
Өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулийн дүнгээр Германы Парламент буюу Бундестагт орсон намууд эрх барих эвсэл байгуулж чадсангүй. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн нам, тэдний яриа хэлэлцээний түншүүдийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт төлөвлөсөн ёсоор эвслийн хэлэлцээр амжилт олсонгүй. Цагаач, дүрвэгсэд болон экологийн асуудал ширүүн маргаан дагуулжээ.
Сонгуульд 32.9 хувийн санал авсан А.Меркелийн барууны төвч үзэлтэй Христийн ардчилсан холбоо (ХАХ), түүнтэй эвссэн Христийн социал холбоо (ХСХ)-нд шинэ Засгийн газар байгуулахад түнш хэрэгтэй байгаа юм. Одоогийн их эвсэлд ХАХ/ХСХ-той хамтарсан Социал демократ нам (СДН) дахин түншлэхгүй, сөрөг хүчин болохоо мэдэгджээ. СДН-ыг сонгогчдын 20.5 хувь нь дэмжсэн. Тус намын дарга Мартин Шульц нь А.Меркелийн гол өрсөлдөгч байсан юм.
Анх удаа Бундестагт орсон Германы Альтернатив намтай ХАХ/ХСХ эвсэл хэлэлцээ хийгээгүй. Ингээд ганц л хувилбар үлджээ. Үүнийг Германы хэвлэлүүд “Ямайка” буюу “Хар гэрлэн дохио” гэж нэрлэжээ. Энэ нь намуудын далбааны өнгөтэй холбоотой нэр аж. ХАХ/ХСХ-ны хар, Чөлөөт ардчилсан намын шар, Ногооны намын ногоон нийлээд Ямайка улсын Төрийн далбааныхтай адил өнгө бүрдсэн байна.
Засгийн газраа эмхлэн байгуулахын тулд намууд хэлэлцээ хийж, улс төрийн хөтөлбөрүүдийнхээ зөрүүг арилгасан байх ёстой. Үүний дараа эвслийн хэлэлцээр байгуулах юм. Энэ шатанд яамдаа хуваан авах ойлголцолд хүрэх ёстой. Хэлэлцээр байгуулж чадвал түүнийг эвсэлд орсон намуудын их хурлаар баталдаг.
Гэвч хэлэлцээ эхний шатандаа мухардалд орлоо. Намууд 15 цаг хэлэлцээ хийсэн боловч үзэл бодлоо нэгтгэж чадалгүй таржээ. Гол үл ойлголцол нь ХСХ, ногоон намууд хооронд өрнөсөн байна. ХСХ тухайлбал, ХБНГУ-ын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд гэр бүлийн гишүүдээ авчрах эрхтэй дүрвэгсдийн талаарх журмаа эргэн авч үзэх саналтай байна. Тэдний үзэж буйгаар тус улс шилжилт хөдөлгөөний хэт их ачаалал үүрч байгаа бөгөөд 2015 онд л гэхэд Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас 900 мянга орчим дүрвэгч хүлээн авчээ. Харин ногоон намууд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь хүний эрх зөрчсөн хэрэг болох учир дүрвэгсэд гэр бүлтэйгээ нэгдэх зарчмыг хэвээр хадгалахын төлөө байна.
Өөр нэг маргаан дагуулсан асуудал нь байгаль орчныг хамгаалах тухай байв. Дотоод шаталтын хөдөлгүүр ашиглахаас Герман улс бүрмөсөн татгалзаж, нүүрсний бүх цахилгаан станцаа хаах тодорхой хугацаа заахыг ногоон намынхан шаарджээ. Тодруулбал, тэд 2030 он хэмээн заах хүсэлтэй байлаа. Ингэж хугацаа заахыг ХАХ/ХСХ, Чөлөөт ардчилсан нам эрс эсэргүүцсэн аж.
Хэрэв эвсэл байгуулах хэлэлцээ бүрмөсөн мухардвал ХБНГУ-ын Ерөнхийлөгч дахин сонгууль зарлаж магадгүй. Гэхдээ тус улсын шинжээчдийн үзэж буйгаар “Ямайка” намуудын хувьд ингэх нь мэдээж ашиггүй бөгөөд сонгогчид тэднийг тохиролцох чадваргүй хэмээн улс төрийн өөр хүчнүүдэд саналаа өгөхөд хүрч болзошгүй.