
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор хоёр сарын хугацаанд үргэлжлэх аян өрнөж буй. Аяны хүрээнд явган зорчигч, тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ гэдгээ нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй хэлж байв.
Гэвч нийслэлийн удирдлагууд “Логарифм” сургуулийн хашааг буулгаж, авто зам барих болсон аж. Өчигдөр Сүхбаатар дүүргийн Газрын алба болон тус сургуулийн сурагч, багш нар уг асуудлаас болж маргаан дэгдээв. Үүссэн нөхцөлийг тэднээс тодрууллаа.
СУРАГЧИД ОСОЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ
Х.Базаррагчаа (“Логарифм” сургуулийн менежер):
-Өнөөдөр (өчигдөр) Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга хэсэг хүний хамт ирж, сургуулийн хашааг буулгахыг оролдлоо. Тэд барих замын зургийг өнөөдөр л авчирч харуулаад “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд энд зам байхаар тусгасан” гэж хэлсэн.
Сургуулийн хашааг буулгаж, хоёр урсгалтай зам барих гэнэ. Бид стандартын дагуу хашаа барьж, сурагчдынхаа аюулгүй байдлыг хангасан. Хэрэв хашааг буулгаж, сургуулийн үүдээр зам тавьбал сурагчид осолд өртөх эрсдэлтэй.
ЗАХИРАМЖ БИЕЛҮҮЛЭХЭЭР ОЧСОН
Д.Сугар (Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга):
-“Сонор плаза”-гийн дэргэдүүр тавьсан зам тус сургуулийн орчимд төгсдөг. Нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгынхоо хүрээнд тэр замыг Бээжингийн гудамжтай холбох шийдвэр гаргасан.
Гэтэл зам барих хэсэгт түргэн үйлчилгээний хоёр цэг, “Логарифм” сургууль болон “Окэй” төвийн хашаа орсон байдаг. “Окэй” төвийн газар зөвшөөрөлгүй. Тиймээс бид Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр очсон.