
Израилийн нутаг дэвсгэрт одоо байгаа Африкийн хууль бус 10 мянга орчим дүрвэгчийг хүлээн авахад бэлэн гэдгээ Руанда улсын эрх баригчид мэдэгдэв. Хэрэв дүрвэгч Израилиас Руанда руу сайн дураар явна гэвэл түүнд 3500 ам.доллар өгөхөд Тель-Авив бэлэн гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Руандагийн Гадаад хэргийн сайд Луиза Мушикивабо улсынхаа “New times” сонинд ярилцлага өгөхдөө Израилийн нутаг дэвсгэрт Африкийн орнуудаас хууль бусаар очсон 10 мянга орчим дүрвэгчийг хүлээн авна гэдгээ мэдэгдсэн юм. Хүлээж авсан хууль бус дүрвэгч тус бүрийг 5000 ам.доллароор тооцон Руандад мөнгө шилжүүлэхэд бэлэн хэмээн хэд хоногийн өмнө Израилийн эрх баригчид тодруулсан билээ.
Одоо Израилийн нутаг дэвсгэр дэх түр хоргодох төвүүдэд 40 мянга орчим дүрвэгч байна. Тус улсын “Haaretz” сонинд мэдээлснээр тэдний 27 500 нь Судан, 7800 нь Эритрейгээс очсон гэнэ. Негев цөл дэх Холот хуаранд Африкийн 1000 орчим дүрвэгч бий. Катарын “Al Jazeera” телевизийн мэдээлснээр Израилийн Засгийн газар ирэх оны гуравдугаар сард уг хуаранг хаах шийдвэр гаргажээ. Израилиас хууль бус дүрвэгсдийг явуулах санаачилгыг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сайшаасан байна.
Гэвч тус улсын хэвлэлийнхэн, хүний эрхийг хамгаалах байгууллагууд эрх баригчдынх нь дээрх хандлагыг шүүмжилжээ. Ерөнхий сайд болон бусад түшмэлийг “хослол өмссөн алуурчид” хэмээн “Haaretz” сонины эрхлэгч Амос Шокен нэрлэв. “Тийм ээ, тэд хууль бусаар ирсэн. Биднээс орогнох эрх эрсэн, та дуу хоолойг нь сонсохыг хүсэхгүй байна. Тэднээс ангижрах гэж байгаа бол аюулгүй байдлыг нь хангах Канад, эсвэл өөр улс руу илгээгээч” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Гэвч Ерөнхий сайд нь түүнтэй санал нийлэхгүй, твиттертээ “Амос Шокены дайралт Израиль улсын нутаг дэвсгэрээс хууль бус дүрвэгсдийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг улам хүчтэй болголоо” хэмээн тэмдэглэсэн байна.