэж, бүлээн усаар сайтар угаах зарчмыг гол мөрдлөг болговол зохилтой.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн тавь гэвэл та хэд тавих вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Эхний найман жилд онц, 2000 оноос хойших үед одоогийн үнэлгээний системээр бол С” гэж хариулж байжээ. Түүнчлэн “20 тоннын даацтай машины 10 тонныг нь ашиглахгүй бол алдагдал гарна.
Үндсэн хуулийг хэрэгжүүлнэ гэдэг бол үүнийг дагасан олон хуулийг маш нарийн боловсруулж, түүнийгээ бүх шатанд мөрдөж байж хүчин чадлыг нь бүрэн ашиглана гэсэн үг. Хуулиа ухаж мэдэхээс өмнө гуйвуулж тайлбарлаад, тэрэндээ орооцолдож, өөртөө тохируулан өөрчлөх гэсэн оролдлого нуухын аргагүй бий болсон” гэж Монгол Улсын гавьяат хуульч, шинэ Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсан сануулж байж.
“Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ой, Үндсэн хуулийг “хольсны” долоон жилийн ойг бид тэмдэглэлээ” гэж түүний ёжилж хэлснийг ч санах учиртай.
Энэ бүгдээс 2000 оны нэмэлт, өөрчлөлт бидэнд сайн зүйл авчирсан уу, өөрчлөлт нь хууль санаачлах эрх бүхий хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхол байв уу, одоо бидний өмнө тулгарч буй улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал тэндээс эхтэй юм биш биз гэсэн асуулт урган гарч байгаа юм.
Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өөрсдийн эрх ашгийг хамгаалах нийтлэг сонирхол үе үеийн эрх баригч, тэднээс улбаалсан улс төр, эдийн засгийн бүлэглэлд байдаг гэнэ. Тиймээс тэднээс сэрэмжлэхийн тулд давхар давхар хуулиар хаалт, хамгаалалт хийж өгдөг юм байна.
Түүний нэг нь 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль юм. Уг хуульд хэрвээ өөрчлөлт оруулах болбол дор хаяж найман жилийн дараа хөндөж болно гэж заажээ.
Б.Чимид гуай “…Үндсэн хуулийг өнөөгийн төдийгүй, маргаашийн Монголынх гэж бодож хийсэн. Үндсэн хуульд гоомой хандаж болохгүй. Гар хүрмээр байгаа бол дэлхийн жишиг гэж манайхан ярьдаг биз дээ, түүнийгээ хар.
Дур зоргоороо байж болохгүй, хар ухаан, төсөөллөөр, мэргэжлийн бус ухаанаар хандаж болохгүй, албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг хууль гэдэг, хууль бол хориг, төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг…” гэж хэлж байжээ.
Тэгэхээр Үндсэн хуулийн буруугаас болж төр гацаад, хямраад, дээрээ суудлаа, дороо гүйдлээ олохгүй байгаа юм биш. Хуулийг гацаах сонирхол цухалзаж, гуйвуулан тайлбарлаж, тохируулан өөрчлөх гээд байгаад л гол учир нь байгаа юм биш үү.
Гэхдээ цаг хугацааны хүчин зүйл, УИХ-ын гишүүдээс энэ өөрчлөлтийг дэмжих 57 хүн олдохгүй нь ил байгаа, парламентын гаднах намуудын дийлэнхийн байр суурь сөрөг хандлагатай зэргийг тооцож үзвэл хууль санаачлагчдад санаснаа хэрэгжүүлэх боломж олдохгүй л болов уу. Өөр шалтгаанууд ч бий.
Тухайлбал, эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Ингэхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй болно. Яг л харганы ноос түүж эсгий хийгээд, эсгийгээ банкинд барьцаалж зээл авна гэдэг шиг сонсогдож байна.
Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд нийгэм, олон нийтийн санаа бодол, анхаарлыг хандуулж байгаад Тавантолгойн гэрээ, Ноён уулыг ашиглах, Богд хан уулыг улсын тусгай хамгаалалтаас гаргах гэх мэт асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийдэх гэж байгаа юм биш биз.
Эсвэл эрх баригч нам маань өөрийн дотоод дахь зөрчил, хагарал, тэмцлээ энэ мэт том асуудлын далбаан дор хучиж, тангараг тасарчихгүйхэн шиг 2016 оны сонгуультай золгохоо бодож байна уу?
Харж л байя. Эцэст нь УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй гэдгээ давтаад, “эцэг” хуулийн толгойд энэ парламент гар хүрч болохгүй, шаардлага ч алга гэж нэмж хэлье.
Б.БАЯРМАГНАЙ

“СҮМЭЭ УХАХ” ГЭЖ БАЙГАА НАМЫНХАНД “МӨРГӨЛЧДӨӨС” ХҮРГЭХ ҮГ
“Өөрт нь ямар нэгэн гэрэл гэгээтэй зүйл огтхон ч байхгүйг мэдсэн хулгайч л сүмээ ухдаг” гэсэн нэг үг бий. Энэ үг юуны өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах тухай яриа дээр доргүй ид оволзож буй энэ цаг үетэй нэн тохирч байгааг хэлэх хэрэгтэй.
Бид Үндсэн хууль хэмээх “сүмээ” нэг удаа айхтар ухсан туршлагатай. Үүний дараа түүний доторх “долоон шүтээн” өөрчлөгдсөн юм даг. Түүнийгээ хожим тун дордуулсан гэлцэх нь ч бий. Тиймээс “сүмээ” ухахын өмнө маш сайн бодож, боловсруулан, хэлэлцэхгүй бол тун муу үр дүн авчирдгийн хамгийн сонгодог жишээ энэ. Тэр удаа Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан “гэгээн сүмээ” ухаж байсан түүхтэй.
Энэ удаа улс төрийн намууд “сүмээ” ухах эсэхээ ард олноос асууя гэж байгаагаараа онцлог. Үүнтэй Монгол ардын нам, Ардчилсан нам санал нэг байгаа бололтой. Хоёулаа л энэ “сүм” доторх зүйлсээс зарим “шүтээнийг” нь өөрчлөхгүй бол “мөргөлчин” олонд харш байна гэдгийг яриад байгаа.
“Мөргөлчид” ч хэлдэг. Ийм, тийм юмаа өөрчлөөч ээ, тэгэхгүй бол цаг хугацааны хурдыг гүйцэхээ байлаа гээд л. Тиймээс голлох хоёр нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ард нийтийн санал асуулга явуулах тухайд толгой дохин зөвшөөрч буй. Гэхдээ тэр хоёрт тохиролцож чадаагүй, тохиролцох эсэх нь эргэлзээтэй, тохиролцохгүй бол “мөргөлчдөдөө” халтай зарчмын зөрүүтэй санал бий.
Ингэхэд хэрэв энэ хоёр намыг хоёуланг нь хулгайч мууртай зүйрлэвэл МАН нь хавханд ороод хаширсан, АН нь аливааг аргалж зальддагаараа алдартай гэх байна. Тиймээс АН энэ удаа зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулъя гэв.
Тэгвэл МАН нь үгүй ээ, Үндсэн хуулийн ийм заалтыг ингэж өөрчилнө гэдгийг давхар оруулж өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Товчхон хэлэхэд, энд АН нөгөө л үнэгэн заль, хулгайч авир хоёроо огт нуусангүй. Тэд зөвхөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулчихаад, өөрчлөх заалтуудаа тас дарж, таг нуух гэж байна. Тэгээд асуудал босоод ирэхэд, “Та нар өөрчил гээ биз дээ” гээд л гүйцээ. Ингэхэд сурсан юмыг сураар боож болдоггүй гэж үнэн шүү.
Тэд ард нийт өөрчил гэсэн үгийн дор өөрчлөх заалтуудыг УИХ-д хүссэнээрээ оруулж ирээд олонхоороо давамгайлан батална гэж тооцож буй бололтой. Ямар, ямар заалтыг яаж өөрчлөх асуудлыг одоохондоо АН-ын үндсэн “хорчдоос” өөр хэн ч мэдэхгүй байна. Ямартай ч өмнө нь ард олныг төөрөгдүүлж, будлиулахдаа зартай будлианч “Фортуна”-гаар яриулж эхэлжээ.
Тэгвэл МАН тэс өөр байр суурьтай байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэхээ, өөрчлөх заалтуудтай нь хамт ард нийтээрээ хэлэлцүүлье гэжээ. Ийм санал тууштай илэрхийлж буй гишүүдийн нэг нь Н.Энхболд юм. Ялгаа нь гэвэл ердөө л энэ.
Ингэхэд хэн нэгэн надаас ингэвэл ямар вэ, тэгвэл яах бол гэж асуух ямар гоё гээч. Би тун их ухаантай учир энэ нөхөр аргаа бараад над дээр ирж байна гэж бодохоос шууд л хаданд гарчихмаар санагддаг. Ялангуяа төр надаас зөвлөгөө авч байхад татгалзаж тэнэгтэнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ, миний бие. Тиймээс бид аливаа саналыг уухайн тас зөвшөөрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Харин эргээд харахад л “сүмээсээ” өч төчнөөн “шүтээнийг” нь гаргаад хаячихсан байхыг огтхон ч тооцоогүй байж мэдэх гэнэн тэнэгүүд мөнөөсөө мөн. Тиймээс юуны өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас гадна чухам ямар заалтуудад өөрчлөлт оруулах гээд байгааг маш сайн мэдэж байх нь хэн хэндээ хэрэгтэй байна. Ялангуяа “мөргөлчдөд”.
Д.ГАЛ