
-Офицеруудын ордноос Таван шар хүртэл 1735 нарс тарина-
Нимгэн даашинзны хормой салхинд үл ялиг дэрвэн, нил ягаан, гүн цэнхэр цэцэгс алаглах зун цаг айсуй. Байгаль дэлхий хүртэл өөрийгөө чимэх дэлгэр сайхан энэ л цагаар Улаанбаатар хот гоёод эхэлжээ. Төв талбайгаас Улсын их дэлгүүр хүртэлх замд нарс мод “нүүгээд” ирснийг Та анзаарсан уу. Энэ зун нийслэл нас биед хүрсэн буюу 5-7 м өндөр 2000 орчим нарсаар гоёх нь. Гэхдээ эдгээр модоо хэрхэн арчилж, ургуулахаас ногоон хот уу байх уу, уулын модны “оршуулга” болох уу гэдэг нь шалтгаалах юм.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогт “2017 онд нийслэлийн 98 гудамжны 95 га-д ногоон байгууламж байгуулна. Энэ ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 30 хүртэл арчилгаа тордлогоо, усалгаа, нөхөн тарих гээд 20 гаруй ажил хийх юм. 98 гудамжны ногоон байгууламжийн 30 гаруйг нь Хот тохижилтын газар хариуцаж, үлдсэнийг нь хувийн хэвшлийн цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллага арчилж тордоно.

Мөн 300 гаруй мянган ам метр талбайг нөхөн болон шинээр зүлэгжүүлж, сая орчим мод, сөөг хотын гудамжинд тарина. 15 мянган ам метр талбайг цэцэрлэгжүүлж, тусгаарлах зам, уулзваруудад цэцгийн мандал урьд жилүүдийнх шиг байгуулна. Энэ зуны гол онцлог ажил бол том оврын 2000 орчим шилмүүст нарс тарьж буй явдал юм. Тэдгээр модыг ирэх сарын 15 хүртэл суулгана. Офицеруудын ордноос Таван шар хүртэл 1735 нарс тарина. Ажил 50 хувьтай явж байна” гэв. Мөн тэрбээр “Улиас, хайлаас, шар хуайс моднууд хөгшрөөд, жам ёсоороо үхэж байна.
Зулзаган мод ногоон байгууламжийн өнгө үзэмж, хэлбэр талаасаа зохицохгүй байгаа учраас нас бие гүйцсэн нарс авчирч суулгаж байна. Тэдгээрийг Булганы Хялганатын мод үржүүлгийн газраас авчирсан. Манай улс бараг анх удаа л орчин үеийн хотын адилаар том мод тарьж байна. Зулзаган мод 20-30 жилийн дараа л 5-7 метр өндөр ургадаг бол ийм хэмжээний мод авчраад суулгахаар тэр хэрээр хэмнэлт гарах юм. Нарс мод 250-350 жил “амьдардаг”. Хотын нөхцөлд 100 жил “амьдарна” гэж тооцвол ийм хугацааны дараа л бид дахин мод тарих нь. Одоо суулгаж буй мод 20-25 “настай” гэж ярив.
Гүйцэтгэгч компаниудыг тарьсан модоо арчилж, ургуулах, ургаагүй тохиолдолд мөнгө төлөх гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа аж. Өмнө нь нас биед хүрсэн нарс модыг цөөн тоогоор тарьсан ч арчилгаа байхгүйгээс үхсэн талаар мэргэжилтнүүд ярив. Явуугийн цэцэрлэгийн модыг сайн арчилсан учраас ургасан гэнэ. Тиймээс арчлах нь л чухал гэцгээж байв.

Тавилгаа сольж, байсхийгээд л их цэвэрлэгээ хийдэг айл шиг нийслэл энэ жил ч мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, автомашины болон явган хүний замыг хааж барьсан хашаа, хайс, ТҮЦ, чингэлгүүдийг буулгаж эхэлсэн. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Үүний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн зургаан дүүрэгт судалгаа хийхэд явган хүний болон авто зам, орц, гарц хааж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулсан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх шаардлагатай 129, эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлсэн” гэлээ.
Харин Баянгол дүүргийн газрын албаны дарга Г.Мөнхбаатар “Манай дүүргийн XIX хорооны нутагт барилга барьж байгаа компани хууль бусаар хашаагаа сунган, явган хүний зам хаасан. Дөрвөн замын уулзвар бүхий энэ хэсэгт үүнээс болж үзэгдэх орчин хязгаарлагдан, осол гарахгүй өдөр бараг л байдаггүй” гэв. Явган хүний зам хаасан учраас иргэд машин замаар явахаас аргагүйд хүрснээ учирласан юм.
Эзэмшил газрынхаа хэмжээг дур мэдэн хууль зөрчиж сунгасан 341 иргэн, хуулийн этгээдэд уг зөрчлийг нь арилгуулах мэдэгдэх хуудас хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлжээ. Баянгол дүүрэгт хамгийн их зөрчилтэй буюу 106 байгаа бол Чингэлтэй дүүрэгт 18 байршил байгаа аж. Харин Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу ийм зөрчилтэй 14 объектыг чөлөөлжээ. “Сонгинохайрхан дүүргийн XVIII хороо “Мах импекс” компани руу өгсдөг замын уулзварт явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, замыг чөлөөлсөн байна. Мөн Саппорогийн болон Маршалын гүүрний баруун тал, Сүхбаатар дүүргийн IX хороонд нийтийн эзэмшлийн замыг хааж татсан хашааг буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэ мэтээр иргэдийн эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбайг хаан, дур мэдэн хатгасан хашаа, хайс, саадыг буулгах ажил үргэлжилж байна” гэж НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий ярив.
Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэнгээс ажлын явцын талаар тодруулахад “Энэ сарын 11-ний байдлаар 37 байршлын 46 объектыг чөлөөлж, орц, гарцыг нээгээд байна. Газар чөлөөлж, зөрчил арилгуулснаар орчны тохижилтын ажил гүйцэтгэх авто болон явган хүний зам барих боломж бүрдэж, байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулах, хур хогийг цэвэрлэх, эрүүл аюулгүй орчин бүрдэх юм” гэлээ.