
4 дүгээр сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 110 дахь өдөр бөгөөд он дуусахад 255 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.60, юань 353.00, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт 09.00 цагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх /Барилгачдын талбайн баруун талд/-ийн байранд болно.
- Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа 11.00-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр болно.
- НҮБ-ын байр, 3 давхрын хурлын танхимд 14.00 цагаас "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь" сэдэвт бага хурал болно.
- Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна.
- "Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017" олон улсын үзэсгэлэн, хурал Шангри-Лад болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Австралийн загвар өмсөгч Миранда Кер 1983 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2013 онд БНХАУ-ын Лушан тосгонд 6.6 баллын хүчтэй газар хөдөлж, 150 гаруй хүн нас барж, 1000 орчим хүн бэртэж гэмтжээ.
- 2008 онд Даника Патрик “Indy Japan 300” уралдаанд түрүүлж, машины уралдааны түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй ялагч болж байжээ.
- 1972 онд Жон Ёоны удирдсан Аполло 16 сансрын хөлөг саран дээр газарджээ.
- 1990 оны энэ өдөр БНХАУ-ын соло дуучин, жүжигчин Лухан мэндэлжээ.