“Microsoft”-ыг үндэслэн байгуулагч Билл Гейтс өөрийн хөрөнгийн 99 хувийг ойрын 20 жилд өглөг, буяны үйлсэд зориулахаар шийдсэнээ зарлав. “Хорвоог орхихдоо баян чигээрээ өөд болсон гэж хэлүүлэхгүй байхаар би төлөвлөж байна” гэж тэрбээр өөрийн цахим хуудсанд бичжээ. Энэ үгийг цагтаа буяны үйл хэрэгт хөрөнгөө зар¬цуулсан Эндрю Карнеги хэлж байжээ.
Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг бусдад тараалаа ч тэрбумтан хэвээр үлдэнэ. Түүний хөрөнгө одоо 108 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн хамгийн баян 20 хүний тоонд багтаж буй юм. Түүний нэрэмжит сан эрүүлийг хамгаалах болон бусад салбарт төсөлд санхүүжүүлсээр буй, нас барсных нь дараа ч хэдэн арван жил ажиллаж байхаар гэргийн хамт төлөвлөж байсан ч түүний зарцуулах явцыг хурдасгаж, сан нь бүх мөнгөө тарааж дуусаад 2045 онд хаагдах нь зөв гэж үзсэн байна.
Гейтс энэ намар 70 нас хүрнэ. Ирэх 20 жилд түүний сан 200 тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд нийтдээ хэдий хэр мөнгө буяны үйлсэд зориулах нь зах зээлийн байдал хийгээд мөнгөний ханшаас шалтгаалах аж. Гейтсийн сан өнгөрсөн 25 жилд янз бүрийн оронд эрүүлийг хамгаалах салбарт 100 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм байна.
Урьдчилан сэргийлж чадаж буй ч эх, хүүхдийн амийг авч одсоор байгаа өвчнүүд, хумхаа болон улаан бурхныг оруулаад халдварт өвчнийг устгаж, янз бүрийн орны зуун сая хүнийг ядуурлаас ангижруулах гурван гол зорилт ирэх 20 жилд тавьж байна гэж Гейтс бичсэн байх юм. Яагаад ийм шийдвэр гаргав аа гэсэн асуултад хариулахдаа “20 жилийн дараа өөр баячууд гарч ирнэ, хүмүүст учирдаг төвөг бэрхшээлийг шийдэхэд нь хэрхэн туслах ёстойг тэд илүү сайн ойлгоосой гэсэндээ” хэмээжээ.
Билл Гейтс, Пол Аллен нар “Microsoft”-ыг 1975 онд үүсгэн байгуулсан билээ. Гейтс өөрөө түүний ерөнхий захирлын албанаас 2000 онд чөлөөлөгдөж, 2020 онд захирлуудын зөвлөлөөс гарсан юм. Манай гаргийн баян хүн, компьютер, мэдээллийн технологийн аварга компанийн эзэн гэгдэж байсан Гейтс Трам¬пын засаг захиргааны Төрийн удирдлагын үр бүтээм¬жийн департаментыг тэргүүлж буй Элон Маскийг бусад оронд үзүүлэх тусламжид зарцуулах хөрөнгийг танаснаар хүүхдүүдийн аминд хүрч байна хэмээн буруутгав. 2024 онд эрүүлийг хамгаалахад 12 тэрбум ам.доллар АНУ хуваарилаагүйгээс ирэх 15 жилд 25 сая хүн амиа алдах эрсдэл бий болно гэж тэр үзэж буй юм аж.
Гейтс нэрэмжит сангаа гэргий нь байсан Мелиндагийн хамт 2000 онд үүсгэн бий болгожээ. Хэмжээгээрээ энэ сан дэлхийд гуравт ордог аж. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан 100 тэрбум ам.доллар нь 80 сая орчим хүний амийг аварсан гэж “Gates Notes”-ийн сайтад өгүүлсэн байна. Гэтэл Британи, Нидерланд, Швед, Бельги зэрэг Европын орнууд эрүүлийг хамгаалах салбар болон гадаад улсуудад үзүүлэх тусламжаа өнгөрсөн оноос хорогдуулсан байна.
Билл Гейтс АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод төрж, өсжээ. Тэрбээр эгч, дүү хоёртой. Өсвөр наснаасаа л компьютер сонирхож. Түүний суралцсан “Лейксайд” гэдэг сургууль ч хүүхдүүдийг компьютер сонирхох боломжоор хангадаг байж. 13 настайдаа Гейтс өөрийн анхны программыг бичиж, 16 насандаа найз Пол Аллентайгаа хамт бизнесээ эхлүүлэн, Сиэтлийн тээврийн урсгалыг хэмжих программ зохиож 20 мянган ам.доллар олсон байна. Дунд сургуулиа 1973 онд онц төгсөөд Харвардын их сургуулийн эрх зүйн салбарт элсэж, хажуугаар нь математик, компьютер судалжээ. Харвардын их сургууль төгссөнийг гэрчлэх димпломоо 2007 онд аваад 51 настай тэрбумтан Гейтс наргиан болгож “Аав аа, дипломаа аваад ирлээ гэж хэлэхийг би 30 жил хүлээлээ” хэмээсэн байдаг.
Гейтс 1981 онд “Microsoft”-ын ерөнхийлөгч бөгөөд захирлуудын зөвлөлийн тэргүүн болов. Одоо хэр нь байраа алдаагүй “Windows” сис темээ 1985 онд анх танилцуулж байжээ. Компани нь эхний үедээ программ боловсруулах ажилд идэвх гаргаж байлаа. 1989 оноос голчлон менежерийн үүрэг гүйцэтгэх болжээ. Буяны үйлсэд голчлон анхаарахаар төлөвлөж буйгаа Гейтс 2006 онд мэдэгдэв.
Билл Гейтс 31 настайдаа 1987 онд тэрбумтан болсон байна. “Forbes” сэтгүүл 1993 онд түүнийг АНУ-ын хамгийн баян хүн гэж нэрлэж, 1995 онд дэлхийн тэргүүлэх баян болгож зарлав. Энэ алдрыг 2007 он хүртэл хадгалж байгаад 2008, 2010-2013, 2018-2019 онд энэ жагсаалтын хоёрт бичигдэх болсон байна. Харин энэ онд 13-т оржээ. “Дэлхийн баян хүмүүсийн дунд байх миний байр доошилсоор аандаа түүнээс хасагдана” гэж 2022 онд Гейтс “Twitter”-тээ бичиж байв.
Өөрийнх нь компанид худалдааны хэлтсийн менежерээр ажиллаад хэдэн жил болсон Мелинда Френчтэй 1987 онд “Microsoft”-оос хэвлэлийнхэнд зориулж хийсэн нэгэн удаагийн мэдээллийн үеэр Гейтс танилцжээ. Тэд 1994 онд ханилан сууж, гурван хүүхэдтэй болсон байна. 1996 онд төрсөн ууган охин Женнифер Катарин нь Колумбын их сургууль төгсөөд Нью-Йоркод хүүхдийн эмчээр ажиллаж буй. Морин спортын мэргэжлийн тамирчин Найель Нассартай 2021 онд сууж нэг охинтой болоод байгаа. 1999 онд төрсөн хүүдээ Рори Жон гэх нэр өгч, тэр нь 2022 онд Чикагогийн их сургууль төгсжээ. 2002 онд төрсөн отгон охин Фиби Абдель нь Стенфордын их сургуульд сурч байна. Хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлж үлдээх нь тэдэнд ч, нийгэмд ч ашиггүй гэж үздэгээ Гейтс олон түмний сонорт хүргэсэн байдаг.
Билл, Мелинда нар 27 жил хамт амьдраад 2021 онд гэр бүлээ цуцлуулав. Тэд удаан бодож тунгааж байж ийм шийдэлд хүрсэн аж. “Bloomberg”-ийн мэдээлснээр салсны дараа Мелинда нийтдээ гурван тэрбум орчим ам.долларын хувьцаа авчээ. 2024 оны дунд хүртэл тэд хамтдаа сандаа ажилласан байна. “The Wall Street Journal”-д дурдсанаар бол насанд хүрээгүй хүүхдүүдийг хормойн “ажил”-ын зорилгоор худалдаалдаг хэрэгт орооцолдсон санхүүч Жеффри Эпштейнтэй Гейтс холбоо сүлбээтэй байсан гэх хэл ам тэдний салах шалтгаан болсон бололтой. Энэхүү Эпштейн гэгч 2019 онд шоронд амиа хорложээ. Хэвлэлд хандсан хүмүүсийн ярьснаас үзвэл Эпштейнтэй хэлхээ холбоотой байдагт нь сэтгэл зовниж буйгаа Мелинда 2013 онд нөхөртөө хэлж байсан ч тэд хамтран ажилласаар байж. Энэ холбоо сүлбээ “том алдаа байсан” хэмээн 2021 онд Гейтс мэдэгдсэн байна. Түүний ярьснаар Эпштейнтэй хэд хэдэн удаа оройн зоог барьсан, тэрбээр “дэлхийн эрүүлийг хамгаалах салбарын хөгжилд зориулж сайн дураар тэрбум, тэрбум ам.доллар хандивлахаар амлаж байсан ч хэрэгжүүлээгүй аж. Хожим нь “The New York Times” сонинд мэдээлснээр Гейтс гэргийгээсээ салахаар шийдэхдээ өөрийн компанид ажиллаж байсан хүүхнүүдтэйгээ уулзаж, учирдаг байжээ.
Тэрбумтан маань коронавирус бий болгож ашиг олохыг санаархаж буй гэх мэдээлэл 2020 оны эхнээс дуулдаж байв. Өнөөгийн ертөнцөд халдварт өвчин тархаж буй нь хүн төрөлхтөнд учирч буй айхтар аюул бөгөөд олон сая хүний аминд заналхийлж байна гэж Гейтс 2015 онд хэлж байсныг энэ мэдээллийг тараагч эш үндэс болгосон байна. Гейтсийн сан “Ковид-19”-тэй тэмцэх, вакцин гаргаж авахад 2020 оны намар 650 сая ам.доллар зарцуулсан нь ийм цуурхал дэгдэхэд түлхэц болжээ. Тэрбээр бүлгийн дархлаа бий болгохын тулд хүн амынхаа 80-аас доошгүй хувийг вакцинд хамруулахыг уриалж байв.
Гейтс “Ирээдүйд хүрэх зам” (1995), “Сэтгэхүйн хурдтай бизнес (1999), “Цаг уурын сүйрлээс хэрхэн зайлсхийх вэ” (2021), “Дараагийн цар тахлыг яаж зайлуулах вэ” (2022) гэх зэрэг хэд хэдэн ном бичжээ. “Эцсийн код” гэх бүтээл нь энэ онд хэвлэгдэх юмa байна. “Энэ бол хүүхэд наснаас аваад Пол Аллентай хамт коллежоо хаяж “Microsoft”-оо байгуулснаар дуусаж буй миний дурсамж юм” гэж Гейтс хэлсэн байна.
Р.Жаргалант