
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд замын хязгаарлалтыг тэлсэн бүсчлэлд 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй.
