
Түшмэдэд тавих улсын болон намын хяналтыг нэг бүтцэд нэгтгэсэн, авлигатай тэмцэх маш хүчирхэг байгууллагыг Хятадын эрх баригчид ирэх оны гуравдугаар сард бий болгохоор төлөвлөсөн байна. Энэ нь тус улсын эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний явуулсан авлигатай тэмцэх кампанит ажлыг байнгын ажиллагаатай байгууллага болгож, намын эрх мэдлийг бэхжүүлэх юм. Хятадын Коммунист нам дахь авлигын байдлыг бүрхэг бөгөөд нарийн зохион байгуулалттайд тооцдог.
Шинэ эриний Хятадын онцлогтой социализм байгуулах тухай Си Зиньпиний үзэл санааг удирдлага болгон авлигыг ялахын тулд Үндэсний хяналтын комисс (ҮХК)-ыг байгуулах гэж байна. Ийм байгууллагатай болох төлөвлөгөөг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан. Харин өнгөрсөн гуравдугаар сард болсон Хятадын Парламентын чуулганаар Бээжин хот, Шаньси болон Жэзян муж дахь авлигатай тэмцэх газруудаа нэгтгэх төсөл боловсруулсан юм. Уг төсөл амжилттай хэрэгжсэн тул тус улс даяар нэвтрүүлэх болжээ. Намын хяналтын газар болох Сахилга шалгах төв комисс (СШТК), Ардын прокурорын газрын авлигатай тэмцэх хэсгүүдийг шинэ байгууллагад нэгтгэх гэнэ.
СШТК-ыг одоо тэргүүлж буй, Си Зиньпиний ойрын хамтран зүтгэгч Жао Лэзи шинэ байгууллагыг удирдах магадлал өндөр байна. Тэрбээр долоо хоногийн өмнө Хятадыг удирдан чиглүүлэгч байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болсон билээ. Эсвэл насны улмаас удирдах албан тушаалаа саяын их хурлаар өгөхөөс өөр аргагүй болсон, намын ерөнхий нарийн бичгийн даргын эртний анд Ван Цишань шинэ байгууллагыг удирдаж магадгүй гэнэ.
ҮХК байгуулагдсанаар Коммунист нам болон Си Зиньпиний эрх мэдэл нэмэгдэнэ гэсэн дүгнэлтийг Хятадын Ардын их сургуулийн судлаач Дэн Зиньтин хийжээ. Шинэ байгууллагын ажилтнууд нь Ардын прокурорын газрынхантай харьцуулбал түшмэдийн авлигатай тэмцэх учир бүс нутгийн эрх баригчдын дарамт шахалтад бага өртөнө гэж тэрбээр үзэж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын авлигатай тэмцэх байгууллагууд сайд, түүнээс дээш түвшний 440 түшмэл, тухайлбал, Коммунист намын Төв хорооны 43, СШТК-ын есөн гишүүнд янз бүрийн шийтгэл оноожээ. Энэ нь авлигатай тэмцэх кампанит ажил уу, эсвэл улс төрийн цэвэрлэгээ явуулах үндсэн зорилготой ажиллагаа юу гэдэг талаар ажиглагч, шинжээчид нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна.