
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 50 орчим хувийг услахад өдөрт 700 тн ус зарцуулдаг байна. Тэгвэл гүний усыг хэмнэж, бохирын шугам руу урсгаж буй цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа нийслэлийн Хот тохижилтын газар ашиглаж эхэлжээ.
Одоогийн байдлаар тус газар АПУ болон “М-Си-Эс Кока-Кола” компанитай гэрээ байгуулан, ус, ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байна. АПУ компаниас авсан усаар хотын төв, “М-Си-Эс Кока-Кола”-гаас гарсан усаар хотын зүүн бүсийн ногоон байгууламжийг усалдаг аж.
Харин ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй, цэвэршүүлсэн усыг машинаар зөөх учир хотын баруун хэсгийн ногоон байгууламжийг саарал усаар услах боломж хомс гэнэ. Тиймээс саарал ус нийлүүлэх компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаа аж.