
-Өмнөд Африк дахь “Rovos rail”-ийн тансаг, гайхамшигт аялал -
Дурбанаас Претори хүртэлх замыг адал явдал сонирхдоггүй зорчигч бол цаг хүрэхгүй хугацаанд туулна. Харин цонхоор “кино” үзэж, галт тэрэгний дугуйны чимээнд нойрсож чаддаг мөрөөдөгч бол далайн эргээс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл хүртэлх гайхамшигт гурав хоногийг туулах замдаа цөл дундах баянбүрдэд бууж, түүхэн газруудаар аялж болохыг ОХУ-ын аялагч Ольга Растегаева тэмдэглэжээ.
ДУГУЙН ДЭЭРХ АМЬДРАЛ
Ийм замаар уг нь язгууртан, чинээлэг хүмүүс зорчдог байв. Төмөр замчны дүрэмт хувцастай ажилтнууд аянд гарахын өмнө зорчигчдын тээш, малгайн хайрцгуудыг тансаг купе рүү зөөж, зарц нар ачаа барааг цэгцэлж, даашинз, костюмнуудыг индүүдэж, хувцасны шүүгээнд цэгцлэн өлгөнө.
Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулагч чинээлэг зорчигчдын тав тухыг бодолцон, өглөөний цайнд барих баглаа цэцэг, эсвэл оргилуун дарс гээд тэдний хүсэлт нэг бүрийг биелүүлнэ. Эрчүүд нь үдэш тамхи татан, ажил хэргийн уулзалтууд хийж байхад эмэгтэйчүүд нь цайны өрөөнд цуглана. Хээлж чимсэн модон баганатай ресторанд оройн хоолонд нарийн, тансаг хоол, шилдэг дарсаар дайлуулна.
Нэгэн зууны дараа бараг юу ч өөрчлөгдсөнгүй. Гэхдээ “Rovos rail” компанийн “Африкийн бахархал” зорчигч тээврийн галт тэрэгний тээшний хэсэг дэх бүрх малгайн хайрцаг цөөрчээ. Өглөөний зоогт шинэ сонин, таван цагийн цайнд хавчуургатай талх өгдөг хэвээр. Аяллын дараа уух юмаар дайлж, купег өдөрт хэд хэдэн удаа цэвэрлэдэг хэвээр аж.
Аяллын галт тэргийг Эдвард (ХХ зууны эхэн үеийн Нэгдсэн Вант Улсын хаан)-ын үеийн загвараар засжээ. Купег модоор доторлож, орнуудыг гараар нэхсэн хивсээр өнгөлсөн байна. Галт тэрэгний дотоод засал өдгөө ч өнгөрсөн зууныг санагдуулна. Хаашаа ч харсан эртний эдлэл. Гангар шаазан таваг, гэрийн эзний нэрийн эхний үсэг бүхий цайны хослол, зөөгч нарт зориулсан эртний гоёмсог тавиур, гар хийцийн арьсан буйдан, гэрлийн бүрхүүл, Их Британи, Өмнөд Африкийн дайн (1899-1902)-ы үеийг санагдуулам цөцгийн тосны сав байна. Тэр үеийнхээс өдөн үзэг, бэхний сав бүхий бичгийн ширээ л дутуу аж. Дашрамд хэлэхэд, Мянган толгодын хөндий, Питермарицбург, Ледисмит хотын ойролцоох эдлэн газрууд, Гуатенг муж дахь алт хайгчдын газруудаар хийх гурав хоногийн аяллын эхний үдшээс л өнгөрсөн зуунд очсон мэт сэтгэгдэл төрнө.
.jpg)
МОСКВАГААС БАНГКОК ХҮРТЭЛХ ГАЛТ ТЭРЭГНИЙ 55 ХОНОГИЙН АЯЛАЛ
“Rovos rail”-ийнхэн өдөр, оройн зоогт зорчигчдод хэзээд өвөрмөц цэс санал болгодог. Тухайлбал, зээрийн махан стейк, нутгийн амтлагчтай хавч, битүү шарсан хурганы мах тамшаалж үзээрэй. Бэлтгэсэн зоог нь ёслол хүндэтгэлийн мэт, дэгжин зочдод нийцнэ. Хоол бүрт тохирох нутгийн дарсыг барьдаг. Энэ бүхэн Өмнөд Африкийн дарсны эрдэнэсийн сангийн амталгаа болон хувирдаг. Бас үнэтэй дарс, амттан, зугаалга гээд бүгд аяллын үнэд багтсан байна.
Өдрийн, эсвэл оройн хоолны дараа тогтсон ёсоор том цонхтой, эсвэл задгай талбай бүхий вагонд цуглаж, харсан, үзсэнээ хэлэлцэн, төрсөн сэтгэгдлээ хуваалцаж, тоглож, үгийн сүлжээ бөглөдөг.
Хоолны дараа залхуу хүрч, зүүр мэглэмээр санагдах үед зурагт үзэхээр купе рүүгээ явах шаардлагагүй. Энэ галт тэргэнд зурагт байдаггүй онцлогтой. “Rovos rail” нь төмөр замын эртний компани учир тогтсон дүрмийн дагуу зорчигчдодоо олон нийтийн газар (ресторан, задгай вагон, баар) гар утас хэрэглэхгүй, оройн зоогт хүлээн авалтын хувцастай байх шаардлага тавьдгаас гадна, нүдэндээ шороо, тоос оруулахгүйн тулд тусгай шил зүүсэн тохиолдолд цонхоор шагайн харахыг зөвшөөрдөг. Бусад үед цонхоо заавал хаасан байна. Учир нь галт тэрэг удаан явж, өртөө хооронд зогсох учир хулгайч орж, купе эзгүй үед үнэтэй эд зүйлс алдагдаж болзошгүй гэнэ.
.png)
ЗАХИАЛГАТ ЗОГСООЛУУД
Вагон ресторан төдийгүй зогсоолууд зорчигчдын хүсэл сонирхолд нийцсэн байдаг. Эхний зогсоол нь галт тэрэг Дурбанаас Питермарицбургийн чиглэлд хөдөлснөөс хойш гурван цагийн дараа бий. Тэнд зорчигчид автобусанд сууж, вааран эдлэлийн “Ardmore” үйлдвэрийг зорьдог. 1980-аад онд Фэй Хэлстедийн байгуулсан үйлдвэр нь авьяаслаг зураачдыг олж, нутгийн оршин суугчдыг шавраар эд зүйл урлаж сургажээ. Тэдний бүтээл Африкийн өгүүлэмж, зулу түмний соёл, баялаг төсөөллийг шингээсэн, олны мэддэг брэнд болсон аж. Шинэ зуунд уг брэнд Францын “Hermes” загварын ордонтой хамтран бүтээл туурвихаар болтлоо өсөж, хөгжсөний дараа дэлхийн загварын шилдгүүдийн эгнээнд багтсан байна.
“Rovos rail”-ийн зорчигчдыг “Ardmore”-ийнхон найрсгаар хүлээн авч, шавар бүтээлийнхээ жижиг музейгээр аялуулж, үйлдвэртээ урьж, цайлдаг. Галт тэрэгний зорчигчдод тусгай үнэ санал болгодог ч ямар нэг бүтээлийг тогтож харахгүйгээр, явдал дундаа сонгож авахад хүндрэлтэй. Бүтээл бүр төгс интерьер шаардсан байдаг. Гэсэн ч зорчигчдын олонх нь дурсгалын зүйл заавал худалдан авдаг ажээ.
Хоёр дахь өдрийн аялал олон сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Өглөөний зугаатай хөтөлбөрт Их Британи, Өмнөд Африк хоорондын дайны гол талбаруудын нэг болох Спион-коп толгодын төлөөх тулалдаан болсон газруудаар түүхэн аялал хийх, эсвэл мөн Спион-коп гэдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замуудаар тоос босгон жийпээр аялах хувилбарыг санал болгодог. Хэрэв онгон байгалиар аялахыг хүсвэл гурван цагийн дотор усан санг тойрч, далан дээр гарч, эрээн тахь болон дэлт бүргэдийн сүргийг үргээх боломжтой.
Өдрийн хоолны дараа Драконс берг уулаар хүрээлүүлсэн “Намбити” хүрээлэнгийн байгальтай танилцахыг санал болгоно. “Rovos rail” галт тэрэг зогсдог Эландслаагте өртөөнөөс үндэсний хүрээлэнгийн эхний хаалга хүртэл задгай машинаар ердөө 10 минут явдаг. Жийп бүр тусгай тайл барлагчтай. Тэд тэндхийн амьтдын амьдрал, тэдгээрийг хаанаас авчирсан, хаанаас харж болох, заанууд модны мөчир хэрхэн хугалдаг, өлсгөлөн арслангууд догшин байдаг гээд бүгдийг тодорхой ярьж өгнө. Нар жаргахын өмнө аз таарвал Африкийн том таван амьтны төлөөллийг харах боломжтой. “Намбити” нь Квазулу Наталь муж дахь цорын ганц дархан цаазат газар юм. Тэнд заан, арслан, ирвэс, анааш, одос болон усны үхэр, таван төрлийн хэдэн мянган зээр харна.
.png)
УУРЫН ТЭРЭГНИЙ ПАРК
Аяллын гурав дахь өдөр эцсийн өртөөнд хүрэхийн өмнөхөн уйтгартай цахилгаан галт тэрэгнээс Йоханнес бург хотын ойролцоо хуучны уурын зүтгүүрт шилжин сууна. Үүнд ердөө 10 минут л зарцуулна. Музейн ховор үзмэрийн дэргэд удаан зогсох аргагүй. Бүхээг нь маш халуун учир машинчид нь хүндээр тусдаг. Улайссан зуух руу минут тутамд нүүрс шидэх хэрэгтэй болно. Преторид ирсний дараа тээш нүүдийг болгоомжтой буулгана. Энэ хооронд зорчигчид нь өртөөний зоогийн газарт салах ёс гүйцэтгэн хундага өргөж, депог үзэж, компанийн эзний хүүгийн алдраар Шон хэмээн нэрлэсэн уурын тэрэгний бүхээгт ч орох боломжтой. Машинч хүрз өгч, зуух руу нүүрс шидэх, бас яндангийн дуут дохио өгөхийг зөвшөөрнө. Хүүхэд шиг санагдах ч үүнээс татгалзах аргагүй. Компанийг үүсгэн байгуулагч Рохан Вос ч ийм таашаалаас зайлсхийж чадаагүй гэдэг.
Рохан хүү тоглоомон төмөр зам сонирхдог байв. Том болсон хойноо хообийгоо орхиогүй төдийгүй бүх л амьдралынхаа үйл хэрэг болгожээ. Эхлээд тэрбээр музей, хувийн цуглуулагчдаас уурын болон галт тэрэг худалдан авч, сэргээн засаад дөрвөн хүүхдийнхээ нэрээр зүтгүүрүүдээ нэрлэсэн байна. Тодруулбал, Рохан Восын хувийн депогийн зам төмөр дээр “Бренда”, “Бьянка”, “Тиффани”, дээр дурдсанчлан “Шон” зогсож буй. Хувийн анхны вагонуудаа угсарсан Рохан Вос Өмнөд Африкийн төмөр замын удирдлагаас галт тэргээ өөр цуваатай холбоод гэр бүлийн аялал хийх зөвшөөрөл хүссэнд татгалзсан хариу өгчээ. Тэр үед Крюгер үндэсний хүрээлэн рүү анхны богино аялал хийх санаагаа олоод, 1989 оны дөрөвдүгээр сард хэрэгжүүлсэн байна.
Түүний бизнес амжилт олох хувьтай байжээ. Төмөр замыг гэсэн сонирхлыг “Rovos rail” оршин тогтносон 28 жилийн хугацаанд олон хүн хуваалцаж, Преторийн өртнөөс хуучин таксинд бус, тансаг автомашин хөлөглөн дээрх гайхамшигт аялалд мордож үзсэн аж. Гэхдээ хуучин колони улсаар хийх аялал “Rovos rail”-ийнхээр хязгаарлагдахгүй, өөр чиглэлээр адал явдалтай аялалд мордож бас болно.
.png)