
БНСУ-д ирэх сарын 9-25- нд болох өвлийн олимпод дэлхийн 21 орны төр, засгийн 26 төлөөлөгч оролцохоо мэдэгджээ. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын газрын орлогч захирал Нам Гван Пёны мэдээлснээр уг наадамд 92 орны 2943 тамирчин оролцох гэж байгаа нь өвлийн олимпын түүхэн дэх хамгийн олон оролцогчтойгоор тэмдэглэгдэн үлдэх гэж байна.
Олимпын наадам нээгдэх өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаадын удирдагчдад зориулан хүлээн авалт зохион байгуулж, дараа нь тэдний 14-тэй нь тусдаа уулзах аж.
Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны мэдээлснээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хань Жэн, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар олимпын үеэр айлчлахаа мэдэгджээ.