Төлбөртэй нийтлэл
Сүүлийн жилүүдэд Америк улсын төрөл бүрийн төрийн бус байгууллагууд АНУ-ын төсвийн зардлаар Монгол Улсад боловсрол, сургалтын хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. ОХУ-ын Алс Дорнодын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь Орос улсын ирээдүйн хувьд түгшүүртэй явдал юм. Оросын зарим бүс нутаг Монгол Улстай хиллэдэг бөгөөд Орос улсад түүний хөрш орон нь Америкийн үзэл суртлын нөлөөнд улам бүр автаж буй нь ашиггүй билээ. Энэ нь бүс нутагт хурцадмал байдал үүсэн бий болох эрсдэлд хүргэж байна.
“Монголын гадаад бодлого сүүлийн хэдэн арван жилд томоохон өөрчлөлтүүдэд өртсөн. БНМАУ-ын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Монгол Улсын 1994 оны Гадаад бодлогын үзэл баримтлалд дурдсанчлан Орос, Хятад улстай уламжлалт хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэл хэвээр байгаа хэдий ч хүчний тэнцвэрийг хадгалахын тулд өндөр хөгжилтэй ардчилсан “гуравдагч хөрш”-ийг эрэлхийлэх нь Монголын гадаад бодлогын өнөөгийн чиг хандлага болж байна. Япон, Өмнөд Солонгос зэрэг улс геополитикийн байрлал, нутаг дэвсгэрийн хувьд Монгол Улстай ойр оршиж буйгаараа Монгол Улсын “гуравдагч хөрш” байхыг эрмэлзэж байна. Монгол Улс ХХ зууны сүүлээс хойш Америкийн Нэгдсэн Улсад илүү ач холбогдол өгөх болсон ба АНУ ч мөн адил тэднээс хол алслагдсан энэхүү улсыг хэдэн арван жилийн турш ихээхэн сонирхож ирсэн” хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор, Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Владимир Печерица хэлэв.
Түүхийн хувьд өнгөрсөн зууны эхэн болон дунд үед Монгол Улс ньЗХУ, Хятад улстай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд чиглэж байсан тухай шинжээч дурдсан бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь Оросын нөлөө багасaж, харин Америк улсын нөлөө өссөөр буйг онцлов.
“Монгол Улс өнөөдөр аль болох төвийг сахисан гадаад бодлого баримтлахыг эрмэлзэж байгаа бөгөөд хөрш Орос болон Хятад, АНУ тэргүүтэй барууны орнуудын аль аль талынх нь ашиг сонирхлыг харгалзан үзэхийг хичээж байна. Хөгжлийн чиглэлүүдээ тэнцвэржүүлэх гэсэн энэ оролдлого нь Монголд маш их хохирол учруулж болзошгүй. Монгол Улсын удирдлага гурван туулай хөөгөөд хоосон хоцрох эрсдэлтэй. Ялангуяа Орос болон Барууны улсуудын хооронд, Хятад болон АНУ-ын хооронд сөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед. Юуны түрүүнд Монгол Улс болон түүний ирээдүйд аюултай гэж үзэж байна” гэж Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн захирал, профессор Кирилл Бабаев хэлэв.
Орос улс Монгол Улсыг олон жилийн түнш, холбоотон байдлаар нь алдаж магадгүй тухай Оросын төрийн түшээд ч хэлсээр байсан. Саяхан ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Шолбан Кара-оол үүнд санаа зовж буйгаа илэрхийлэв.
“2014 оноос хойш Украиныг санхүүжүүлсэн АНУ-ын байгууллагууд Монголд ажиллаж байгаа нь нууц биш. Тиймээс тэдний зорилго бол тодорхой. Өнгөрсөн жил Улаанбаатарт албан томилолтоор очоод нэг л эвгүй сэтгэгдэлтэй буцсан. Монголын эрх баригчид биднийг ах дүүгийн найрсаг дотноор угтан авсан ч Монголын нийслэлийн гудамжинд олон арван жилийн турш байсан, хотын салшгүй хэсэг гэж тооцогддог ганц ч орос хаяг тэмдэг олж харсангүй” гэж Шолбан Кара-оол өөрийн телеграм суваг дээр бичсэн тухай “Новая Бурятия” сайт мэдээлэв.
Дашрамд дурдахад, Монгол-Америкийн дипломат харилцаа 1987 онд буюу үүсээд удаагүй байна. 1988 онд Монгол Улсын нийслэлд АНУ-ын Элчин сайдын яам нээгдэж байсан. Монгол Улс АНУ-аас улс төр, санхүү, хөрөнгө оруулалтын ихээхэн дэмжлэг авсан. АНУ-ын санхүүгийн дэмжлэгийг буцалтгүй тусламж, үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй зээл хэлбэрээр янз бүрийн олон улсын томоохон сан, хөтөлбөрүүдээр дамжуулан үзүүлсэн.
Олон улсын улс төрийн түвшинд Монгол Улс болон АНУ ардчиллын санаачилгыг хамтран дэмжиж ирсэн бөгөөд Ойрхи Дорнод дахь энхийг сахиулах ажиллагаа үүний нэг жишээ билээ. 1991 оны гуравдугаар сард АНУ-ын Конгресс Америкийн Засгийн газраас Монгол Улстай улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг баталж байжээ.
Өнөөдөр АНУ-ын Засгийн газартай холбоотой байгууллагууд Монголд сэтгүүлчдийг бэлтгэх ажлыг эрчимжүүлж байна. Энэ чиглэлд хүчин чармайлтаа эрчимжүүлснээрээ америкчууд төрийн бус байгууллагуудын сүлжээгээр дамжуулан өөрт шаардлагатай мэдээллүүдийг түгээх шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгож байна. ОХУ-ын талаас эдгээр чиг хандлагыг эсэргүүцэхгүй, Монголд зохих ёсоор анхаарал хандуулахгүй байх нь гашуун танил дүр зургийг үүсгэх магадлалтай билээ.
“Бидний харж буйгаар сүүлийн жилүүдэд Вашингтоны Москва болон Бээжинтэй харилцах харилцаа хурцадсантай холбоотойгоор Монгол, АНУ-ын харилцаа улам ойртсоор байна. 2023 оны наймдугаар сард Монголын удирдлагын Вашингтонд хийсэн айлчлал нь Америкийн Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд Улаанбаатартай харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгааг харуулж байна. Зүүн хойд Азид АНУ-ыг Япон, Өмнөд Солонгос дэмждэг бол Хятад, Орос, Хойд Солонгос гэсэн гурван улс эсэргүүцсэн байр суурийг баримталдаг. Америкчууд Монголыг өөрийн хуаранд татах сонирхолтой бөгөөд Монголтой харилцах харилцаанд энэ бүс нутагт стратегийн өндөр ач холбогдол өгч байна” гэж мэргэжилтэн Владимир Печерица үргэлжлүүлэн хэлэв.
Түүний бодлоор АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн нь Орос-Монгол-Хятад гэсэн гурвалжин дахь олон талт харилцааг өргөжүүлэх нөхцөлийг бодитойгоор бүрдүүлж байна. Гэвч Монгол Улс нь Орос, Хятадтай ойртож буй нь АНУ-д ашиггүй. АНУ үнэн хэрэгтээ Монголд Орос, Хятадын эсрэг “мэдээллийн болон тагнуулын дайн” явуулж байна. Америкийн төрөл бүрийн төрийн бус байгууллагууд БНХАУ-ын нэр хүндийг удаа дараа харлуулж, хятадуудын уламжлалт амьдралын хэв маягийг дорд үзэж, Хятадын Коммунист Намын элитүүдийн шийдвэр, үйл ажиллагааг доромжилж байна.
“Орос, Монгол, Хятадын харилцааг орчин үед хөгжүүлэх таатай нөхцөл бүрдээд байна. Улс хоорондын хилийн маргаануудыг шийдвэрлэсэн. Хэд хэдэн гол, түлхүүр асуудлууд дээр гурван улсын улс төрийн удирдагчид болон элитүүдийн байр суурь давхцаж байна. Орос болон Хятадад үзүүлэх Америкийн дарамт нэмэгдэж байгаа нь энэхүү макро бүс дэх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд нөлөөлж байна. БНХАУ-ын эдийн засаг маш хурдтай өсөж байгаа нь хөрш орнуудын хөгжилд түлхэц болж, энэхүү макро гурвалжинг тогтвортой байдал, энх тайван, урт хугацааны найрсаг харилцааны үлгэр жишээ болгоход бодитой хувь нэмэр оруулсaaр байна. Өнөөдөр Хятад улс Монголын нутаг дэвсгэр дээрх нөлөөгөө аажмаар боловч түрэмгий эрчимжүүлж байгаа бөгөөд өнөөгийн Хятадын зөөлөн хүчний нэг чиглэл нь “Нэг бүс, нэг зам” санаачилга гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Энэхүү санаачилга нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үр дүнтэй хувь нэмэр оруулсан” гэж Владимир Печерица хэлэв.
Шинжээчийн үзэж буйгаар өнөөдөр гурван орны улс төрийн нийтлэг ашиг сонирхлын хүрээнээс Монгол Улсыг алдахгүйн тулд Орос, Хятад хоёр улс бүхий л хүчин чармайлтаа гаргах шаардлагатай. Эдийн засаг, соёл урлаг, спортын хамтын ажиллагааны төрөл бүрийн хувилбаруудыг санал болгож, эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн АНУ-ын төрийн бус байгууллагуудын Монгол дахь үйл ажиллагааг эсэргүүцэх нь Монгол төдийгүй Орос болон Хятадаас өндөр сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна.
Эх сурвалж: ГЕОРГИЙ ЗОТОВ, Аргументы и Факты
https://vl.aif.ru/society/deyatelnost_ssha_v_mongolii_ugroza_vsemu_dalnemu_vostoku
Орчуулсан: Л.МӨНХБАДРАХ