
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар ажлаа хэвийн явуулж, иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг БЗД-ийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий, ИТХ-ын төлөөлөгч Г.Атармаа нарын хууль бус үйлдэл хааж байгаа талаар мэдээлэв.
ИТХ-ын дарга Ш.Ганчимэг хэлэхдээ "О.Бат-Өлзийн даргалдаг сонгуулийн хороо шөнө дөлөөр, эсвэл ажлын бус өдөр хуралдах, нэг өдөр 19 тогтоол гаргах зэргээр Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр баталгаажсан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан үйлдлийг удаа дараа хийж байна. Миний бие 2016 оны арваннэгдүгээр сарын 03-ний өдрийн хуралдаанаар сонгогдон, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад III хорооноос сонгогдсон төлөөлөгч Г.Атармаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд дүүргийн ИТХ-ын тамга, албан бланкыг хуурамчаар үйлдэн өөрийгөө ИТХ-ын даргад өргөмжилж БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргад дэвшүүлсэн бичиг үйлдэн Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүргүүлсэн. Энэхүү хууль бус үйлдлээс болж Хотын захирагч Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон захирамж гаргаж, улмаар цагдаагийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүссэн. Тиймээс иргэдийн төөрөгдүүлж, хууль бус үйлдэл гаргасан Г.Атармаа нарын хууль бус үйлдэлд хуулийн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна" гэж ярилаа.