
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 67 дахь удаагийн тэмцээнд Энэтхэгийн Мануши Чхиллар түрүүллээ.
Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотод болсон тэмцээнд 118 улсын 18-26 насны гоо бүсгүй өрсөлдсөнөөс Мексикийн Андреа Меза хоёрдугаар байр, Их Британийн Стефани Хилл гуравдугаар байрт оров.

Зүрхний мэс засалч болохоор суралцаж буй, 20 настай Мануши Чхиллар нь дэлхийн шилдгээр шалгарсан, Энэтхэгийн зургаа дахь гоо бүсгүй боллоо. Хамгийн сүүлд 2000 онд тус улсын Приянка Чопра титмийн эзэн болж байв.

Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ц.Энхжин “Олны таашаалд нийцсэн мисс”, “Мультмедиа мисс” төрөлд түрүүлснээр шилдэг 15 оролцогчийн тоонд багтсан юм.

Их Британийн харьяат Эрик Морли гэргий Жулиягийн дэмжлэгтэйгээр 1951 оноос хойш эл тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнийг Хятадын “Шинэ торгоны зам” нэгдлийн дэмжлэгтэйгээр тус улсад хийжээ. Тус нэгдэл Их Британийн талтай урт хугацаанд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан аж.