Улсын бүх шатлалын эмнэлгийн агуулахад хэвтэж буй эвдэрхий тоног төхөөрөмжүүдийг хотын төв талбайд овоолчихмоор санагдав. Тэгвэл төр төвхнүүлэгчид эрх биш анзаарах байх. Нэлээд хэдэн давхар байшинтай тэнцэх хэмжээний хур хог үүсэх учраас тэд тоохгүй өнгөрөхгүй нь лав.
Сүүлийн жилүүдэд улсаас төрийн өмчийн эмнэлгүүдийн аппарат, техник хэрэгслийн хүрэлцээ, хүчин чадлыг сайжруулах нэрийдлээр их хэмжээний мөнгө “хаяж” буй нь ингэж хэлэхэд хүргэсэн хэрэг.
Сийрүүлбэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт сайжрахын хэрээр тухайн техникийг хариуцах инженер, техникч хүрэлцэхгүй, эвдэрснийг нь засах мэргэжлийн боловсон хүчин байхгүйгээс өндөр өртөгтэй “эмч” машинуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байна.
Төр засаг олон сая, тэрбум төгрөгөөр авсан тоног төхөөрөмжүүдээ урвалж бодис, дагалдах эм, хэрэгслээр нь хангаж чадаагүйгээс хэрхэн “амьгүй албатууд” болгосныг өмнө нь бид “Эрүүл тоног төхөөрөмжүүд эмнэлэгт үхэж байна” нийтлэлээрээ хөндсөн.
Тэгвэл энэ удаа өндөр өртөгтэй “эмч роботуудыг” засах инженер, техникчгүйгээс улсын бүх шатлалын эмнэлэгт төмрийн сэг овоорох болсныг хөндлөө.
Үндэсний аудитын газар 2014 оны зургадугаар сард гаргасан тайландаа I-III шатлалын эмнэлэгт мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд хүрэлцэхгүйгээс эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалт хангалтгүй байгааг дурджээ.
Түүнчлэн өнгөрсөн зургаан жилд улсын бүх шатлалын эмнэлгийн “эмч роботуудыг” хэрхэн ашиглаж, засаж байсан талаарх нэгдсэн бүртгэл, судалгаа хийгээгүй байсан нь хачирхалтай. Тус тайлангаас харахад эрүүл мэндийн салбарт “үүргээ” гүйцэтгэж буй нийт аппарат хэрэгслийн 70 орчим хувь нь 2000 оноос хойш ашиглалтад орсон байсан нь эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд нэлээд хөрөнгө, хүч зарсныг илтгэнэ.
2005 онд хийсэн судалгаагаар улсын эмнэлгүүдийн нийт тоног төхөөрөмжийн 50 хувь нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон, хуучных байсан бол 2009 онд энэ тоо 23 хувь болж буурчээ. Өдгөө БНСУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, Япон, ОХУ-ын брэндийн аппарат, багаж хэрэгслүүдийг эмнэлгүүдэд ашиглаж байна. Гэсэн ч шинээр нийлүүлж буй тоног төхөөрөмж чанарын шаардлага хангадаггүй, амархан эвдэрдэг, сэлбэг хэрэгсэл нь олддоггүй, олдсон ч үнэтэй байдаг.
Түүнчлэн зарим ханган нийлүүлэгч компани дагалдах хэрэгслийг нь дутуу өгдөг, эвдэрснийг ч засдаггүйгээс болоод тухайн тоног төхөөрөмжийг ашиглахгүй хадгалж байгааг Үндэсний аудитын газрынхан дүгнэжээ.
Тиймээс яаралтай засвар, үйлчилгээний төв байгуулан, худалдан авах үйл ажиллагаанд нь хяналт тавьж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудад өнгөрсөн жил уламжилсан ч өнөө хэр бахь байдгаараа л.
Өдгөө улсын эмнэлгүүдэд нийт 143 инженер, 37 техникч ажиллаж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлэв. Эднийх 2014 оны арванхоёрдугаар сард Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээлэл технологийн алба байгуулж, таван эмнэлгээс инженер авчирч, баг бүрдүүлсэн байна.
Тус алба байгуулагдахаас өмнө улсын хэмжээнд эмнэлгийн инженерүүдийг зангиддаг “толгой” засаглал байсангүй. Харин одоо Эрүүл мэндийн хөгжлийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, сургалт, бүртгэл мэдээлэл, засвар үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар шинэ алба байгуулаад буй нь энэ.
Тэд эмнэлгийн инженер, техникчдээ бусдын гар харахааргүйгээр мэргэшүүлэх зорилготой. “Одоогоор манай инженерүүд шүд нь өвдөөд ирсэн өвчтөнд дотрын эмч зөвлөгөө өгч чаддаггүйтэй яг ижил түвшинд байгаа” гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга хариуцсан мэргэжилтэн Р.Энхсүрэн хэлсэн.
Тэрбээр “Орон нутагт инженергүй эмнэлэг мэр сэр бий. Энэ жилээс дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Амаржих газрууд тус бүр нэг инженертэй болсон. Эрүүл мэндийн сайдын 439 дүгээр тогтоолоор 100 тоног төхөөрөмж тутамд нэг инженер, гурван инженер тутамд нэг техникч байх ёстой гэж заасан ч одоогийн байдлаар эл стандартыг хангасан эрүүл мэндийн байгууллага байхгүй.
III шатлалын эмнэлгүүдэд 4-9 хүний бүрэлдэхүүнтэй техникийн алба ажиллаж байгаа ч сүүлийн үеийн брэндийн тоног төхөөрөмжүүдийг засах хэмжээнд бэлтгэгдээгүй. Тэднийг сургалтад хамруулж, ур чадварыг нь сайжруулаагүй учраас техник хэрэгслээ засаж чадахгүй байна. Улсаас эмч, сувилагч нараа сургана уу гэхээс эвдэрсэн тоног төхөөрөмжийг хэрхэн засах, эсэхэд толгойгоо өвтгөдөггүй.
Эмч, инженер гэж ялгалгүй, тэднийг ижил түвшинд бэлтгэмээр байна. Инженерүүд маш их ажилтай хүмүүс. Эмнэлгийнхээ тасаг бүрийн үзлэгийн жижиг гэрлээс авахуулаад MRI, CT, ангиографи гээд бүхий л тоног төхөөрөмжөө хариуцдаг.
Дээд мэргэжил эзэмшсэн хэрнээ хамаг л хүнд хэцүүг нугалдаг. Тоос шороо арчина, шинэ тоног төхөөрөмж ирэхэд буулгаж, суурилуулах, зөөх гээд нэргүй зарц хийдэг шүү дээ. Тиймээс тэдний орон тоог нэмэгдүүлж, сурах боломжоор нь ханган олон салбарт нарийн мэргэжил эзэмшүүлэх шаардлага тулгараад байна. Сүүлийн үед зарим эмнэлгийн инженерийг гадаадад сургаж байгаа гэх боловч зөвхөн тухайн газар тоног төхөөрөмж нийлүүлсэн үйлдвэртэй танилцуулаад буцаах нь бий.
Тэрнээс биш нэг машин задлуулаад цахилгаан схемд нь гэмтэл гарвал ингэж засна гэсэн электроник сургалтад хамруулдаггүй. Гэтэл үүнийг нь эмнэлгүүдийн дарга нар, эмч мэргэжилтнүүд ойлгодоггүй. “Чи хийх ёстой, заавал зас” гэдэг.
Сүүлдээ эмч нар инженерүүдээ голоод аппаратдаа ч гар хүргэхээ больсон” гэж ярив. ШУТИС эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн арав дахь төгсөлтөө өнгөрсөн хавар хийжээ. Өөр гурван ч сургууль ийм мэргэжлээр оюутан элсүүлсээр байгаа. Боловсон хүчин хангалттай бэлтгэж буй ч техник технологийн дэвшилтэй инженерүүд хөл нийлүүлж чадахгүй, бас чадваргүй байгааг дараах статистик батална.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн 2015 оны нэгдүгээр сард орон нутаг, нийслэлийн I-III шатлалын эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн болон хүний нөөцийн нэгдсэн судалгаа явуулжээ. Өдгөө тэд ашиглахгүй болсон, эвдэрсэн, сэлбэг, хэрэгсэл нь дутуу тоног төхөөрөмжүүдийг ангилж байна. Нэгдсэн дүнгээ оны эцэст гаргах аж.
Тус төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Санж-Очироос судалгааны явцын мэдээллийг сонирхоход “Улсын эмнэлгүүд гэмтэлтэй тоног төхөөрөмжийн судалгаагаа бүрэн ирүүлдэггүй. Бид 17 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн судалгааг авсан.
Нийслэлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн 39 төв мэдээллээ ирүүлэх байснаас 27 нь техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгууллаа. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг нягтлахад өдгөө улсын хэмжээнд 1180 ширхэг тоног төхөөрөмж эвдэрснээс 671 нь орон нутагт бүртгэгдсэн.
Төв эмнэлгүүд, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амьсгалын аппаратууд, өвчтөний хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулагч аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэг, цахилгаан мэс заслын аппарат, ЭХО, ангиографи, тариурын рентген гээд эмнэлэгт байнга ашигладаг, нэн шаардлагатай аппаратууд эвдэрсэн байна.
Аймгуудад ашиглах хугацаа нь дууссан техник төхөөрөмж ч олон байсан. Орон нутагт цахилгааны хэлбэлзлээс болоод аппарат хэрэгслүүд их шатдаг юм билээ. Судалгаагаа нэгтгээд оны эцсээр ЭМСЯ-нд хүргүүлнэ. Боломжтойг нь засаж, заримыг нь актлах байх” гэсэн юм.
Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд өндөр үнэтэй. Харин манай улс мянга гаруй техник хэрэгсэл эвдрэхэд тоохооргүй баян мэт. Инженер хэмээх нэр төртэй, дээд мэргэжил эзэмшсэн нөхдүүд нь засаж “чадахгүй” гэсээр байгаад 1100 гаруй тоног төхөөрөмж эрлэг рүү илгээхэд ийн “бэлэн болгожээ”.
Судалж үзэхэд орон нутгийн эмнэлгүүдийн техник төхөөрөмжийг хариуцдаг ажилтнууд нь мэргэжлийн бус, давхар ажил эрхэлдгээс болоод эвдэрхий мөртлөө эзэнгүй аппаратууд олширсон юм байна.
Тухайлбал, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд нийлүүлсэн дуран оношилгооны тоног төхөөрөмжүүд, суурин дижитал ЭХО аппарат, тархины доплерографи, шүд, нүд, хамар, хоолой, лабораторийн тоног төхөөрөмж, рентгенийг ажиллуулах эмч, сувилагч нарыг сургасан ч эдгээрийг хүлээлгэж өгөөгүйээс ашиглаж эхлээгүй байгаа аж.
Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2011 онд Люксембургийн буцалтгүй тусламжаар SLCU 5000 маркийн ЭХО аппарат, нэг компьютер нийлүүлж, телемедициний кабинет байгуулж өгчээ. Гэтэл жил болоод ЭХО эвдэрч, түүнийг засах инженергүйгээс үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын эмнэлэг 3.4 сая төгрөгийн оношилгооны тоног төхөөрөмж, Шивээговийн эмнэлэг 25.1 сая төгрөгийн аппарат хэрэгслээ боловсон хүчингүйгээс ажиллуулаагүй байна. Түүнчлэн Завхан аймгийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт нийлүүлсэн 54.6 сая төгрөгийн ЭХО аппаратын эмч өөр ажилд шилжсэнээр уг техникийг хариуцах эзэнгүй болж, улмаар эвдэрч ашиглалтаас гарчээ.
Тэгвэл сумдын хүн эмнэлгүүдэд инженер, техникийн ажилтнууд байхгүйгээс анхан шатны эмнэлэгт хэрэглэж буй тоног төхөөрөмж эвдрэх, гэмтэх, тохиргоо нь алдагдах төдийд л ашиглах боломжгүй болж байгаа аж. Аймгийн төвийн мэргэжилтнүүд нь сумдад хүрч үйлчилж чаддаггүй гэсэн.
1990-ээд оны аппарат, техник хэрэгслүүд бүгд схем зураг, хэрхэн засах ном, сурах бичигтэйгээ орж ирдэг байсан бол өдгөө тухайн байгууллага, компанийн өрсөлдөх чадвар, оюуны өмч зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор гарын авлагаас хэтрэх дагалдах хэрэгсэлгүй болсон аж.
Зарим эмнэлэгт чадвартай инженер бийг үгүйсгэхгүй. Ханган нийлүүлэгчтэйгээ хамтраад, онлайнаар холбогдоод тоног төхөөрөмж засаж байсан тохиолдол нэг биш аж. Түүнчлэн инженерүүдийг тийм сэлбэг хэрэгтэй гэхэд эмнэлэг нь аваад өгчих санхүүгийн чадамжгүйгээс шинэ аппаратуудыг засаж чадалгүй актлах тохиолдол ч цөөнгүй гарч буйг эмнэлгүүдийн техникийн албаныхан хэлж байна.
Тэд “Инженерүүд бурхан шиг төгс байж гэмээнэ төрөл бүрийн марк, фермийн машинуудыг засаж чадна” гэсэн нь эмнэлгийн “машинистууд” хэзээ ч мундаг болж чадахгүй гэсэнтэй агаар нэг сонсогдсон. Тиймээс нэг аппаратад зориулж инженер бэлтгэхээс илүүтэй ханган нийлүүлэгчидтэйгээ “контакт сервис” чиглэлээр хамтран ажиллаж, тухайн компаниас ямар үйлчилгээ авч болох уу, өөрсдөө юуг нь хариуцах вэ гэдэг талд тохиролцох нь чухал гэдгийг ч эмч нар хэлж байсан юм.
Технологийн хурдтай энэ эринд шинээр үйлдвэрлэсэн аппарат нэг бүрийг засах мэргэжилтэн бэлтгэх боломжгүй байх нь. Мөн улсын эмнэлгүүд “эмч роботуудынхаа” хугацаат сэлбэгүүдийг ерөөсөө сольдоггүй гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлэв.
Энгийнээр тайлбарлахад, амьсгалын аппаратны гуурсыг тодорхой хугацаанд солих шаадлагатай ч улайтал нь ажиллуулсаар эвдчихдэг тохиолдол олон аж. Тэгэхээр хугацаат болон эвдэрсэн төхөөрөмжүүдийн сэлбэг хэрэгслийн зардлын тодорхой хувийг төсөвт тусгаж, “контакт сервис” нэвтрүүлэх нь манайхны нөхцөлд яг тохирсон арга юм шиг ээ.
О.БАТ-УНДРАХ