
Вьетнамд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах бодолтой буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ. Түүний хэлснээр Сири, Украин, Умард Солонгосын байдал тэдний хэлэлцээний гол сэдэв байх гэнэ. Хоёр удирдагч уулзахыг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үгүйсгээгүй юм. Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн кампанит ажилд Москва хөндлөнгөөс оролцсон тухай дуулиан АНУ-д эрчээ авч буй үед дээрх уулзалт болох нь.
“Путин бид хоёр уулзаж магадгүй. БНАСАУ, Сирийн байдлыг зохицуулахад бидэнд тус болох учир уулзах нь маш чухал. Украины тухай ч ярих хэрэгтэй” гэж Д.Трамп “Fox news” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Номхон далайн хоёр эрэг дагуу байрладаг орнуудыг эдийн засгийн хувьд ойртуулахад тус дөхөм болохыг үндсэн зорилтоо болгосон APEC-ын дээд хэмжээний уулзалт Вьетнамын Дананг хотод болно. Тус байгууллагын гишүүн ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүн нар уг уулзалтад оролцох юм.
Эргэн сануулахад, В.Путин, Д.Трамп нар хоёр дахь удаагаа уулзах гэж байна. Үүнээс өмнө өнгөрсөн долдугаар сарын 7-нд Германы Гамбург хотод “Их-20”-ийн чуулга уулзалтын үеэр тэд анх удаа уулзсан билээ. Тэгэхэд хэлэлцээний гол сэдэв нь Сири, Украины асуудал байсан. Энэ удаа БНАСАУ-д тэд гол анхаарлаа хандуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдээлжээ. “Энэ бол бидний шийдэж болох асуудал. Бид л шийдэхгүй бол Умард Солонгост сайн юм болохгүй. Гэхдээ Хятад улс бидэнд тусалж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ. Маш сайн ажиллаж, банкны сувгуудыг нь хааж, Пхеньянтай хийдэг худалдаагаа багасгасан гэж Хятадын удирдлагыг АНУ-ын Ерөнхийлөгч гэнэт сайшаасан байна.
Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оростой холбоотой байсан хэмээн Д.Трампыг буруушаасан Америкийн дотоод улс төрийн ширүүн тэмцлийн хамгийн эхний гэм буруутан нь Холбооны мөрдөх товчооны баривчилсан, Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын тэргүүн асан Пол Манафорт болсон. Ерөнхий прокурор Жефф Сешенс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путинтэй хийх уулзалтыг зохион байгуулахаас тухайн үед татгалзсан юм. Сонгуулийн өмнөх штабын ажилтан Жорж Пападопулос тийм уулзалт зохион байгуулах санал дэвшүүлсэн аж.