Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн дөхөөд ирэхээр зурагт, радиогоор уртын дуу хангинан, морин хуур эгшиглэхүйд монгол хүний сэтгэл цаанаа л нэг билгүүн агаад ялгуунаар хөглөгдөнө.
Дэлгүүр хоршоог дүүргэсэн ааруул, өрөм, шар тостой боов үнэр хийгээд үзэмж төгс нүнжигтэй. Хурган дотортой дээл, ээтэн хоншоортой гутал, улаан бүчтэй булган лоовууз, үнэт чулуун хөөрөг, нандин хатгамалт даалин сэлт нүд хужирлах нь ч ванлий. Ийнхүү хавтай сайхан Монгол оронд минь урь наашлуулан, мичин жил айсуй.
Цагаан сараар ахмад настанд мөнгө барьж золгодгоо, ирсэн гийчин бүрийн гар дээр бэлэг тавьдгаа зогсооё гэсэн уриалга сүүлийн хэдэн жил сүрхий дэвээд, ноднингоос сонсогдохоо ч больж.
Амьдралд нийцэхгүй болоод аажим замхарсан нь тэр юм болов уу. Өтгөс буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, онд энх мэнд, элбэг дэлбэг орох бэлгэ дэмбэрлийн ёсон бидний үед эдүгээчлэгдэхдээ мөнгөтэй золгох, гар цайлгах зан үйл болон уламжлагдаж байгаа хэрэг.
Бэлэг сэлтийг хэрхэх тухайд хүмүүс янз бүрийн бодолтой явна. Нийтээрээ өгнө, эс өгнө гэсэн албан хууль үгүй ч ард олноороо тэмдэглэдэг Цагаан сарын баярыг өнгөтэй, өөдтэй тэмдэглэх гэж чадах чинээгээрээ хичээж байгаа.
Хүн хүний, айл айлын аж байдал өөр учраас зэхэж бэлтгэх мөнгөний хэмжээ харилцан адилгүй. Зуу шахам гийчин айлчлан ирэх 60 настны сар шинийн нийт төсвийг нэг сая төгрөг хэмээн тооцож жишээ татъя.
Энэ тохиолдолд ууц, бууз, зууш, ул боов, тавгийн цагаан идээ, чихэр, жимс, архи, шүүс тэргүүтэн 500 орчим мянган төгрөг болох бол тэн хагас нь буюу мөн л 500 мянган төгрөг дангаараа бэлгэнд зарцуулагдаж байна.
Ач гуч олонтой, өндөр настай азай буурлууд Цагаан сарын шинэдээр 300-400 хүн хүлээн авах нь энүүхэнд. Ийм өрх хоёр саяас доошгүй төгрөгөөр бэлэг худалдан авах шаардлагатай болдог. Бас л чанга тоо шүү.
Дээхнэ үед Цагаан сар өнгөрөхөөр гэрээ өгөхөөр тохирч мөнгө зээлдэг байсан гэх хошигнол бий. Үнэндээ одоо ч тиймэрхүү өгөө, аваа яваад л байгаа. Бүл чадал муутай хөгшчүүд тэтгэврийн зээл авна, дээр нь хэдэн хүүхдээ дайчилж байж ард нь гардаг ийм л нүсэр баяр юм.
Гэвч монголчуудын сэтгэл мохохгүй нь урамтай гэж. Цагаан сараа бэлгэ дэмбэрэлтэй угтах гээд өр зээлэнд огт хотойсон шинжгүй, тор тороор нь базаасаар л. Үүгээрээ л бид дэлхийгээс ялгардаг байх.
Уут саваа юугаар дүүргэж байна гэхээр нөгөө л хятад бараанууд голчилно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санаачилгыг монгол хүн бүр уриалгахан тосовч “Made in Mongolia”-д хэд хэдэн дутагдал байна аа.
Өндөр үнэтэй ноос, ноолууран цамц, эсгий шаахайнаас өөр элдэв янзын сонголт алга. Ноолууран бүтээгдэхүүн хямдарлаа гэхэд цамц 50 мянгаас буухгүй нь ойлгомжтой тансаг хэрэглээ.
Хүүхдэд монгол зурагтай эвлүүлдэг тоглоом авах гэтэл ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй гэсэн. Даавуун оймс гэхэд л 3500 төгрөг. Ингээд л хямд төсөр бараатай Эрээн хот цэцэглэж байгаа юм.
Сар шинэ болж байхад бэлгэгүй зүйл яриад яах вэ, нэгэнт л нийтээрээ өөрчлөх бодолгүй байгаа хойно. Монголын ёс байна даа, бэлгэ дэмбэрэлтэй, бэлэг сэлттэй сайхан шинэлцгээе ээ.
Б.ЭНХЦЭЦЭГ
ҮНЭ ХАНШ

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ СОНГОЖ БАЙНА
Томоохон худалдааны төв, үйлчилгээний газруудад “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа гарчээ. Айлчин, гийчнийхээ алгыг дээш харуулах аятайхан бэлэг авахаар олон хүн цугларсан газар бол МҮЭСТО.
Тус ордны нэгдүгээр давхарт үндэсний хувцас, гоо сайхан, савхи, эсгий, чулуун эдлэл зэрэг бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа нээгдсэн бол хоёрдугаар давхарт нь “Сүү”, “Талх чихэр”, “Тэнгэрийн хишиг”, “Суман гүн”, “Хатан сүйх”, “Хөгжил трейд”, “Голден гоби” зэрэг компанийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
Уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 100 гаруй байгууллага оролцож байна.
Бид нэг үеэ бодвол Эрээний бараанаас илүү эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүүд үзэж, сонгодог болсон. Гэвч үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй. Харин энэ удаа үндэсний бараануудаа үйлдвэрийнх нь үнээр худалдаж байлаа.
Үйлчлүүлж буй хүмүүс ихэвчлэн Монголд үйлдвэрлэсэн оймс авч байгаа харагдав. Үзэсгэлэн худалдаанаас нүдэнд туссан нь үндэсний бөх, морь, сур харваачийн зураг бүхий шаазан аяганууд.
Тэдгээрийг “Гоё хөхтий” компани үйлдвэрлэжээ. Хоолны аяга 2500, цайных 1500, таваг 5000 төгрөгийн үнэтэй. Тус компанийн борлуулагч Д.Дунгаамаа “Хятадаас түүхий эдээ оруулан ирж, эндээ боловсруулдаг болохоор өртөг өндөр гардаг. Тиймээс хүмүүс 1000 төгрөгийн үнэтэй, хятад аягыг илүү худалдан авч байна” гэв.
Үүний дараа үндэсний үйлдвэрийн нэг брэнд “Халгай” шампунь ирийтэл өрсөн лангууны дэргэд очлоо. Уг шампунийг ширхгээр худалдаалж байв.
Цагаан сарын баярт зориулан нэг удаагийн шампунийг зургаан ширхгээр савлан 1200 төгрөгөөр үнэлжээ. Өдөрт 500 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарж буйгаа борлуулагч нь бидэнд дуулгасан.
Монголчуудын хэрэглэж сурсан, ам сайтай байдаг бүтээгдэхүүн бол яах аргагүй арьсан цүнх, хэтэвч, бүс. Харин энд арьсан цаг анхаарал татсан юм. Арван хоёр жилийг дүрсэлсэн арьсан цагийг 18.000-30.000 төгрөгөөр зарж байв. Мөн арьсан гадартай тэмдэглэлийн дэвтэр 4000 төгрөгийн үнэтэй.
Бэлэг дурсгалын зүйлээс гадна багачуудыг баярлуулах гол зүйл бол яах аргагүй амттан. Тэдгээрээс үндэсний үйлдвэрийн “Голдон гоби” шоколадыг онцлов. Уг шоколад төрөл төрлөөрөө тэнд “цугларчээ”.
Мөн “Талх чихэр” компанийн үйлдвэрлэсэн “Хоох”, “Аз жаргалын өглөө” жигнэмэг эрэлт ихтэй байв. Үүнээс гадна импортын бараа, бүтээгдэхүүн ч цөөнгүй харагдана.
Гартаа том цүнх барьсан нэгэн эмээгээс сар шинийн бэлтгэлээ хэр базааж буйг асуухад “Хэвийн боовны амталгаа хийгээд явж байна. Шар тостой, амт сайтайг нь авна даа. Тэгээд бас хүүхдүүддээ өгөх бэлэг авах санаатай. Бусад хүнд өгөх бэлгийг хүүхдүүд маань аваад өгчихсөн.
Эмээ нь бэлгэ дэмбэрлийг нь бодож дээшээ харсан сав голдуу бэлгэнд өгдөг юм. Өнгөрсөн жилүүдэд 500-600 мянган төгрөгөөр Цагаан сараа хийчихдэг байсан чинь энэ жил сая гаруй төгрөг зарцуулах нь байна.
Үнэ хямдарсан ч авч дийлэхгүй л байна шүү. Гэхдээ дараа нь “хог” болдог хятад бараа бэлгэнд өгч байснаас монгол оймсоо өгсөн нь дээр” гэв. Цалин нэмээгүй байхад барааны үнэ хэд дахин өссөн.
Тиймээс хэчнээн хямдраад ч хүмүүс хүссэнээ авч чадахгүй байгаа нь тэнд цугларсан хүмүүсийн сонголтоос харагдаж байлаа. Гэхдээ хятад бараа өгснөөс монгол оймсоо бэлэглэх нь илүү гэцгээсэн юм.
Ч.БОЛОРТУЯА
ДЭЛХИЙН ЖИШИГ
БЭЛЭГ бол бэлгэдэл
Юугаараа баян, түүгээрээ дайлна гэдэг дээ. Ахуйн чанартай мэт энэ үгийг ухаад бодвол цаанаа өргөн утга, агуулгатай. Монголчууд эрт үеэс малаа даган, нүүдэллэн амьдарч ирсэн уламжлалтай.
Тиймдээ ч гийчин ирэхэд хонь гаргаж, тараг, айргаараа дайлдаг. Ус бараадаж, газар шүтэж амьдардаг улс, үндэстнүүд бол цагаан будааны боов, замаг, жараахайгаар ширээгээ дүүргэдэг нь мөн л уламжлалт амьдралынх нь хэв маягтай уялдаатай.
Энэ бүхнийг нуршсан учир нь сүүлийн үед монгол хүмүүс Цагаан сарын баяраа тээршаах аястай үг их унагах болсонтой холбоотой.
Бидний уламжлал, онцлог ийм л юм хойно идээгээ засаж, ууц, шүүсээ чанаад, аав ээж, ахан дүүстэйгээ золгоод сайхан баярлахдаа юунд ундууцна вэ. Ингээд бодтол энэ бүхнээс гадна алга дээш нь харуулдаг ёс өнөө цагт эртний уламжлалаасаа арай л хазайчихсанаас болж иргэдийг бухимдуулаад байгаа аж.
Жилд ганц тохиодог цагаан баярыг “харлуулахад” хүргээд буй бэлгэнд үнэхээр учир байна аа. Бидэнтэй адил билгийн тооллоор шинэ оноо угтдаг бусад улс, үндэстнүүд Цагаан сараараа юу бэлэглэдгийг сонирхлоо.
Вьетнамчууд энэ баяраа Тет нгуен дан гэдэг бөгөөд цусан төрлөөрөө цуглаж, элдэв янзын ногоо, жимсээр дүүргэсэн ширээндээ суудаг байна.
Энэ үеэр настангууд багачууддаа улаан дугтуйнд хийсэн мөнгө өгдөг ёстой аж. Харин гэр бүлийн бусад гишүүндээ ихэвчлэн хувцас, алчуур, ороолт зэргийг бэлэглэнэ.
Соль наль хэмээн нэрлэдэг Цагаан сараараа солонгосчууд зөвхөн халуун ам бүлээрээ цугладаг. Төрсөн эцэг эх, эмээ өвөөдөө болон гахайн толгой, идээ будаа дэлгэсэн тахилд мөргөсний дараа хүүхэд, багачуудад дугтуйтай мөнгө өгдөг.
Ерөөс энэ баярын гол утга учир нь хүүхдүүдийг баярлуулахад оршдог. Аав, ээждээ хүүхдүүд нь ихэвчлэн мөнгө өгөхөөс гадна будааны амттан, эрүүл мэндэд тустай бэлдмэл, зөгийн бал, хатаасан загас ч бэлэглэдэг.
Манай урд хөршийнхөн Еэвэн сараараа мөн л халуун бүлээрээ баярладаг. Тэгээд аав, ээж нь гэр бүл зохиож амжаагүй гоонь хүүдээ улаан өнгийн дугтуйнд мөнгө хийж бэлэглэдэг заншилтай аж.
Харин гэр бүл болсон хүүхүүддээ эв эеийг бэлгэдэн хос аяга, савх гээд заавал хос зүйл өгдөг.
Үүнээс гадна шинэ оноо угтаж дэлхийн улс, үндэстнүүд мөн л уламжлалт бэлгээ өгдөг заншилтай аж. Жишээ нь, суданчууд идээ будаа, эд баялаг арвин байхыг бэлгэдэн бие биедээ ногоон самар буюу хушга бэлэглэдэг бол можар хүмүүс оюунлаг байхыг ерөөж ном “солилцдог” гэнэ.
Мөн настай хүмүүст дулаан оймс, багачуудад өөрсдийн гараар урласан “сэтгэлээ” бэлэглэдэг байна. Болгарчууд шинэ онд хир буртаггүй явахыг хүсэж, нэгэндээ яргай саваа өгдөг гэнэ.
Итали хүмүүс бэлгийг мэдрэмжийн дэнс гэдэг учраас чанарыг эрхэмлэдэг аж. Тиймээс сайн чанарын дарс, эсвэл ноолууран ороолт, зангиа сонгох нь бараг ёс болсон байдаг. Сербчүүд эртнээс бие биедээ үр, шош зэрэг жижиг ширхэгтэй бүтээгдэхүүнээр дүүргэсэн шилэн сав бэлэглэдэг.
Япончууд албан ёсоор билгийн тооллын Цагаан сар хийхээ болиод олон жил болсон. Гэхдээ уламжлал ёсоороо бол шинэ жилийн баяраар муутуу цаасаар хийсэн хүүхэлдэй бэлэглэдэг байна.
Ингэхдээ өрөөсөн нүдийг нь зурдаггүй. Учир нь түүнд хүслээ шивнээд, тэр нь биелсэн цагт нөгөөхийг нь зурж өгдөг ёстой аж.
Э.ХАНА
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Цагаан сараар хүмүүст юу бэлэглэхээр бэлдсэн бэ?
Д.НАНСАЛМАА (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Одоогоор бэлгээ бэлдээгүй л байна. Маргаашнаас (өнөөдрөөс) гадуур явж цуглуулна. Ер нь хүмүүст жижиг, бэлэг дурсгалын зүйл өгвөл зүгээр байх. Бас мөнгө өгдөг юм уу гэсэн бодол бий.
Хүмүүс бэлгээ янз бүрээр л бэлддэг байх. Дотнын хүмүүстээ болон энгийн танилуудад өгөх бэлэг өөр байдаг шүү дээ. Тиймээс дотооддоо үйлдвэрлэсэн 20 орчим мянган төгрөгийн үнэтэй зүйлийг дотнын хүмүүстээ өгье гэсэн бодолтой явна.
Харин бусдад нь хамгийн үнэтэйдээ 8000 орчим төгрөгийн бэлэг өгнө. Хамгийн гол нь чанартай, хэрэгцээтэй зүйл байх нь чухал.
Ж.НАРАНГАРАВ (Сүхбаатар дүүргийн иргэн):
-Боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, ноосон өмд, оймс өгөхөөр бэлдсэн. Харин хүүхдүүдэд нэгж, 1000 төгрөгтэй өгнө дөө. Манайхан нэгнээсээ илүү гарах гэж Цагаан сараар хамаг байдгаа барж байгаа нь буруу юм шиг.
Уг нь тэгэх шаардлага байхгүй шүү дээ. Өмнө нь манайхан битүүлгээ хуваагаад, бэлэг өгдөггүй байсан. Гэтэл одоо хүний алга дээш харуулах бэлэг авахын тулд бид урд хөршид хөрөнгө оруулж байна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс бэлгэнд өгчих юм үнэндээ байдаггүй. Бас хэтэрхий үнэтэй. Бэлэгнээс татгалзвал зүгээр гэж би боддог.
Бас хэзээнээс мөнгө барьж золгодог болсон юм, бүү мэд. Ахмадууддаа хадаг бариад л золгочихдог биз дээ.
Я.СҮРЭНЦЭЦЭГ (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Би энэ жил оймс бэлэглэхээр авсан. Ингэхдээ дотоодын “Тод” үйлдвэрээс эрэгтэй хүний оймсыг 1600, хүүхдийнхийг нь 1300 төгрөгөөр авсан. Арваас олон ширхгийг авбал ингэж хямдардаг юм билээ.
Бас эмэгтэйчүүдэд зориулж нүүрний маск авсан. Зарим хүнд аяга, стаканы цуглуулга өгөхөөр бэлдэж байгаа. Энэ жил үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байна.
С.ОЮУНГЭРЭЛ (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй байна. Бэлгэнд юу өгөх вэ гэдэг сонголт ч алга. Дотооддоо үйлдвэрлэж байгаа юм чинь чанартай бүтээгдэхүүн хийгээд, импортын бүтээгдэхүүнээс хямд үнээр зарвал хүмүүс авах л байх. Би дотоодын компаниудаа дэмжье гээд оймс авчихсан.
Гэтэл дутагдалтай тал их байна. Тэр оймс дээгүүрээ их зузаан оёотой байх юм. Тэр нь хөлийг нухаад байдаг. Нимгэн оёдолтой хийвэл хүмүүс олноор авах байх.
Бидний насны хүмүүс ажил хийгээд авсан цалингаараа баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй. Гэтэл тэтгэврийн хөгшид бэлэг бэлдэхэд хэцүү шүү дээ.
Э.БИЛЭГМАА (Багануур дүүргийн иргэн):
-Нэгнийхээ дээр гарах гэж уралдан, үнэтэй бэлэг өгөх шаардлага байхгүй юм шиг санагддаг. Үндэсний баяр болох гэж байхад муу юм яримааргүй л байна. Би баярын бэлтгэлээ базаах санаатай Улаанбаатарт ирсэн.
Бэлэгний сонголт тааруу, зарим зүйл нь хэтэрхий үнэтэй байна. Ер нь Цагаан сараар бага насны хүүхдүүдийн гарыг цайлгадаг жишигтэй болмоор байгаа юм. Томчуудыг нь хоол ундаар дайлаад, ирэх жилийнхээ тухай ярилцдаг байвал хэн хэндээ хүндрэл багатай юм шиг санагддаг.
Ер нь жилийн жилд л бэлэгний асуудал яах аргагүй хүндрэлтэй байдаг. Ялангуяа залуучуудад өгөх бэлэг.
Э.ХАНА
БАЙР СУУРЬ
Г.Цэрэнханд: Аливаа зан үйл ямар нэгэн үүрэгтэй
учраас уламжлагдаж ирдэг
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Цэрэнхандтай Цагаан сараар бэлэг өгөх уламжлалын талаар товчхон ярилцлаа.
-Монголчууд Цагаан сараар зочдодоо хэзээнээс бэлэг өгдөг болсон юм бол. Үүнийг тодруулсан судалгаа байдаг юм болов уу?
-Бэлэг өгөх, авах нь хүмүүс хоорондын харилцааны соёлын нэг хэлбэр учраас нэлээд эртнээс үүсэлтэй болов уу. Цагаан сар бол монголчуудын эртний уламжлалт хүндэтгэл, бэлгэдлийн баяр.
Тиймээс хүндэтгэл, бэлгэдлээ дагаад бэлэг өгөх зан үйл нь эртнээс уламжлалтай. Ямартай ч Марко Пологийн тэмдэглэлд “Монголчууд Цагаан сар гэж баяр тэмдэглэдэг. Энэ баяраар хүмүүс ихэвчлэн цагаан морь унаж, цагаан өнгөтэй хувцас өмсдөг. Цагаан тэмээнд ачаа ачиж хаандаа бэлэг барьдаг” гэсэн байдаг.
Тиймээс XIII зууны үед бэлэг өгдөг байжээ. Энэ үед Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан. Хубилай хааны үеэс хаврын эхэн сард тэмдэглэдэг болсон.
-Эрт үед Цагаан сарын бэлгэнд өгөхийг цээрлэдэг зүйл байсан болов уу?
-Цагаан идээ дэлгэрсэн үед тэмдэглэдэг байсан болохоор Цагаан сар нь цагаан өнгөний бэлгэдэл. Тиймээс эрт үед цагаан өнгөтэй зүйлс ихэвчлэн бэлэглэдэг байсан. Цагаан хурганы арьс, цагаан алчуур гэх мэт.
Мөн зочдодоо ганзагалаа хэмээн идээнийхээ дээжээс бэлтгэж өгдөг байсан. Шинийн нэгний өдөр мал хариулсан хүнд хишиг өгдөг. Айлд бэр болсон охиноо буцахад нь хонины хаа, өвчүү зэргийг өгдөг байсан юм билээ.
Энэ бүгд бэлгэдлийн утгатай. Харин хар өнгийн зүйлс бэлэглэхээс зайлсхийдэг байсан.
-Нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэгцээг дагаад Цагаан сараар бэлэг өгөх уламжлал өөрчлөгдөж байна. Нэг үе ахмад хүмүүст хадаг барьж золгож, бэлэглэдэг байсан. Одоо ихэнхдээ мөнгө өгдөг болсон байна.
-Аливаа зан үйл ард түмний хэрэгцээ шаардлагад тулгуурлан өөрчлөгдөж хөгждөг. Манай улсад бурхны шашин хүчтэй дэлгэрч байсан үед хадаг эдийн дээд байлаа. Тиймээс ахмад настнуудаа хүндэтгэж хадаг барьдаг байсан.
Ард түмний амьдрал сайнгүй байгаа болохоор хэрэгцээг нь бодож мөнгө өгдөг болсон. Цаашид нийгмийн хөгжлөө дагаад бэлэгний агуулга, хэлбэр үргэлж өөрчлөгдөх нь тодорхой.
-Хүмүүсийн санхүүгийн байдлаас шалтгаалж Цагаан сараар гараас гар дамжсан хэрэгцээгүй бэлэг өгөх нь олширсон.
Тиймээс манайхан Цагаан сар дөхөхөөр л бэлэг өгөх хэрэгтэй, хэрэггүй гэж маргалддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Аливаа зан үйл ямар нэгэн үүрэгтэй учраас уламжлагдаж ирдэг. Тэр зан үйлийг ард түмэн авах, гээхийн ухаанаар, жинхэнэ мөн чанараар нь хадгалах ёстой. Эртний уламжлал, бэлгэдлээ бодвол бэлэг өгөх нь зүйтэй.
Цагаан сарын гол утга агуулга бол эцэг эх, үр хүүхэд, ахмад настан, хамаатан саднаараа уулзаж, бие биенээ баярлуулах юм. Бусдыг баярлуулах гэж бэлэг өгдөг шүү дээ.
П.ТУНГАЛАГ