
“H&M” брэндийн дэлгүүрүүдэд халдсан идэвхтнүүдийг тараахын тулд Өмнөд Африкийн цагдаа нар резинэн сум хэрэглэжээ. “Шугуй дахь хамгийн том сармагчин” гэсэн бичээстэй цамц өмссөн хар арьст хүүхдийг харуулсан сурталчилгаа өмнөд африкчуудын дургүйцлийг хүргэсэн аж. Тус компани уучлалт гуйсан нь ч нэмэр болоогүй байна.
Йоханнесбург, Претори хот дахь дэлгүүрүүд халдлагад өртжээ. Үүнийг “Эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид” намынхан зохион байгуулсан гэнэ. Тэд “H&M” брэндийн сурталчилгааг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэнд тооцсон байна.
Шведийн тус компани гаргасан сурталчилгааныхаа төлөө хэдэн өдрийн өмнө уучлахыг хүсэж, зөвхөн ӨАБНУ төдийгүй бусад улсад гаргасан цамцаа худалдаанаас эгүүлэн татсан аж.