
АНУ-ын хууль бус 20.5 мянга гаруй дүрвэгч өнгөрсөн онд Канадын хуурай замын хилээр нэвтэрсэн байна. Канадын Цагаачлалын албанаас эш татан “Global news” телевиз энэ тухай мэдээллээ. “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдаагийнхан хилийн цэгүүдэд 1978 хүн саатуулсан. Тийнхүү Канад, Америкийн хилийг давсан дүрвэгчийн тоо 20 593-т хүрсэн” гэж тус телевиз тэмдэглэжээ. Хууль бус дүрвэгчид Канад руу ихэвчлэн Квебек, Манитоба мужаар дамжсан гэнэ. Тэдний олонх нь Гаити, Нигерийн иргэд байв. Дүрвэгсдийн хэлснээр Канад руу олноороо “зугатсан” нь Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын бодлогоо чангатгасны улмаас АНУ-аас албадан гаргахаас болгоомжилсонтой холбоотой аж.
Үүний сацуу Газар дундын тэнгист өнгөрсөн бямба гаригт явуулсан таван ажиллагааны үеэр 800 орчим дүрвэгчийг аварсан тухай Италийн Эргийн хамгаалалтын албанаас мэдээлснийг “Reuters” уламжлав. Европыг зорьж явсан тэднийг гатлага хоёр онгоц, гурван завинаас аварчээ. Нэг ажиллагааны үеэр Италийн Тэнгисийн цэргийн флотын хоёр нисдэг тэрэг Тунисийн эмнэлэгт долоон хүүхэд хүргэсэнд шаардлагатай тусламж үзүүлсэн гэнэ. Мөн аврагчид хоёр цогцос уснаас гаргасан байна.
2015 онд Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэд хэдэн оронд тэмцэл, хөдөлгөөн идэвхжсэний улмаас ямар нэг аргаар Европт хүрэх гэсэн дүрвэгсдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн билээ. Тэдний дамжин өнгөрдөг гол цэг нь Ливи улс бөгөөд одоо тэнд 700 мянга орчим дүрвэгч бий гэнэ.
Олон улсын дүрвэгсдийн байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд Газар дундын тэнгисээр дамжин Европт очсон цагаач, дүрвэгсийн тоо 171 мянгыг давжээ. Далайгаар Европыг зорьсон 3000 гаруй хүн замдаа амь эрсэдсэн байна.