
Улаанбаатар хотын төвөөс дайжсан золбин ноход Богд уул, Туулын бургасанд үүрлэж, бор гөрөөснөөс эхлээд зооглох болов. Өлсгөлөн нохдын савраас зугтаж, Зайсангийн суурьшлын бүсэд аврал эрэн хэвтэх бор гөрөөсний зургийг нийгмийн сүлжээгээр түгээсний буянд шийдвэр гаргагчид Богд уул руу нохой устгалын баг илгээсэн. Золбин нохдод ноцуулсан бор гөрөөсний зураг хүмүүст, ялангуяа хотын удирдлагуудад цочроо өгсөн байж ч мэднэ. Угтаа бол хотын удирдлагууд захын хороодын иргэдийн амьдрал ахуй, орчин нөхцөлийг төдийлөн ойшоодоггүй гэхэд болохоор ажээ. Дүүргийнхээ удирдлагуудад золбин нохдын талаар хов хүргээд гурван жил болж буй Шижирийн бригад (хуучнаар)-ад очлоо. Сүүлийн жил гаруйн хугацаанд тэндхийн золбин ноход бурхангүй газрын бумба гал зуурна гэгчээр аашлах болсон аж.
“ӨНӨӨ ӨВӨЛ 20 ХОНИОРОО НОХОЙ ХООЛЛОЛОО”
Золбин ноход гурван жилийн өмнөөс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Шижирийн бригад руу нүүдэллэх болжээ. Төмөр замын 361-ийн гарам өнгөрөөд л нэг, хоёроороо тэнүүчлэх нохойг харж болно. Тэд эхэндээ Рашаант өртөөний хогийн цэг болон оршуулгын газраар хэсэж, ходоодоо дүүргэдэг байж. Ил тавьсан шарилын ясыг үе үе зуугаад ирдэг байсныг эс тооцвол хүн айлгадаггүй байсан гэнэ. Харин бурхан болоочоо ил тавих зан үйлийг цэгцэлж, оршуулгын газрыг хашаалан, харуултай болгосноос хойш ноход мал барьж эхэлжээ. Өөрийгөө Улаанаа хэмээн танил цуулсан эмэгтэй өнгөрсөн гурван жил тус бригадын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Тэрбээр “Намайг энэ ажлыг хариуцаж байхад манай хэсэгт нохой устгаж байсан удаагүй. Бид дүүргийнхээ удирдлагуудад золбин нохой ихсэж буй талаар байнга хэлдэг. Гэтэл ирсэн хүмүүс хорооны төв гудамжны хэдэн нохойг устгачихаад л явдаг. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 9-нд нохойн анчид устгал хийнэ гэсэн боловч ирээгүй. Буун дуу сонсож, дарь үнэртсэн ноход төвөөс дайжиж, ийшээ ирдэг бололтой. Уул хадаар хэсүүчлэх золбин ноход мал барих боллоо. Өнөө өвөл л гэхэд манайх 20 хониороо нохой хооллолоо. Миний хохирлыг барагдуулах хүн байхгүй шүү дээ. Энэ янзаараа байвал ноход удахгүй хүн рүү ноцож мэднэ” хэмээн ярьсан юм. Түүнтэй ижил цөөнгүй малаа нохойд бариулсан хүн олон ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд ноход Б-ийн 30 хонь, Ш-ын бярууг хэмлэжээ.
ХҮМҮҮС ТЭЖЭЭВЭР НОХОЙГОО БУУДАН ХОРООЖ БАЙНА
Шижирийн бригадынхныг түгшээж буй дараагийн асуудал нь тэжээвэр ноход. Уг бригадын ойр орчмын жалганд нохойн сэг зэм олон байв. Золбин ноходтой нийлж, мал барьсан учир эзэд нь хороожээ. Хоншоор, хүзүү нь ноос болсон нохойн сэгтэй таарав. Өлсдөг шинжгүй, нэлээд тарган хэрнээ хонь барьсан гэхээр сонирхолтой. Учрыг нь лавлавал, хээрийн амьтнаас малаа хамгаалах ноход нь хониор тоглодог байжээ. Барьж идэхгүй атлаа золбин нохдыг дуурайж, хаздаг болсон юм байх. Тиймээс эзэн нь буудаж, жалганд хаясан аж. Пүүжээ, Сампилынх гээд өдөр дараалан нохойгоо буудсан хүмүүсийн талаар бригадынхан ярьж байлаа. Эндхийн оршин суугч Д.Замдан “Айлын тэжээвэр ноход мал барих нь ихсэж байна. “Тахир соёот” хорих газрын ноход хонь барьдаг. Гэтэл одоо ихэнх айлын нохой золбингуудтай нийлээд зэрлэгшлээ. Золбин нохдыг даруй устгах шаардлагатай байна” хэмээн халагласан.
Нохойгоо айлын хонь, үхэр барьж байгааг мэдсэн атлаа арга хэмжээ авдаггүй хэд хэдэн хэнэггүй этгээдийн талаар хэлэх хүн олон таарсан юм. Тэдний нэг нь Дорж гэх залуугийнх аж. Хүмүүс “Нохой чинь хонь бариад байна. Арга хэмжээ аваач” гэж түүнд олон хэлсэн ч тоогоогүй учир нэгэн настан нохойг нь буудчихаж. Гэтэл Дорж түүнийг зодож, шүдийг нь цөм цохижээ. “Хөршийнхөө нохойг буудаад, хоорондоо маргаж, хэн нэг нь гэмтэх энд энгийн үзэгдэл болжээ. Дүүргийн удирдлагуудын анхаарлыг яаж хандуулах вэ. Миний дүү сур валжлагч юм чинь эндхийн бодит байдлыг хэлж, тайлбарлаад “Золбин нохдыг устгаач өгөөч” гэсэн гуйлтыг минь дамжуулаад өгөөрэй гэж” 21 дүгээр хорооны нэгэн өндөр настан уламжилсан.
“АРСЛАНГИЙН НОХОЙ АЮУЛТАЙ”
Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн зохисгүй үйлдлийн талаар бригадынхан ярилаа. Тэрбээр бэлчээрийн мал усалдаг ганц булгийн урсацыг хааж, хоёр уулын энгэрт эзэн суужээ. Улмаар цангасан хонь, үхэр, адуу хашаа руу нь орвол нохойгоороо бариулдаг аж. Түүнтэй зэргэлдээ шахам амьдардаг Хуягаа “Арслангийн арав гаруй нохой өөрийнх нь хонь руу дайрсан гэсэн. Малчин нь удаа дараа хэлсээр бай гаад заримыг нь хот руу ачуулсан юм билээ. Одоо дөрвөн нохой үлдсэн. Тэднийгээ өдөр уядаг болсон. Бид арсланг эзгүй хойгуур хонь, адуугаа усалдаг” хэмээн ярьсан юм. Анх тэрбээр хашаагаа өргөстэй тороор барьж, мал түүн доогуур нь шургаж ууцаа урдаг байж. Малчид түүнтэй маргалдсаар хашааг буулгасан гэнэ. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ удалгүй ахиад л хашаа татжээ. Ингэхдээ булгийн урсацыг чулуугаар тагласнаас болж, өдгөө адуу, үхэр нойтон чулуу долоож, цангаагаа тайлдаг болсон талаар өөр хүмүүс ярилаа.
Шижирийн бригадын золбин нохдыг яагаад устгахгүй байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны удирдлагуудаас тодруулах гэсэн ч эзгүй байв. Үйлчилгээний ажилтных нь хэлж буйгаар тайлбар хийх эрхтэй зарим дарга нь эмнэлэгт хэвтсэн аж. Харин хорооны иргэд “Эндхийн нохойг устгах нь ховор. Анчид жилдээ ганц л ирдэг. Дөчин нохой устгана гэвэл хорийг л бууддаг юм билээ. Шижирийн бригад гэлтгүй хорооны төвд нохой үхэр барьсан тохиолдол өнгөрсөн намар гарсан. Манай хороо хүнээсээ олон нохойтой байх” гэж ярив. Тус хорооны ерөнхий боловсролын сургуулийн IV ангийн сурагч Пүрэв-Очир “Хүүхдүүд нохойноос айхаа больчихсон. Бүр дасчихсан. Устгалын хүмүүсийг ирэхээр нохойнууд манай хашааны завсраар ороод ирдэг. Гэхдээ зарим хүн андуураад тэжээвэр нохой буудчихдаг. Яг сургуулийн орчимд нохой байдаггүй. Хорооны хойд хэсгээр олон бий. Өнгөрсөн намар Баагий ахын үхэр нохойд хазуулаад үхчихсэн. Сэгийг нь манай гэрийн цаана байдаг жалганд хаячихсан чинь өмхий үнэртээд хэцүү байсан шүү” хэмээн хэнэггүй ярьсан юм.
Улаанбаатар хотын золбин нохой, муурыг гурван аж ахуйн нэгжийн 20 орчим бригад устгаж буй талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Энх-Амгалан хэлэв. Түүнээс хотын захын хороодын золбин нохой, муурыг хэрхэн устгаж буй талаар лавлахад “Сонгинохайрхан дүүрэг хариуцсан мэргэжилтний хэлж буйгаар өнгөрсөн хоёрдугаар сард 21 дүгээр хороо буюу Партизанд устгал хийсэн байна. Он гарснаас хойш хотын хэмжээнд 24 мянга орчим нохой, муур устгасан. Хот тохижилтын газар Сонгинохайрхан, Хан-Уул, “Базаалт нэгдэл” компани Сүхбаатар, Баянзүрх, “Мөнхбуян оргил” компани Чингэлтэй, Баянгол дүүргийн золбин нохой, муурыг устгаж байгаа. Иргэд дүүргийнхээ удирдлагуудад мэдээлэл өгвөл тухай бүрт нь устгал хийнэ” гэсэн юм.
Нөгөөдрөөс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нохой, муурыг бүртгэлжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцинд хамруулах, үржлийг хязгаарлах ажил эхлүүлэх ажээ. Уг ажилд 420 сая төгрөг төсөвлөсөн гэнэ.