Тэнэмэл гэх тодотголтой хүүхдүүд 1990 оны үеэс нийслэлд бий болсон. Тэд бүхэл бүтэн “хүн сүрэг” болтлоо өргөжиж байв. Гэр орноосоо дайжсан эдгээр хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй цөөрчээ. Гэхдээ өнөөдөр гудамж талбайд тэнэмэл хүүхдүүд гуйлга гуйж, хулгай, дээрмийн хэрэгт холбогдсоор байна.
Тэдний эрхийг хамгаалж, халуун дулаан гэр бүлдээ эсэн мэнд байж, учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах үүргийг хэн хүлээж буй нь өнөөдөр тодорхой биш. Юутай ч гэрээсээ дайжсан “тэнэмэл” гэх тодотголтой хүүхдүүдийг бүртгэх ажлыг энэ сарын 1-нээс холбогдох албаны хүмүүс эхлүүллээ.
Жил бүрийн өдийд уг арга хэмжээг зохион байгуулдаг ч тэнэмэл хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хангалтгүй байгаа аж. Гудамжинд амьдардаг хүүхдийн тоо буурч байгааг статистик мэдээнээс харж болно.
Тодруулбал, 2006 онд нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвөөр дамжин гэртээ болон асрах төвд очсон хүүхэд 1158 байсан бол 2013 оны тавдугаар сарын байдлаар 260 болж буурчээ.
Гэвч 2013 оноос хойш гэрээсээ дайжсан хэчнээн хүүхдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус байна. Учир нь Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль 2013 оны долдугаар сард хүчингүй болж, хаяг тогтоох төв нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах чиг үүрэгтэй болсноос тэр аж.
Ийнхүү 18 жилийн турш хараа, хяналтгүй хүүхдүүдийг хооллож, осгож амь насаа алдахаас нь хамгаалж байсан байрны үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөж, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор гудамжинд амьдардаг хүүхдүүд хамгаалуулах газаргүй болжээ.
Уг хуульд “Хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдэхэд цагдаагийн байгууллага туслалцаа үзүүлнэ” гэсэн ганц заалт л үлджээ. Тодруулж хэлбэл, эдгээр хүүхдийг хамгаалж, хооллож, гэрт нь хүргэх ажил цагдаагийн байгууллагад харьяалагдахаа больсон гэсэн үг.
Тэгэхээр Хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүд тэднийг хариуцах болсон. Тэдэнд түр байршуулах байр, хоолны төсөв байхгүй учраас хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг цогц байдлаар хүргэх боломж байдаггүй гэнэ.
БАЙРЛУУЛАХ ГАЗАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ
ХАНГАЛТГҮЙ БАЙГАА ГЭВ
Энэ жил тэнэмэл хүүхдүүдийг бүртгэлжүүлэх ажлыг өнгөрсөн сарын 25-27-нд зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан ч уг үйл ажиллагаанд зарцуулах таван сая төгрөгийн төсөв байхгүйгээс болж энэ сарын 1-нээс ажлаа эхлүүлжээ.
Энэ талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгальмаагаас тодруулахад “Гэрээсээ дайжсан хүүхдийг байршуулах байрны хэрэгцээ тулгамдсан асуудал болсон. Холбогдох байгууллагуудад бид энэ талаар мэдэгдсэн ч одоогоор хариу ирээгүй байна” гэсэн юм.
Харин Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал “Нийслэлийн хэмжээнд 70 гаруй тэнэмэл хүүхэд бий гэсэн тоон мэдээллийг өнгөрсөн найм, есдүгээр сард гаргасан. Манайх бусад байгууллагаа бодлого, арга зүйгээр хангадаг.
Өвлийн улирал эхэлсэн учраас тэнэмэл хүүхдүүдийн асуудлыг яах вэ, хаана байлгах вэ гэдэг асуудлаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэнтэй уулзсан.
Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг асрамж, халамжийн төвүүдэд байрлуулдаг. Ингээд эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас эхлээд цогц үйлчилгээ үзүүлдэг юм. Түүнээс биш, хүүхдүүдийг өвөл дулаан байранд байлгаад гаргадаг гэж ойлгож болохгүй.
Бид өмнө нь хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо олон улсын жишгээр гэр бүлд нь тулгуурласан үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ нь хүүхэд биеэ даах чадвартай болох, амьдрах ухаанд суралцахад эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдэд үзүүлэх үйлчилгээний зардал хангалттай байгаагүй нь үнэн.
Үйлчилгээний төсвийг хуульчлахаар энэ асуудал цаашид илүү боловсронгуй болно. Одоо хүүхдийг асрах төвд байршуулах тодорхой зардлыг бид хариуцаад бусдыг нь халамжийн үйлчилгээнд шингээж байгаа.
Өмнө нь хаяг тогтоох төвд орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг байршуулдаг байсныг хуарангийн зохион байгуулалттай гээд болиулсан. Хүүхдийг байрлуулах түр байр гэхээс, хамгаалах байр тийм ч шаардлагатай биш” гэсэн юм.
Мөн тэрбээр “Хүүхдүүдийг хамгаалахад цагдаагийн газрын тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг” гэж ярьсан.
“ХАЯГДСАН ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА НЬ ЦААРГАЛДАГ”
Тэгвэл цагдаагийн байгууллагын эх сурвалж “Хүүхэд цагдаагийн байгууллагын хараа хяналтад байх нь зохимжгүй гэж олон улсын байгууллагууд дүгнэсэн. НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын тайланг 2010 онд хэлэлцээд “Монгол Улс хараа хяналтгүй хүүхдийн асуудлаа цагдаагийн хүчээр шийдвэрлэж байгаад харамсаж байна” гэсэн зөвлөмж хүргүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, олон улсад тэнэмэл гэх тодотголтой хүүхдийн асуудлыг хүүхдийн байгууллага болон нийгмийн ажилтнууд нь шийдвэрлэдэг юм билээ.
Цагдаа нар гудамж, талбайд тэнэж буй хүүхдүүдийг хамгаалах байранд авчраад тэднийг гаргахгүй, хооллож, хувцаслан, шаардлагатай эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байсан нь хүний эрхийн холбогдох хуулиудыг зөрчиж байна гэж тэд үзсэн.
Гэхдээ манайхаас өөр энэ ажлыг хийх байгууллага тухайн үед байгаагүй. Ингээд 2013 оноос эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг хүүхдийн байгуулагад хүлээлгэн өгсөн” гэж ярив.
Өмнө нь дүүргүүдэд хүүхдийн байцаагч ажиллаж, хаягдсан, төөрсөн, хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх, заримыг нь хүүхдийн түр хамгаалах байр буюу хаяг тогтоох төвд хүргүүлдэг байв. Тэнд хүүхдийг хооллох хувцаслах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлдэг байсан.
Ингээд ар гэр, асран хамгаалагчийг нь олж хүлээлгэн өгдөг. Харин тухайн хүүхдийг гэртээ, эцэг эхийн асрамжинд хэрхэн өсөж, хүмүүжиж байгаад цагдаа бус, дүүрэг, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд хяналт тавих үүрэгтэй.
Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнууд тэнэж явсан хүүхдийг оройн цагаар хамгаалалтад авахаас татгалздаг байжээ.
Энэ талаар албаны эх сурвалж “Зарим дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв ажлын цагаар л хүүхэд авна гэдэг. Тухайлбал, Баянгол дүүргийн дээрх байгууллагад гэрээсээ төөрсөн хүүхдийг хүргэж өгөх гэхээр “Наад хүүхдийг чинь эмчийн үзлэгт хамруулж байж авна. Одоо эмчийн ажлын цаг дууссан. Маргааш аваад ир” гэж байсан тохиолдол бий” гэв.
Хүүхэд хэзээ тэнэх үү, төөрөх үү гэдгийг урьдчилан тооцох боломжгүй байлтай. Тэгээд хариуцсан ажилтнууд нь дулаан хөнжилдөө унтаж байхад хаягдсан, төөрсөн, дайжсан хүүхдүүд цагдаагийн хэлтсүүд дээр хоног төөрүүлэх тохиолдол олон гарч байжээ.
Эндээс хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй болох нь харагдаж байна. Үүний хохирогч нь хүүхдүүд.
Жил бүр тэнэмэл хүүхдийг бүртгэлжүүлэх нь үнэндээ түр зуурын ядсан арга хэмжээ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа юм. Гэхдээ бид ингэж л ажилласаар ирсэн. Цагдаагийн байгууллагынхан хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн ч тэд хэсэг хугацааны дараа дахиад л дайждаг.
Ингээд өмнөх ажлаа эхнээс нь хийдэг. Тэгэхээр энд нийгмийн цогц бодлого шаардлагатай юм. Тэнээд байгаа хүүхэдтэй биш, түүнийг гудамжинд гаргаад буй шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй. Дайжиж байгаа хүүхдүүдийн олонхд нь гэртээ амар тайван байх боломжгүй гэдэгтэй маргах хүн цөөн биз.
Тэднийг гэртээ эсэн мэнд байх нөхцөлийг бүрдүүлж өгөх бодлого хэрэгтэй байна. Эцэг эхийг нь нийгмийн амьдралд хөлөө олоход нь туслах, ажилд зуучлах, архины хамаарлаас ангижруулах шаардлагатай.
Түүнчлэн цагдаа, эмнэлэг, халамжийн байгууллага, хамгаалах байр гэсэн нягт хамтын ажиллагаа бүхий баг үйлчилгээ үзүүлж байж л тэнэмэл хүүхдийн эрхийг хамгаалах болно.
Эхний ээлжинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлж, цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа нэн даруй зохион байгуулж, Гэр бүл, хүүхдийн төлөө газар нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай. Үүнийг дүүргүүдийн ЗДТГ-ынхан зохион байгуулах үүрэгтэй аж.
Бидний мэдэж байгаагаар орон гэргүй 70 гаруй хүүхэд байна. Үүний цаана хэдэн ч хүүхэд ходоод нь хоосон, хоног төөрүүлэх газаргүй байгааг хэлж мэдэхгүй юм. Удахгүй ес эхэллээ. Хүйтний эрч улам л чангарна. Эцэг эхдээ “гологдсон” тэднийг түр байрлуулах газар ч үгүй болов. Тэд төрийн халамжаас гээгдчихжээ.
Х.ЖАРГАЛ, Г.ЦЭЦЭГ