
Автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх болсонтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өчигдөр нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн санал, гомдлыг сонслоо.
(2).jpg)
Өдгөө нийслэлд карт борлуулж, цэнэглэх үйлчилгээ үзүүлдэг газар 420, явуулын цэг 11 бий. Гэвч иргэдийн олонх нь карт борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулж байв. “Улаанбаатар смарт карт” компанийн мэргэжилтнүүд “Цахим карт борлуулах цэгийг 500 болгохоор зорьж байгаа. Ийм үйлчилгээ үзүүлдэг ТҮЦ-үүд өглөө эрт ажилладаггүй гэсэн гомдол иргэдээс их ирсэн. Цаашид хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана” хэмээсэн бол Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэд карт борлуулдаг газар хаана байна вэ гэж хайхгүй, хамгийн ойроос авдаг болчихвол нийтийн тээврийн хэрэгслийг ухаалаг системд шилжүүлсний үр дүн гарна” гэж ярилаа.

Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр хот өргөжин тэлж байгаа тул автобусны чиглэлийг уртасгах, давхацлыг бууруулах асуудал тулгамдаж буйг иргэд ч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл ч онцолсон. Тодруулбал, хүн амын төвлөрөл ихтэй бүс рүү зорчих нь нийтийн тээврийнхэнд ашигтай учир ийм чиглэл рүү хошуурцгаадаг гэнэ.

Тэгвэл ашиггүй, зорчигч багатай газарт нийтийн тээврийн унаа харьцангуй цөөн явдаг аж. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлаж, нийтийн тээврийн сүлжээг илүү боловсронгуй болгоход холбогдох мэргэжилтнүүдийг дайчилна гэж албаны хүмүүс хэлэв.
Нийслэлийн удирдлагууд хотын төвөөр автобусаар зорчиж, иргэдийн санал бодлыг сонссоны дараа Улиастайн эцэст байрлах жолооч нарын “сувилал”-д очив. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар түр амрах, хооллох зориулалттай ийм төв нийслэлд дөрөв бий. Тэгвэл цаашид автобусны эцсийн зогсоол бүрийг жолооч, хянагч нар амрах байртай болгохоор төлөвлөжээ.
Энэ үеэр ярьсан өөр нэг асуудал нь ажлын цагийг өөрчилсөнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний хугацааг өөрчлөх тухай юм. Холбогдох байгууллагын мэргэжилтнүүд судалж, зөвлөлдсөний дүнд үүнийг шийдэх гэнэ. Дашрамд дуулгахад, нийтийн тээврээр зөвхөн цахим карттай иргэдийг зорчуулж эхэлснээр автобус баазуудын өдрийн орлого хоёр дахин өссөн гэнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд ямар асуудал тулгамдаж байгаа талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Б.СҮХХУЯГ (Сонгинохайрхан дүүргийн иргэн):
-Бэлэн мөнгөний хайрцгийг авснаас хойш жолооч нар зорчигчдоо орхиж давхидаг, зарим буудал дээр зогсохгүй өнгөрөх тохиолдол нэлээд гарч байна. Үүнийг хянах хэрэгтэй.
Б.ЦЭЦЭГДАРЬ (Өндөр настан)
-Автобусны чиглэлийг өөрчилж, хуучнаар нь явуулах хэрэгтэй. Зүүнсалаа чиглэлд явдаг автобус цөөн учраас дор хаяж 2-3 дамжих юм. Үүнээс болоод дамжиж суух хөнгөлөлт эдлэх 30 минут нь өнгөрч, иргэд “шатсаар” байна.
Б.ГАНСЭЛЭМ (МУИС-ийн оюутан):
-Цахим төлбөрийн системд шилжсэн нь зөв. Гэхдээ автобусны тоог нэмэх шаардлагатай болов уу. Өнөө өглөө гэхэд автобус хүлээж 30 минут хэртэй зогслоо. Уг нь цаг хэмнэж, ажлаа амжуулах гэж нийтийн тээврээр зорчдог шүү дээ.
Б.ЧИМЭГ (Сүхбаатар дүүргийн иргэн):
-Автобуснаас буухдаа картаа уншуулахаа мартаад дамжин суух хөнгөлөлт эдэлж чадахгүй байна. Автобусны хянагч нар иргэдийг ороход нь картаа уншуул гэж шаарддаг шиг буухад ч сануулмаар юм.
Ж.ТАМИР (Сүхбаатар дүүргийн иргэн):
-Байнга биш ч автобуснууд эвдрээд зогсчихдог. Шинэчилж, засах хэрэгтэй.
С.ЭРДЭНЭСУВД (Оюутан):
-Одоо нийтийн тээврийн ариун цэвэрт анхаармаар байна. Ялангуяа дулааны улиралд хүн суух аргагүй бохир, тоостой автобуснууд нэлээд зорчдог. Зарим нь хогийн сав ч үгүй байдаг.