
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн тойрог замыг орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгох ажил эхэлжээ. Урьд нь асфальтан хучилттай байсан уг замыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхний захиалгаар “Дэрэн наран” ХХК хоёр жилийн өмнө бетонон суурьтай болгосон аж.
Тэгвэл өдгөө тус компанийнхан бетонон суурийг нь Швейцарийн “Коника” брэндийн орчин үеийн чанартай резинээр хучиж байгаа юм байна. Олон улсын стандартын шаардлага хангасан гүйлтийн зам зургадугаар сарын 10-даар ашиглалтад орох бөгөөд ингэснээр мэргэжлийн тамирчдад ихээхэн ач тустайн дээр Монголд томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах боломж нээгдэх гэнэ.
Швейцарийн “Коника” брэндийн албан ёсны борлуулагчаар ажилладаг “Дэрэн наран” ХХК өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг мөн дэвсэж байжээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн талбайд хиймэл зүлэг дэвсэх болон цэнгэлдэх хүрээлэнгийнх нь гүйлтийн замыг орчин үеийн технологийн дагуу резинэн хучилттай болгох ажлыг гүйцэтгэсэн аж.
Мөн энэ жил тэд Монголын хөнгөн атлетикийн холбооны захиалгаар Налайх дахь хөнгөн атлетикийн цэнгэлдэхийн гүйлтийн замыг зориулалтын резинээр хучих юм байна.