Манай орны нийт нутгийн 40 хувь нь зудад нэрвэгдэж магадгүйг төр, засгийн хэмжээнд хүртэл ярьж эхэллээ. Өнгөрсөн жилүүдэд амар тайван өвөлжүүлсэн байгаль энэ өвөл том “бэлэг” барьж магадгүй гэнэ.
Тухайн нутаг дахь малын тоо, зуншлага, бэлчээрийн даац, ирэх нэгдүгээр сар хүртэл цас орох, эсэх зэрэг олон үзүүлэлтээр Цаг уур, орчны шинжилгээний газар эрсдэлийн үнэлгээ хийхэд нийт нутгийн 40 хувьд өвөлжилт хүндэрч, хэцүүдэх дүр зураг гарсан юм.
Увс, Булган аймаг бүхэлдээ, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн эрсдэлтэй бүсэд хамаарч буй. Мөн Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутагт ч зуд болж мэдэх эрсдэлтэй байна.
Энэ өвөл цас ахиу орж, хүйтэн байх нь гэсэн төлвийг тэнгэрийн зурхайчид өнгөрсөн намар гаргасан юм. Таамаг ч биелж, арваннэгдүгээр сарын эхээр өдөртөө 10-15 градус дулаарсан бол сарын дундаас хойш нутгийн ихэнх хэсгээр цас орж, хүйтэрч эхэллээ.
Энэ сард агаарын температур олон жилийн дунджийн орчим байх боловч цас ахиу орох аж. Өдгөө манай орны газар нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтчихоод буй. Завхан аймагт л гэхэд 35-40 см зузаан цастай байна.
Тус аймагт арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн 20 гаруй удаа цас орж, өдгөө цагаан зудын хэмжээнд хүрчихээд буй гэнэ.
Монгол орны хэмжээнд цасны зузаан дунджаар 15 см-т хүрээд буй юм байна. Гэтэл Хангайн бүсэд цас 10, тал хээрийн бүсэд таван см-ээс давахад л аюул учирлаа гэж үздэг аж. Үүнээс гадна ганц биш, олон удаа орж, хуримтлагдан дагтаршвал бүр аюултайг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.

Тэгвэл ирэх нэгдүгээр сард баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас ахиу орох төлөвтэй. Энэ нь одоо цас ихтэй газруудын байдлыг нэлээд хүндрүүлэх нь.
Ялангуяа цас ихтэй нутгуудад нэг дулаарч, нэг хүйтэрвэл цас дагтаршин, малын бэлчээрийг үгүй хийх аюултай байна.
Манайхан жилд 8-10 сая мал иддэг байсан бол энэ удаа 15 саяар цөөлөх тооцоо гарчээ. Өдгөө 70 сая малтай. Үүнийг хонин толгойд шилжүүлэхэд 90 саяыг давна. 15 орчим саяыг нь бид иднэ гэж тооцсон ч ирэх өвөл, хавар бэлчээрийн даац дор хаяж таван саяар хэтэрнэ.
Өнгөрсөн зун нийт нутгийн 60 орчим хувьд гандуу, 10 хувь нь гантай, үлдсэн хувьд нь зуншлага боломжийн байсан. Талхлагдаж, доройтсон бэлчээрээ сэлгэдэг уламжлал, зохион байгуулалт алдагдсан, үүн дээр ган нөлөөлсөн тул малын тарга тэвээрэг хангалтгүй байгааг хаа сайгүй дурдах болжээ.
Өнгөрсөн жил нийт нутгийн 75 хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байв. Энэ жил уг тоо 60 болон багасчихаад буй юм. Нийт нутгаар тооцож гаргасан дүнгээс үзэхэд 40 хувь нь нөөцтэй, 20 хувь нь хүрэлцээтэй, үлдсэн хувь нь даац хэтэрсэн.
Өөрөөр хэлбэл, нутгийн 60 орчим хувьд мал өвөлжиж, хаваржих боломжтой, харин 40 гаруй хувь нь мал сүргээ онд мэнд оруулах хэцүү.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгий, Увс, Ховд, Архангай, Өвөрхангай, Говь-Алтайн аймгийн зарим сум багтаж буй. Тэдний ихэнх нь энэ өвөл хүйтэрч, цас их орох бүсэд хамаарч байгаа юм.
Хойд Сибирийн нутгаас хүйтний урсгал ойр ойрхон орж ирснээс сүүлийн үед тэнгэрийн араншин таагүй болжээ. Намар эрт цас орсон нь цаашид хүйтрэх бас нэг дохио.
Сайхан зуссан бол харьцангуй тайван өвөлждөг атал өнгөрсөн зун ган болсон. Тиймээс өвс тэжээлээ сайтар бэлдэх хэрэгтэйг холбогдох байгууллагуудаас хэдийнэ анхааруулж байна.
Хамгийн хүйтэн сар бол арванхоёр, нэг. Олон жилийн дунджаар энэ саруудад нэлээд хүйтэрдэг ч цас бага ордог төлөв ажиглагддаг юм байна. Гэтэл энэ жил дээрх хоёр сард цас ахиу орох төлөв гарчээ. Тэр нь хүйтэнтэй хавсарчихаар амаргүй даваа малчдыг хүлээнэ гэсэн үг.
Энэ сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим юм уу, түүнээс хүйтэн байх аж. Ялангуяа нутгийн хойд хагаст, цас ихтэй газруудаар их хүйтрэх юм байна. Хур тунадас их унаж мэдэх газруудад Хөвсгөл, Архангай, Булган, Сүхбаатар, Дорнод аймаг хамрагджээ.
Одоогоор нийт нутгийн 40 хувьд өвөлжилт хүндэрнэ гэсэн тооцоо гаргаад байгаа. Гэтэл үүнээс гадна дахиад цас орвол самгардаж мэдэх цөөнгүй газар ч бий гэнэ. Үүнд зүүн аймгууд болон говийн бүсийн нутгууд багтжээ.
Байгалийн “бэлгийг” яалтай, бэлтгэлээ л сайн базаах үлдэж. Төр, засгийн хэмжээнд энэ талаар хэлэлцэж ярьж байгаа ч одоогоор тоймтой арга хэмжээ аваагүй. Өвс тэжээлээ бэлтгэх, хүрэлцээ хангамжийг сайжруулах ажлаа эртнээс бэлдэж зохион байгуулах шаардлагатай.
Өвөл дөнгөж эхэлж байгаа учраас цаашид гайгүй болох байлгүй гэж хүлээж байх шиг. Аймгуудын хувьд чадлынхаа хэрээр хадлан тэжээлээ бэлтгэсэн ч угаас бэлчээрийн даац тааруу, хадлан авах газар бага байснаас өнөөх нь төдийлөн хүрэлцэхгүй гэнэ.
Зудад нэрвэгдэж болзошгүй газрын нэг болох Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Баасанжав “Хөвсгөл, Завхантай хил залгаа хэдэн сум цастай байна. 10-15 см зузаан, зарим газар 20-30 см ч хүрч байгаа. Ойрын үед цаг агаар дулаарч байгаа. Бэлчээрийн ургамал тааруу гарсан болохоор цас их орох нь бидэнд зовлон болно.
Энэ сард зарим газраар ахиу цас орж магадгүй гэсэн. Нэгдүгээр сарын цаг агаарын төлвийг мэдээгүй. Манайд 4.7 сая мал өвөлжинө. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй. Хонин толгойд шилжүүлэхээр найман сая орчим. Бэлчээр 6-6.5 сая малд хүрэлцэх учраас энэ өвлийг амаргүй давах болов уу. Юутай ч боломжийнхоо хэрээр өвс, тэжээлээ базаалаа” гэв.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр базаасныг лавлахад “Мал аж салбарын өвлийн бэлтгэл аравдугаар сарын 25 гэхэд дуусдаг.
Энэ жил 56.2 сая мал өвөлжинө гэсэн дүн мэдээ гарлаа. Үүнээс 17.200 өрхийн 7.5 сая малыг отрын бүс нутгуудад өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл хийж дууссан. Өвс тэжээлийн хувьд малчдын болон аймаг сумын аюулгүйн нөөц бүрдүүлсэн. Малчид өвснийхөө 80, тэжээлийн 90 гаруй хувийг бэлдээд байна.
Ерөнхийдөө хадлан тэжээл бэлтгэх ажил дууссан, өдгөө нэмж худалдаж авах л үлдээд байна. Тэжээл, хивэгний нөөцийг малчид, орон нутаг ч хангалттай сайн бэлдээгүй учраас гуравдугаар сарын 30 хүртэл хивэг экспортлохыг хориглосон.
Үйлдвэрүүдтэй гурван удаа хэлэлцээд экспортын тонн тутмын үнэ болох 300.000-330.000 төгрөгөөр малчид, фермерүүдэд хивэг нийлүүлэх болсон. Үр дүнд нь үнэ буурч, ченжээр дамжуулах нь багасаж байна.
Энэ мэтээр төрөөс цөөнгүй ажил хийж байгаа ч хамгийн гол нь малчид өөрсдөө бэлтгэлээ сайн хангах ёстой. Орон нутгийн удирдлага ч ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл үүсэхэд бэлэн байх хэрэгтэй” гэсэн юм.
Ч.МӨНХЗУЛ