УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2015.12.03/-ийн нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн.
Дээрх хуулийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд Ж.Батзандан гишүүн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Цэц Д.Янжинхорлоогийн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэнээр уг асуудлыг чуулганд оруулж ирж байгаа юм.
Иргэд өмчилж авсан газраа банк, санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авдаг. Барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлдэг бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч шүүхэд хандан, барьцаанд тавигдсан эд хөрөнгийг борлуулан, хохирлоо барагдуулах нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг байсан. Үүнд гурван шатны шүүх хурал дамжиж, дээр нь төрийн үйлчилгээний хүнд суртал нэрмээс болж, маш урт хугацаа зарцуулдаг тул банкууд зээлээ эргэн төлөх хангалттай баталгаа гаргаж чадаагүй иргэдэд зээл олгохоос ихэвчлэн татгалздаг. Иймд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд талууд үл маргах журмаар гэрээгээ нотариатчаар гэрчлүүлсэн бол шүүгч нотариатчийн мэдэгдлийг үндэслэн барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулан, зээлдүүлэгчийн хохирлыг барагдуулах өөрчлөлтийг хуульд оруулсан юм. Гэхдээ тухайн өмчийн эзнээс үнийн санал авна. Тэрхүү үнэ нь зах зээлийн ханшаас зөрж байвал комисс бодит үнийг тогтоох аж. Мэдээж, эндээс зөрүү гарвал зээлдэгчид олгох ёстой. Шүүх хурлаар орсон ч, шүүгчийн гарын үсгээр шийдэгдсэн ч эцсийн дүндээ нэг л шийдвэр гарна, тиймээс энэ шийдэл нь цаг хугацаа товчилсон, хүнд суртлыг хялбаршуулсан шийдэл болсон гэдгийг туршлагатай хуульчид хэлдэг.
Гэтэл УИХ дах МАН-ын бүлгийн гишүүд “үл маргах журмаар” гэсэн үгэн дээр тоглолт хийж, завсарлага авлаа. Өмнө нь малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь хувьчилж байхад Ардын намынхан монголын мал сүрэг, байшин барилгуудыг гадныхны мэдэлд өгөх гэлээ хэмээн улстөр хийж явсан. Гэсэн ч өнөөдөр аль аль нь монгол нутагтаа, монгол хүний өмч хэвээрээ байгаа.