
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудаар айлчлахаар мордлоо. Энэ нь тус бүс нутагт Америкийн Төрийн тэргүүн сүүлийн 25 жилийн хугацаанд хийж байгаагүй хамгийн урт аялал болохыг Цагаан ордон онцолсон билээ. Улс орон нь улам их хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй үед Д.Трамп Америкийн эрх ашгийг хамгаалах, Солонгосын хойгийн хурцадмал асуудал зэрэг олон улсын хямралыг шийдэх чадвартайгаа өрсөлдөгчдөдөө харуулах гэж байна. Энэ удаагийн аяллын анхаарлын төвд Д.Трампын Бээжинд хийх айлчлал байх юм. БНАСАУ-ыг тойрсон хямрал энд хийх хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байх бололтой.
Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх аялал өнөөдөр Хавайгаас эхэлнэ. Тэндээс Д.Трамп гэргий Меланиягийн хамт Японыг зорих юм. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам, Филиппинд очно. Вьетнамд Д.Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцоно. Тэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин очно. Өмнөд Солонгос, Хятадад хийх айлчлалыг төрийн хэмээн тодотгожээ.
Үүнээс өмнө 1991 онд АНУ-ын Ерөнхийлөгч том Жорж Буш тус бүс нутагт олон хоногийн айлчлал хийж байв.
Өнгөрсөн тавдугаар сард баг нь, тухайлбал, хүргэн нь болох, Цагаан ордны тэргүүний зөвлөх Жаред Кушнер ОХУ-тай холбоотой гэх дуулиан өрнөж байх үед Д.Трамп Персийн булангийн орнууд, Израиль, “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Италид айлчилсан нь ес хоног үргэлжилсэн билээ.
Бараг хагас жил өнгөрсөн хэдий ч Д.Трампын хувьд Вашингтоны байдал улам мууджээ. Тусгай прокурор Роберт Мюллерын комисс ажлын эхний үр дүнгээ нийтэлсний улмаас өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгууль дахь Оросын ул мөртэй холбоотой дуулиан дахин олны анхааралд өртсөн. Энэ удаа гол бай нь Дональд Трампын сонгуулийн өмнөх штабын тэргүүн асан Пол Манафорт болов. Жаред Кушнерээс ялгаатай нь тэрбээр шоронд орж болзошгүй байна.
Үүнтэй холбогдуулан CNN телевиз Цагаан ордон дахь эх сурвалжуудаасаа эш татан мэдээлэхдээ болгоомжлол дагуулсан Д.Трампын айлчлалд тус улсын дотоод асуудал сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн таамаглажээ. Тодруулбал, янз бүрийн байгууллагуудтай хэлэлцээ хийх Д.Трампын чадвар эргэлзээтэй учир түүний байр суурь улам ганхаж магадгүй гэнэ. Урьд нь түүний талаар ийм эргэлзээ бий хэмээн мэдээлж байсангүй.
АНУ-ын Төрийн тэргүүний айлчлалын хэтийн төлөвт Америк, Оросын шинжээчид найдлага тавихгүй байна. “Энэ айлчлалаас их зүйл хүлээх хэрэггүй. Бэлтгэл нь хожуу эхэлсэн төдийгүй Ерөнхийлөгчийн багт тус бүс нутгийг хариуцсан шинжээчид бараг байхгүй” гэж Вашингтонд төвтэй, Карнегийн сангийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жеймс Шофф тайлбарлажээ. Түүний үзэж буйгаар өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны хийсэн айлчлалын үеэр хөндсөн Энэтхэг, Номхон далайн нээлттэй бөгөөд чөлөөт бүс нутаг бий болгох чиглэлийг Д.Трамп өргөжүүлэх учиртай. Хятадын өргөжин тэлж буй нөлөөний эсрэг ийм бүс нутагтай болох нь АНУ-д чухал байгаа юм. Бээжин Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгисийг хяналтдаа авч, Энэтхэгийн далай дахь БНХАУ-ын байр суурийг хүчирхэгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Худалдааны бодлогын талаар гэвэл АНУ Хятад улс хөнгөнцагааны татварыг зохиомлоор бага байлгахын эсрэг хориг арга хэмжээ авсан болохыг тэрбээр сануулжээ.
Бээжинд болох Америк, Хятадын дээд хэмжээний уулзалт Д.Трампын Азийн орнуудаар хийх айлчлалын гол үйл явдал болно гэж ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Ломанов мэдэгдэв. “БНХАУ-ын дарга Си Зиньпин намын их хурлынхаа дараа засаглалаа урьд өмнө байгаагүйгээр бэхжүүлсэн бол Д.Трампын хувьд ар тал найдвартай байх нь мөрөөдөл бөгөөд түүний байр суурь улам хэврэг болж байна” гэж шинжээч хэлжээ. Түүний үзэж буйгаар Бээжингийн хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болох Умард Солонгосын асуудлаар ахиц дэвшил гаргахыг Д.Трамп хүсэж байгаа бол Пхеньяны эсрэг хатуу ширүүн үг хэлэхээсээ татгалзаж, Бээжин, Москвагийн саналыг хүлээж авах хэрэгтэй болох юм. БНАСАУ пуужингийн болон цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал АНУ, түүний холбоотон Өмнөд Солонгос цэргийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээ болих саналыг өнгөрсөн тавдугаар сард Хятад улс санал болгосон билээ.
Солонгосын хойгийн байдлын талаарх Америк, Хятадын хэлэлцээнд ахиц гарна хэмээн хүлээхгүй байгаагаа Жеймс Шофф илэрхийлжээ.