
АНУ-ын эрх баригчид өмнөд хилийнхээ хяналтыг чангатгах арга хэмжээ авсан хэдий ч тус улс руу өдөр бүр 1000 орчим хууль бус цагаач нэвтрэхийг оролддог гэнэ. Америкийн Конгрессын Хууль зүйн хорооны хуралдааны үеэр Дотоодын аюулгүйн байдлыг хамгаалахын сайд Кирстьен Нильсен үг хэлэхдээ ийн мэдэгджээ.
Өнгөрсөн санхүүгийн жил (2017 оны есдүгээр сарын 30-нд дууссан)-д өмнөд хилд нь 303 900 хүн хууль бусаар нэвтрэх гэж байгаад баривчлагдсан байна. Энэ нь өмнөх оныхоос 26 хувиар буурсан үзүүлэлт аж. Сүүлийн хэдэн сард харгалзах хүнгүй явсан хүүхдийн тоо 30 хувиар нэмэгдсэн нь онцгой анхаарал татаж буйг К.Нильсен тэмдэглэжээ.
Энэ сарын эхээр тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөд хил дагуу босгох ханыг барьж эхлэхэд зориулах 18 тэрбум долларыг Конгрессоосоо хүссэн байна. Уг барилгын ажил 10 жилийн дараа дуусах юм. Төлөвлөгөөнд тусгаснаар ханыг босговол 2027 он гэхэд 3200 орчим км урт хилийн талаас илүү хувь нь найдвартай хамгаалалттай болох аж.