Эх орны өмнөд хилийн хамгийн том аймаг Өмнөговь улсын хөгжилд түлхэц өгөх томоохон мега төслүүд хэрэгжиж буй гэдгээрээ ч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээгээрээ ч улсдаа нэлээд дээгүүр “давхидаг” билээ. Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт гээд газрын хэвлий дэх үүцээрээ аймагтаа төдийгүй, улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг ашигт малтмалын орд Өмнийн говийн сумуудад бий. Жуулчдын нүдийг хужирлах, мэдлэгийг нь тэлэх археологи, палеонтологийн болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон газар энэ л нутагт байна. Өмнийн говийн хэсэгхэн нутаг, зурвасхан газраар дайран өнгөрөхдөө аялал жуулчлал, уул уурхайн нөхцөл байдалтай нь багахан хугацаанд танилцсан юм.
Говийг зорих замыг сайжруулахгүй бол горьгүй нь
Алсын аянд дөрөө нийлсэн бидний хэдэн нөхөд Улаанбаатараас энэ сарын 5-ны өглөө эртлэн 05.00 цагт говийг зорилоо. Жийп болон суудлын автомашинтай хүмүүс ихэвчлэн “Чингис хаан” нисэх буудлыг зорих тууш замаар давхисаар Төв аймгийн баруун урд Дундговь чиглэлийн замд нийлдэг ажгуу. Хэдийгээр энэ зам тойруу ч гэсэн жолооч, зорчигчид тухтай, аюулгүй нь үүгээр зорчиход нөлөөлдөг бололтой. Үүр, цүүрээр болоод ч тэр үү, олон улсын нислэг ирэх, хөөрөх цаг болоогүй байсных уу, “Чингис хаан” нисэх буудлыг зорих автомашин цөөн аж. Гэвч энэ замд тавьсан хурдны дээд хязгаарыг зөрчсөнөөс үү, эсвэл согтууруулах ундаа хэрэглэснээс болсон уу, “Чингис хаан” нисэх буудлын тууш замын төгсгөлд, авто зогсоолын орчимд суудлын машин осолдсон байлаа. Мөнгөлөг өнгөтэй “Тоёота” загварын суудлын тэрэг замын хөвөөг тусгаарласан хашлага дээр гараад зогсчихсон байсан юм. Хүн гэмтсэн боолтой Төв аймгаас яаралтай тусламжийн машин зүүн талаас орж ирж байв. Гэтэл ТЦА-ны Иргэний агаарын тээвэр дэх болон Төв аймгийн Цагдаагийн газрын рапортад энэ ослын талаарх мэдээлэл байсангүй. Хүний амь, эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй болоод тэр үү, цагдаагийн мэдээлэлд уг ослын талаар нэг үг, өгүүлбэр оруулаагүй өнгөрч. Уг нь цагдаагийн алба хаагч ирчихсэн, яаралтай тусламжийн машин ч замд зөрөн очсон ослын тухай юу ч тэмдэглэлгүй өнгөрсөн нь хачирхалтай.
Нисэх буудлыг өнгөрөөд Дундговийг чиглэх А0201 дугаартай замаар цааш яваад удалгүй хүний амь үрэгдсэн осолтой таарав. Төв аймгийн нутгаас хараахан гараагүй явтал хүнд даацын ачааны машинууд мөргөлдөж, цагдаагийнхан ослын газарт үзлэг хийгээд удаагүй байлаа. Нэгнийх нь тэвшинд шуудайтай олон тооны бодис ачсан нь замын хажуугаар унан хөглөрч. “Хино” загварын 67-84 УАР дугаартай ачааны машин, ижил загварын 53-76 УБӨ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, нэг жолооч нь газар дээрээ амиа алджээ. Замын саад, хагархай нүхнүүдийг тойрох, нарийхан замд гүйцэж түрүүлэх гэсэн оролдлого, хол замд хэт ядарсан жолооч нар шөнийн цагаар нойрмоглож, үүрэглэх гээд осол гарах шалтгаан олон. Хүний амь үрэгдсэн эл осол ч гэсэн энд дурдсан шалтгаануудын нэгнээс үүдэлтэй биз. Төв аймгийн Цагдаагийн газрынхан ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж байгаа юм билээ. Энэ замын хажууд автомашинд мөргүүлж үхсэн мал, шувуу цөөнгүй дайралдах юм. Уг нь амин зуулгын эх үүсвэр болсон малдаа гэрэл ойлгогч зүүхээ малчин хүн ухамсарладаг, замын нөхцөлд хурдаа тохируулж явах дүрмээ жолооч нар баримталдаг, элдэв хагархай, эвдэрхийгээ тэр дор нь засах ажлаа авто зам засвар, арчлалтын компаниуд хийдэг бол хүний амь, эрүүл мэнд хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлж болмоор.
Нүд халтирам эл ослын газраас цааш явж, гэгээ ороод удаагүй байхад Дундговийн нутагт хүрлээ. Дэлгэрцогт сумын нутагт мөнөөх А0201 дугаартай замаараа явж байтал дахиад нэг ослын ул мөртэй таарав. Тус сумын нутаг Төгсийн хонхор гэх газарт бас л хүнд даацын “Хово” загварын хоёр автомашин мөргөлдөж, тос нь гоожсон, эд ангийнх нь хагарч, хугарсан үлдэгдэл замын хажууд хөглөрсөн байв. Гэгээн цагаан өдөр гарсан энэ ослын үеэр азаар хүн гэмтэж бэртээгүй аж.
Уул уурхайн үйл ажиллагаа ид өрнөж буй өмнийн говь руу Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0201 дугаартай замаар өдөр, шөнөгүй техник хэрэгсэл, хоол хүнс, химийн бодис, шатахуун түлш ачсан хүнд даацын машинууд явж байна. Тэдэнтэй зэрэгцээд хурд, хүч сайтай жийп, суудлын автомашинууд, уул уурхайн ажилтнуудыг суулгасан автобуснууд сүлжилдэнэ. Яарч давхих нь ч байна, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” хэмээн гэлдрэх нь ч цөөнгүй юм. Өмнийн говь дахь уул уурхайн нөөц шавхагдах болоогүй, цаашид ч олон жил ашиглана. Уул уурхайтай холбоотой зарим мега төслийг энэ нутагт хэрэгжүүлэх нь тодорхой байгаа. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр замын, Тавантолгойн дулааны цахилгаан станцын, нүүрс-хими, кокс-химийн цогцолборын төсөл ч энэ бүсэд хэрэгжинэ.
Түүнчлэн алдарт Рой Чэпмэн Эндрюсийн маршрутаар аялж, дуулиант “Тарбозавр батаар”-ын болон бусад үлэг гүрвэлийн ул мөрийг өдий хүртэл хадгалсан газруудыг нүдээр үзэж, биеэрээ мэдрэх гэсэн гадаад, дотоодын жуулчдыг энэ бүс нутаг татах нь гарцаагүй. Тэгэхээр эл бүс рүү чиглэх төмөр зам барихаас гадна өдгөө байгаа авто замыг нь өргөтгөн шинэчлэх, ядаж дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвастай болгохгүй бол горьгүй нь. Жуулчдын ч, эл аймагт хэрэгжих мега төслүүдэд ажиллах ажилчдын автомашинаар зорчих аюулгүй байдал алдагдаж буйг төр засгаас анхаарах шаардлагатай болжээ.
Биднийг ийнхүү явж байхад Солонгосын болон европ жуулчид “Фургон” хөлөглөн Ёлын ам, Говь Гурван сайхан уулын байгалийг үзэж явсан юм. Тэдний сэтгэгдлийг орчуулагчаар нь дамжуулан сонсоход Монгол орны байгалийн сайхныг шагшиж байсан хэдий ч замын нөхцөл байдалд сэтгэл дундуур буйгаа илэрхийллээ.
Овоотын нүүрсний орд газарт дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байна
Төв аймгийн нутгаас гарч амжаагүй байхад уулаараа цас, нам дор хэсэгтээ бороо орж эхлэв. Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн төв Даланзадгад хүртэл цас, бороо ээлжлэн орсоор явсан юм. Ингээд Даланзадгадаас баруун урагш Говь Гурван сайханы нуруугаар давж, уудам хөндийд буух хүртэл цас орсоор байлаа. Харин түүнээс цааш бороо, цас ор мөргүй, тэртээд Гурван сайханы нуруу л үүлтэй сүлэлдэн хоцров. Өмнөговиос баруун этгээд рүү хатуу хучилттай сайхан замаар давхисаар Сэврэй сумын нутгийн урд захад засмал дуусав. Засгийн газрын “Боомтын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгадаас Шивээхүрэн боомт хүртэл тавьж буй зам энэ хүрээд шувтарлаа. Үүнээс урагш Ноён сум оршино. Тус сум руу говийн дэржигнүүр, энхэл донхол ихтэй замаар сайтар доторлож, битүүмжилсэн машинтай л явахгүй бол нарийн шороо нь пургин амьсгалахад ч бэрх ажгуу. Гэхдээ автомашины цонхоор алсыг ширтэн явахад атираат уулс нь аварга загасны шүд юм уу гэлтэй харагдана. Эдгээр уулс нь Хүрэн ханангийн нурууны нэгээхэн хэсэг юм. Алтайн уулсын салбарын буйдхан газарт хүрэн байц, уулсаар хүрээлэгдэн орших Ноён сумын төвөөр дайран зүүн урагш гэтлэхэд 30-аад км-ийн зайд гурван замын уулзвар байв. Эл уулзвараас зүүн тийш бол аймгийн төвийг зорино. Хойшоогоо баруун Ноён уулын өмнө этгээдэд байх “Терра энержи” гэх компанийн нүүрсний уурхай руу очих юм билээ. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг “Нөхөн сэргээлт хийдэггүй “Терра энержи” хэмээн бичигдэж байсан тухайн аж ахуйн нэгж хоёр дахь овоолгоо үүсгэн олборлолтоо явуулж байв.
Дээрх гурван замын уулзвараас баруун тийшээ зорилоо. Өөрөөр хэлбэл, Гурвантэс сумын нутгийг чиглэн довтолгов. Ийшээ чиглэх замыг хусаж сайжруулсан ч гэлээ чийггүй, хуурай учраас тоос шороо ихээр босож, тэр дундаас гэнэт мал, машин гарч ирвэл осол гарах эрсдэл өндөртэй юм. Ингэж явсаар наран баруунаа хэлбийх үед Овоотын орос цэргийн хуаран байсан, холгүй нь нисэх, буух зурвас бүхий талбай, түүнээс цаахна хэд хэдэн уурхайн овоолго бүхий, уурхайчдын хотхонуудын ойролцоо ирэв. Хамгийн эхний уулзварт нь америк захирал нь дуулиан дэгдээж байсан алдарт “Саусгоби сэндс” буюу SGS-ийн “Нар мандах”, “Нар жаргах”, түүнээс цааш Монголын алт (МАК) ХХК-ийн Нарийнсухайт, “Чинхуа МАК” гэх хоёр ч уурхай үйл ажиллагаа явуулж байлаа. Тэдгээрийн баруун талд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын эзэмшлийн “Өсөх зоос” нүүрсний уурхай Хүрэн шанд гэх газарт хүрэн уулсын өмнөхөн олборлолт явуулж байв. Тэдгээр уурхай Гурвантэс сумын төвөөс урагш 35-40 км, Өмнөговь аймгийн Даланзадгадаас 300 гаруй, өмнөд хилийн Шивээхүрэн боомтоос 45 км зайтай байрладаг аж.
Ингээд “Саусгоби сэндс” ХХК-ийн уурхайн ажилчдын хотхоноор орлоо. Тэнд нэг ээлжиндээ 400 гаруй, нийт 800-900 орчим хүн ажилладаг бөгөөд 2009 оноос хойш нүүрс олборлож, өмнөх захирлуудын буюу австрали, америкчуудын тогтоосон жишгээр үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Харуул хамгаалалтын албыг тусдаа аж ахуйн нэгж, хоол, катерингийн үйл ажиллагааг өөр нэг, олборлолт, тээвэрлэлтийг нэг бус компани хариуцан ажилладаг юм байна. Харуул хамгаалалтынхан дотогш нэвтрүүлэхээсээ эхлээд их хатуу хяналттай. Согтууруулах ундаа уусан, эсвэл тээшиндээ тийм зүйл хийсэн хүнийг нэвтрүүлэхгүй аж. Тээшнээс нь гаргуулаад авч үлддэг юм байна. Явахдаа түүнийгээ авч болно. Уурхайн ажилчид эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа байрладаг, эрчүүд нь бүсгүйчүүдийнхээ өрөөгөөр хонон өнжин явбал харуул хамгаалалтынхан нь хяналтын камераараа ажиглаж байгаад хариуцлага тооцон, тухайн уурхайд дахин хэзээ ч нэвтрэхгүйгээр нутаг буцаадаг юм гэнэ. Уурхайн ажилчдын зарим нь хоолныхоо амт, чанарт сэтгэл дундуур байдгаа нэг бус удаа илэрхийлж, өмхий махаар хоол хийсэн, хүн хордлогод орсон хэмээх мэдээлэл ирж байсан учраас сэтгүүлч би вээр зориуд үүнийг нь илүүтэй сонирхов. Хоол хүнс, катерингийн үйлчилгээг нь “Опен вэй” гэж компани хариуцдаг юм байна. Уурхайд тус компанийн хоёр, “Саусгоби сэндс”-ийн мөн тооны эрүүл ахуйч, дээр нь нэмээд эмч нар ажилладаг гэнэ. Эрүүл ахуйч нар болон “Опен вэй” компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Ундрахтай уулзахад “Саусгоби сэндс” компанийн уурхайд нийт 875 хүн ажилладаг. 80 хувь нь эрчүүд. Улаанбаатар хотоос 1000 орчим км зайд хүнс тээвэрлэнэ гэдэг хүндрэлтэй ч бид аюулгүй байдал, чанарын баталгаатай байгууллагаас хөргүүртэй, зориулалтын автомашинаар тодорхой хяналтын доор бүтээгдэхүүнээ энд авчирдаг. Жимс, хүнсний ногоо, мах, гурил, хоол амтлагч, ус, ундаа зэргээ Улаанбаатар хотод байдаг манай компанийн ажилтнууд нарийвчлан шалгаж аваад наашаа тээвэрлүүлдэг юм. 14 хоног болгон ингэж хүнсний бүтээгдэхүүнээ татан авдаг. Энд ирэхэд нь “Саусгоби сэндс”-ийн болон манай компанийн эрүүл ахуйч нар хөргүүртэй машины лац хөдөлж үү, хөргүүрийн заалт хэвийн үү, доторх бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ямар байна вэ гэдгийг нэгбүрчлэн шалгаж аваад зориулалтын хөргүүр, хөлдөөгч бүхий агуулахдаа хадгалдаг. Өөрөөр хэлбэл, мах тээвэрлэж буй машины хөргүүрийн заалт гэхэд -25 градус байна уу, өндөг тээвэрлэгчийнх -4 хэмдээ ирсэн үү гэдгийг нэг бүрчлэн шалгадаг. Уул уурхайн байрлалд ажиллаж буй ажилчид болохоор мах ихтэй хоол хүснэ. Оффисынхон нь эрүүл хооллохыг илүүд үзэж ногоо ихтэй хоол хүснэ. Үүнээс зөрчил үүсэх тохиолдол бий. 800 гаруй хүний хоолыг хүн тус бүрд нь зориулан хийнэ гэдэг боломжгүй зүйл. Тухайн ганц үйлчлүүлэгчид зориулан хийж буй рестораны хоол биш учраас энэ олон хүний дундаас янз бүрийн санал, шүүмжлэл гарах нь бий.
Хоол, катерингийн үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь QR код ашиглан хүлээн авдаг. Энэ үед янз бүрийн л санал шүүмжлэл гардаг. Түүнийг нь бид “Саусгоби сэндс” компанийн холбогдох хүмүүсийг байлцуулан хэлэлцэн шийдвэрлэдэг. Бид долоо хоног бүр хоолныхоо цэсийг шинэчлэн гаргаж, илчлэг, тэжээллэг чанараараа стандарт шаардлагад нийцсэн хоолоор үйлчилж байгаа. Уурхайн байрлалд ажиллаж буй хүмүүстээ хоолыг нь тусгай зориулалтын машин, саваар хүргэж өгдөг. Хамгийн холдоо 19.5 км явж “Нар жаргах” уурхайд ажиллаж буй уурхайчдадаа хоол хүргэдэг юм” гээд гал тогоонд хоол үйлдвэрлэж буй үйл явц, мах, хүнсний ногоо, жимс, гурил, өндөг зэргийг хадгалдаг хөргүүр, хөлдөөгч, гурилан бүтээгдэхүүн хийж байгаагаа танилцуулсан. Мах гэхэд зөвхөн үхрийн гуя сонгодог бөгөөд тодорхой температурт гэсгээн маргаашийнхаа хоолонд зориулан бэлтгэдэг аж.
Хоолны зааланд кэмпэд ажиллаж буй компани болгоны ажилчид тус тусынхаа хаягийг өлгөсөн ширээнд сууна. Хяналтын камераар ч хоол үйлдвэрлэж буй болон танхимыг бүгдийг нь хянах бөгөөд зарим ажилчин хоолоо амсалгүйгээр асгах нь арай л цамаан загнаж байна уу гэлтэй. Уг нь танхимын дээд талд хоолоо хаяхгүй байхыг анхааруулсан зураг бүхий “Бидний хаяж байгаа бүхэн ийм чухал гэж үү”, “Та хүссэн хэмжээгээр хоол нэмж болно. Харин хаяж болохгүй. Өдөр бүр 25 000 гаруй хүн өлсгөлөнгөөс болж нас бардаг” гэсэн сануулга өлгөсөн хэдий ч ажилчид таваг тавгаар нь асгаж байх юм. Хоолоо асгаж буй шалтгаанаа ихэнхдээ “Барсангүй” гэж тайлбарладаг талаар гал тогооны ажилчид хэллээ. Уурхайд ажилладаг цөөхөн хятад хүн тусдаа гал тогоотой, тэндээ гарал нэгтэй тогоочоор хоол хийлгэж иддэг аж. Тэдгээр хятад хүмүүс ямааны толгой, цувдай, гахайн шийр тагалцаг зэргийг элдэв амтлагч, цуу, жангаараа амтлан өөрсдийнхөө үндэстний хоолыг хийж идэж байв.
“Саусгоби сэндс”-ийнхэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж хоолны чанар, аюулгүй байдалтай холбоотой гомдол, саналыг шалган шийдвэрлэж буй аж. Энэ бүрэлдэхүүнд тус уурхайд олон жил ажилласан Р.Амгалан, Д.Мөнхцогт зэрэг хүнийг багтааж, хөндлөнгийн хяналт хийлгэж буй гэсэн. Тэдэнтэй уулзахад “Бид катеринг, хоол үйлчилгээний “Опен вэй” ХХК-тай огт хамааралгүй хүмүүс. “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар хөндлөнгийн хяналт хийх баг томилж, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, катерингийн компанитай холбоотой санал шүүмжлэлийг нягталж байгаа юм. Бид Улаанбаатараас хүнсний бүтээгдэхүүн ирсэн даруйд тус компанийн ажилтнуудтай хамт барааг нь норм, стандартын дагуу аюулгүй тээвэрлэж ирсэн үү гэдгээс авхуулаад ажилчдын гаргаж буй санал, гомдлыг хүртэл нягталж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 25-нд QR кодоор нэг ажилчин гомдол гаргасныг нягталж, хүнсний тээвэрлэлт, хоол үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагаа зөрчигдөөгүйг тогтоосон. Ер нь бид гэртээ 14 хоногтоо иддэггүй хоолыг нь уурхайн кэмпдээ идэж байгаа шүү дээ” гэж ярилаа.
Уурхайнууд өөрсдийн хөрөнгөөр авто зам тавьж, мод тарьжээ
Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас төвлөрсөн гэж хэлж болох Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлож буй “Саусгоби сэндс”, МАК, “Өсөх зоос” компани дээрх сумын төвөөс уурхайн байршил, Шивээхүрэнгийн боомттой холбогдох авто замыг өөрсдийн хөрөнгөөр барьж эхэлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй Овоотын орос цэргийн ангийн ашиглаж байсан нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг өргөтгөж онгоц хүлээн авах бэлтгэл ч базааж буй аж. 2020 оноос өмнө 50-70 хүн тээвэрлэх хүчин чадалтай агаарын жижиг хөлгөөр ажилчдаа тээвэрлэж авчирдаг байсан ч цар тахал, онгоцны ашиглалтын хугацаа дууссан зэргээс шалтгаалан дээрх гурван уурхайнхан автобусаар 920 км замаар 14 хоногт нэг удаа ажилчдаа зөөж байна. Аюулгүй түргэн шуурхай, ирж очихоо бодвол агаарын хөлгөөр тээвэрлэсэн нь амар гэж үзэх уурхайчид байгаа юм. Юутай ч Гурвантэс сум хүртэлх хатуу хучилттай авто замыг шинээр барих, онгоцны буудлаа өргөтгөх бодлогоо тус сумынхан уул уурхайн компаниудтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
Биднийг Гурвантэс хүртэл аялах цаг үед намрын мод тарих өдөр тохиосон. Гурвантэсэд хайгуулын 15, ашиглалтын 23 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцож буй юм билээ. Тухайлбал, “Саусгоби сэндс”-ийнхэн сумын төвийн салхины дээд талыг халхлах зорилгоор Гурвантэсээс баруун хойд зүгт 20 орчим км зайд мод тарьжээ. Зөвхөн Гурвантэсээр тогтохгүй Баянхонгорын Баянлиг, Баянговь сумд ч тодорхой тооны мод суулган, арчлалт, хамгаалалтыг нь орон нутгийн байгальд ээлтэй хүмүүст хариуцуулаад буй гэнэ. Энэ талаар “Саусгоби сэндс”-ийн байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунболд “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 15 сая мод тарих амлалт өгсөн. Үүнийгээ Өмнөговь аймгийн Гурвантэс, Баянхонгорын хил залгаа сумууд, уурхайн байршил зэрэг газарт суулган ургуулж байна. Дээрх газруудад Алтайн өвөр говийн цаг уурын нөхцөл байдалд тохирсон тарьц, суулгац ургуулж байгаа. Тодруулбал, манай энэ үйл ажиллагаа явуулж буй газар бол Нарийнсухайтын бүлэг орд. Энд сухай сайтар ургадаг. Сухайгаас гадна жигд, заг, хайлаас тарьж ургуулж байна. Бид өөрсдөө өдөр тутам арчилгаа тордлого хийж чадахгүй учраас Гурвантэс болон Баянхонгорын сумуудын байгаль орчноо гэсэн сэтгэлтэй хүмүүст хариуцуулж усалгаа, тордлогыг нь хийлгэдэг” гэж ярив.
Үнэхээр арчилгаа тордлого сайн хийвэл говийн хөрс, байгаль, цаг уурын онцлогт тохирсон мод, бут ургахдаа амархан гэдэг нь хэд хэдэн газар дахь төглөөс харагдана. Үүнд усалгаа их шаардагдах аж. “Саусгоби сэндс”-ийнхэн өөрсдийн кэмпийн гадна тарьсан моддоо хэрэглээнээс гарсан саарал усаа дахин ашиглаж услахын зэрэгцээ уурхайн технологийн замыг ч түүгээр норгодог юм байна. Бид цаашаа Шивээхүрэн боомт хүрч, үйл ажиллагаатай нь танилцах зорилго өвөрлөсөн ч аяны дөрөө нийлсэн нэгэнд маань хүндэтгэх шалтгаан гарсан учраас замын дундаас шөнө хугаслан буцлаа.