Өнөөдөр бол "Хавдартай тэмцэх дэлхийн өдөр". Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж, цаашид жил ирэх бүр өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэх болохыг анхааруулсаар байна. Гэтэл үүний багагүй хувийг хүүхдүүд эзэлдэг аж. Тиймээс хүүхдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулах хэрэгтэй ч эм, тариа зэрэгт дургүй, юу болоод байгааг ойлгохгүй уурлаж, зөрүүдлэх тал бий. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүүхдэд түүний өвчний талаар тайлбарлах нь эцэг эхчүүдийн өмнө тулгарч буй амаргүй асуудлуудын нэг байж болох юм.
Судалгаанаас хүүхдүүд хүнд өвдсөн гэдгээ эцэг, эх, эмч нарын халамж анхаарлаас мэддэг болохыг тогтоосон байна. Өвчин даамжрах тусам хүүхдийн бие муудаж, мөн түүнчлэн эмч нар байнга үзэж, олон тооны шинжилгээ, үзлэгт хамрагдсанаар хүүхдэд таагүй байдал бий болдог. Үүнтэй зэрэгцээд гэр бүлийнхэн болон ойр дотныхны сэтгэл зовнисон байдал ч илт мэдрэгдэж эхэлдэг. Ийм тааламжгүй үед нь хэн нэгэн хүн түүнд өвчнийх нь талаар зөв тайлбарлаж ойлгуулах нь хүүхэд өөрийн төсөөлөл, айдсын улмаас буруу тайлбар хийж өөрийгөө буруутгахаас сэргийлж чадна. Жишээ нь тэд өөрийг нь зовоож буй өвчнөө өөрийнх хийсэн үйлдлийн хариу шийтгэл ч байж магадгүй гэж ойлгож сэтгэл зовниж түгшиж байж болзошгүй. Иймээс хүүхдэд өвчнийх нь талаар үнэнийг хэлэх нь тэднийг өөрийгөө буруутгах таагүй мэдрэмж, төсөөллөөс нь сэргийлэхийн зэрэгцээ эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө гэж эмч нар санал нэгтэй үзэж байна. Гэхдээ " ХЭН хүүхдэд өвчнийх нь талаар хэлэх нь зүйтэй бэ?", "ХЭЗЭЭ үүнийг хийх вэ", "Яг ЮУГ хэлэх бэ" гэсэн асуултууд тулгарладаг.
Хүүхэдтэй ХЭН ярилцах нь зүйтэй бэ?
Энэ асуултын хариулт нь гэр бүл бүрт янз бүр байдаг. Энэ нь хүүхэдтэй харилцах таны харилцааны ур чадвараас хамаарна. Хүүхдэд хавдраар өвдсөн талаар хэлэх нь эцэг эхчүүдийн хувьд маш хүнд асуудал байдаг. Гэхдээ та энэ талаар хүүхэддээ өөрөө хэлэх эсвэл эмчээр нь тайлбарлуулж хэлж болох юм. Эцэг эх болон хүүхдийн ойр дотны хэн нэгэн хүн хүүхдэд ойр байж сэтгэл санааны дэм өгч, хайрлаж энэрч байх хэрэгтэй.
Хэрвээ та хүүхэдтэйгээ өөрөө ярилцах гэж байгаа бол юуны өмнө өвчнийх нь талаар хэрхэн яаж хэлж зөв ойлголт өгөх талаар танд тусалж чадахуйц хүнтэй ярилцаж зөвлөлдөх нь чухал. Танд хүүхдийг эмчилж буй эмч, сувилагч, сэтгэлзүйч нар сайн зөвлөгөө өгч чадахаас гадна өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй саналаа солилцох нь ч бас танд тус болж чадна. Магадгүй та өөртөө итгэлтэй байж өөрийгөө бэлтгэхийн тулд толины өмнө сургуулилалт ч хийж болох юм.
Хүүхдэд өвчнийх нь талаар ХЭЗЭЭ хэлэх вэ?
Хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлог болон бусад олон зүйлийн талаар зөвхөн ТА л хамгийн сайн мэдэх учраас “ өвчнийх нь талаар хүүхдэд ХЭЗЭЭ хэлэх вэ” гэдгийг эцэг эх та бүхэн л зөв шийдэж чадна. Хүүхдэд бүгдийг нэг дор хэлэхгүй байх нь зүйтэй бөгөөд аль болох тайван, таатай хүүхдийн дуртай орчин нөхцөлд жишээлбэл ой мод, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газар гэх мэт газар байж болох юм.
Онош нь тодорхой болсноос хойш аль болох цаг алдалгүй хэлэх нь зүйтэй байдаг. Учир нь өвчин даамжрах тусам хүүхэд айх, эргэлзэх зэрэг таагүй байдалд гүнзгий орж энэ хүнд байдлаасаа гарахад төвөгтэй болдог.
Өвчний тухай ярихаас өмнө таны хүүхэд ямар төрлийн хавдрын өвчнөөр өвдсөн, ямар хугацаанд яаж эмчлэх талаар маш сайн ойлгосон байх нь чухал. Ингэж чадвал хүүхэд тань танд тавьж болох асуултуудад та хариулж чадах бөгөөд ингэснээр хүүхэддээ зөв олйгуулж өвчнөө даван туулахад дэм болж чадна.
Та хүүхдээ өвчнөө даван туулахад нь дэм болж чадна
Өвчин даамжрах, удаашрахын хэрээр та төдийгүй таны хүүхэд тань ч мөн итгэл алдарч, түгшүүртэй тайван биш, айдастай болж эхэлдэг. Гэсэн хэдий ч хүүхэд тань энэ талаараа хэлж чадахгүй ч ямар нэг байдлаар илэрхийлдэг. Хүүхэд тань урьд өмнө нь ямар байсан талаар эцэг эхчүүд та бүхэн сайн мэдэх учраас түүнд гарч буй янз бүрийн зан авирын болон биеийн өөрчлөлтийг та бусдаас түрүүнд анзаарч мэдэрдэг. Иймээс та бүхэн хүүхэд өөрийнхөө айдас түгшүүрийг илэрхийлэх, даван туулахад дэм болохын тулд тэдний дуртай тоглоомоор тоглох нь сайн арга болж чадна. Жишээ нь зураг зурах, гэрийн тэжээмэл амьтан, хүүхэлдэйгээр, машинаар тоглох, эсвэл эмнэлгийн ямар нэгэн багажаар тоглох зэрэг. Ер нь хүүхэд өөрийнхөө айдас түгшүүр сэтгэл зовнилоо янз бүрээр илэрхийлдэг жишээ нь хоолондоо дургүй болох, сурлага, сахилга бат нь өөрчлөгдөх зарим хүүхдэд бүр бага насных нь орондоо шээх, хуруугаа хөхөх зэрэг зуршлууд илэрч болдог. Иймээс та хүүхэддээ илэрч буй өөрчлөлтийн талаар үүнийг даван туулах, түүнд дэм өгөх талаар сургуулийн эмч, сувилагч, багш нартай зөвлөлдөхөд илүүдэхгүй. Тэд ч бас танд тусалж чадна. Бусдын адил тань ч бас 6 дахь мэдрэхгүй байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв