Нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээн өмч хувьчлалаар “нүд аних” объектуудын жагсаалтад орсон Хүүхдийн урлан бүтээх төвд очлоо. Үүдээр нь оронгуут өөдөөс мэндчилэн “угтдаг” орон орны хүүхэлдэй тэргүүтэй төрөл бүрийн үзмэр, хүүхэд багачуудын сэтгэл шингэсэн бүтээл янзаараа.
Тааз, хана туурга нь хүртэл “Энэ бол уран бүтээлийн орчин юм шүү” гээд байх шиг сэтгэлд тийм нэг намуун, дулаан байдаг орчин нь амьд хэвээрээ. Мөдхөн энд юу болохыг сайн ухаж ойлгохгүй хүүхэд багачууд урьдын адил хүүхэлдэйгээ урлаж, зургаа зурж, сүрлээ нааж, сүлжих нь сүлжин, хайчилбар, сийлбэрээ хийцгээж байна.
Тус төв 16 төрлийн 23 дугуйланг хоёр ээлжээр хичээллүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар тэнд нийслэлийн зургаан дүүргийн 121 сургуулийн 1415 хүүхэд үнэгүй суралцаж байгаа аж. 2016 оны төсөв хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ дээр энэ төвийг 600 орчим хүүхдэд сургалт явуулдаг гэсэн нь худлаа байж.
Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд явах хүсэлтэй багачууд болоод энд хүүхдээ хөгжүүлэх гэсэн эцэг, эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй учраас тэд үзэсгэлэнгийн хоёр том танхимаа анги болгосон байх юм.
“Манай төв хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, гар урлалаар дамжуулан тэднийг амьдралын арга ухаанд сурган, цаашид мэргэжлийн чиг баримжаа олгох, тодорхой түвшний мэдлэг, ур чадвар эзэмшүүлдэг төрийн үйлчилгээний ганц байгууллага.
Бид Улаанбаатар хотын хүүхдүүдийг дугуйланд хамруулаад зогсохгүй, Сэлэнгэ, Говь-Алтай, Хэнтий, Дархан-Уул аймагтай хамтран ажилладаг. НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид “Хүүхэд бүх талын мэдлэг боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй” гэж заасан байдаг.
Байгуулагдсан цагаасаа энэ л зарчмаар бид үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл бидний саналыг ч сонсолгүй манайхыг хувьчилж, үйл ажиллагааг маань бүр мөсөн зогсоох гэж байгааг үнэхээр ойлгохгүй юм” хэмээн сургалтын менежер М.Энхтуяа ярилаа. Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах гэж байгааг тэд арваннэгдүгээр сарын 24-нд TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг үзээд анх мэдсэн гэнэ.
Тэгээд маргааш нь хамт олноороо нэгдэн, хотын даргад албан хүсэлт явуулсан ч хариу ирэхгүй таг байсаар 30-нд төсвийн эцсийн хэлэлцүүлгээр тус төвийг өмч хувьчлалын жагсаалтаас хасалгүй шууд баталсанд гомдолтой байгаа аж.
“Бид нийслэлд сар болгон тайлан мэдээгээ хүргүүлдэг байхад тэр хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдөд манай төвийн тухай ташаа мэдээлэл өгсөн.
Хүүхдийн урлан бүтээх төв хэдхэн сурагчтай, үйл ажиллагаа нь доголдсон, багш нар нь мэдлэг туршлагагүй мэтээр ярьсан нь манайхыг хувьчлахын тулд зориуд тэгж гуйвуулсан юм болов уу гэж бодоход хүргэлээ. Эцэг, эхчүүд ч үүнийг их гайхаж байгаа” хэмээн уран зургийн багш Д.Ганболд ярилаа.
“МОНГОЛЫН БАГА ЭРМИТАЖ”
Цагтаа Хүүхдийн урлан бүтээх төв Монголын нэр нүүрийг олон улсад тахалдаг цөөн газрын нэг байжээ. Монголд уригдан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид, төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд заавал зочилдог уламжлалтай байсан нь үүний тод жишээ.
Хэдэн жилийн өмнө Санкт-Петербургийн Эрмитажийн орлогч дарга манайд ирээд буцахдаа “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв бол бага Эрмитаж юм байна. Эндхийн хүүхэд багачууд маш баялаг үзмэр урлажээ” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус төвийн багш, сурагчид өнгөрсөн хугацаанд 1800 гаруй үзмэртэй “Бүх дэлхийн амьтны ертөнц”, 5000 орчим үзмэрээс бүрдсэн “Бүх дэлхийн хүүхэлдэйн музей”, “Бүх дэлхийн уран барилга” гэх мэт олон улсын хэмжээний үзэсгэлэн гаргаж байжээ.
Түүнээс гадна “Монголын нууц товчоо”, “Их Монгол 800” зэрэг түүхэн сэдэвт томоохон цуврал үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгож байсан аж. Хүүхдийн урлан бүтээх төвийг үгүй хийснээр тэр олон үзмэрийг хаана хадгалах, яах вэ гэдгээс эхлээд олон асуудал урган гарах нь дамжиггүй.
Уран зураг, хүүхэлдэй бэлэг дурсгал, сийлбэр, сүрлэн сүлжмэл, сүрлэн наамал, баримал, хайчилбар, шүрэн урлал, арьсан урлал, хувцас дизайн, автомашин, нисэх болон усан онгоцны загвар зохион бүтээх, автоматик электроник зэрэг арав гаруй төрлийн дугуйланд ерөнхий боловсролын II-XII ангийн хүүхдүүд хичээллэдэг юм билээ.
Биднийг очиход зургаан анги хичээллэж байсан бөгөөд тэдний дунд эхний жилдээ суралцаж буй хүүхэд байхад таван жил болсон, ирэх хавар төгсөх сурагчид ч байв. Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн XII ангийн сурагч Б.Ханхай “Би дугуйлан дээрээ ирж зургаа зурах дуртай. Эндхийн бүх зүйл урлан бүтээгчдэд зориулагдсан байдаг учраас маш тайван, сайхан мэдрэмж төрдөг” хэмээсэн.
“Тус төвийн үйл ажиллагааг дүүргүүдэд тараан байршуулснаар захын хорооллын хүүхдүүдэд үйлчилгээг илүү ойртуулж байгаа хэрэг” гэж нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Отгонбаяр хэлсэн. Гэхдээ хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшилд орчин нөхцөл хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй.
Юм сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд хоёр автобус дамжаад ч хамаагүй дугуйландаа ирдэг байхад дургүй нэгэнд бол гэрийнх нь гадаа аваачаад ч нэмэргүйг М.Энхтуяа менежер онцолсон нь учиртай.
ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨР ДЭЭВЭР БОЛОН УРЛАГИЙН ТАНХИМАА ЗАСАХ ГЭЖ БАЙЖЭЭ
Хүүхдийн урлан бүтээх төв БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрийн төв “нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. 1993 онд Хүүхдийн урлан бүтээх төв болсон түүхтэй. Тус төвийн барилга нь Монголын анхны архитекторч Б.Чимэдийн бүтээл бөгөөд ур хийц, дизайн, архитектурын хувьд манай төдийгүй Азийн түүх, соёлын дурсгалт барилгын тоонд зүй ёсоор ордог аж.
Тиймээс уг барилгыг хувьчилж нураахын оронд харин ч төрийн хамгаалалтад авч, сэргээн засах ёстой гэж хамт олон нь үзэж буй. 1958 онд ашиглалтад орсон уг барилгын суурьт хоёр удаа хүчитгэл хийсэн боловч хана нь цуурсан, дээврээс нь байнга дусаал гоождог гээд анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд буй.
Хүүхэд, залуучуудын орон гэгддэг Монголын хувьд тэднийг хөгжүүлэх чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллагаа дэмжих ёстой байтал харин ч эсрэгээрээ “нүд аниулах” гэж буй нь харамсалтай.
Харин Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн төрийн анхаарал халамжийг горьдоод зүгээр суусангүй. Японы Элчин сайдын яамтай хамтран “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 200- гаад сая төгрөгийн санхүүжилт авахаар тохиролцож, ирэх хавар дээврээ засахаар төлөвлөж байжээ.
Түүнчлэн 500 хүний суудалтай урлагийн танхимаа тохижуулах, дотоод засал, гэрэл чимэглэл, техник хэрэгслээ шинэчлэх төсөл бичээд Францын Элчин сайдад хүргүүлсэн аж. Хүүхдийн төлөө гэхээр ямар ч газар уриалгахан ханддаг учраас энэ төслөө дэмжигдэнэ хэмээн найдаж суужээ.
Гэтэл одоо тэдний хийсэн бүхэн талаар болж, олон улсын түнш байгууллагуудынхаа итгэлийг хөсөрдүүлэх дээрээ тулсан аж.
1415 ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ХЭДЭН ТЭРБУМ
ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ
“Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга хуучирсан учраас мэргэжлийн хяналтын газраас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан”, “Мөнх цэвдэгтэй газарт анх барихдаа л суурийг нь муу цутгасан, хүчитгэл хийгээд ч нэмэргүй байгаа” гэдэг тайлбар үнэндээ хувьчлах шалтгаан мөн гэж үү. Цаана нь их хэмжээний мөнгө, газрын төлөөх сонирхол байгаа юм биш биз.
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга мөнх цэвдэг дээр баригдсан байлаа гээд тэр хавийн газар үнээ алдахгүй. 2016 онд нийслэл нээлттэй дуудлага худалдаагаар 20 объект хувьчлаад, 46 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас авсан мэдээллээр Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын балансын үнэ нэг тэрбум 47 сая төгрөг юм билээ.
Саяхан нээлттэй дуудлага худалдаагаар зарсан “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэр 24 тэрбум төгрөг хүрснээс харахад уг барилга дээрх үнээ хэд дахин нугалах нь дамжиггүй. Харин энд суралцдаг 1400 гаруй хүүхдийн хүсэл тэмүүллийн галыг унтраасны, 40 гаруй ажилтны хувь заяагаар тоглосны төлөөс хэдэн төгрөгийн үнэтэй бол.
Дуудлага худалдаанаас олсон мөнгийг буцаагаад хүүхдүүдийн төлөө зориулах уу гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй байна. Дүүргүүдэд байгуулсан дугуйлан хүүхдүүдийн хүсэл сонирхол, хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадах болов уу.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын хэлснээр зарим дугуйланг нь Монголын хүүхдийн ордон руу шилжүүлэх юм гэсэн. Тэгэхээр боломжтой айлын хүүхдүүд дугуйланд хамрагдаад, бусад нь хөгжих эрхээ хязгаарлуулна гэсэн үг.
Ирэх онд олон объект хувьчлах учраас заавал Хүүхдийн урлан бүтээх төвөөр оролдохгүй байсан ч 46 тэрбумаа олох боломжтой баймаар. Тэгэхээр “Манайхыг мөнгө олдоггүй, зардал их гаргадаг гэсэн шалтгаанаар таагүй хандах нь элбэг” хэмээн тус төвийнхөн хэлсэн нь учиртай биз.
2013 онд нийслэлээс 200 сая төгрөг гарган тус төвийг засах тухай ярьж байснаа больсон. Тэгээд өнгөрсөн жил төсөв хэлэлцэхэд “Хүүхдийн урлан бүтээх төвийг Залуу техникчдийн ордон болгож өргөтгөнө” гэсэн учраас тэд архитекторч Даш гэдэг хүнээр дөрвөн давхар шинэ байрныхаа зураг төслийг хүртэл гаргуулсан аж.
Гэтэл нийслэлийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид ердөө ганцхан жилийн өмнө хэлснээ мартаад Хүүхдийн урлан бүтээх төвийн гал голомтыг үгүй хийх шийдвэр гаргасан тул ямар нэгэн зүйлд хардахад хүргэсэн бололтой.
Л.ГАНЧИМЭГ