
Финландын одоогийн Ерөнхийлөгч Саули Ниинистё тус улсын Төрийн тэргүүний сонгуулийн эхний шатанд 62.7 хувийн санал авч яллаа. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч, сөрөг хүчний Ногоонуудын холбооны Пекки Хаависто 12.4 хувийн санал авчээ. Тэд зургаан жилийн өмнө ийнхүү өрсөлдсөн юм. С.Ниинистё урьдын үзүүлэлтээ бататгасан бол П.Хаависто сонгогчдоос гурав дахин бага дэмжлэг авсан аж. Финландын сонгуульд 18 нас хүрсэн иргэд оролцдог. Нийт 5.5 сая иргэний 4.2 сая орчим нь саналаа өгөх эрхтэй юм байна.
Төрийн зүтгэлтэн, улстөрч, хуульч Саули Ниинистё 1948 онд Сало хотод мэндэлжээ. 1974 онд Турку их сургуулийн хуулийн анги төгсөөд Киско мужийн цагдаагийн нэг хэлтсийг тэргүүлэн ажилласан байна. Дараа нь Турку хотын Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаар 1976-1988 онд ажиллах явцдаа 1978 оноос өмгөөлөгчийн туршлага хуримтуулж эхэлжээ.
Тэрбээр 29 настайдаа Сало хотын зөвлөл болон захиргаанд сонгогдон ажиллаж байгаад 1987 онд Үндэсний эвсэл намаас Эдускунта буюу парламентын гишүүнээр сонгогджээ. 1994 онд намаа тэргүүлж, 2001 он хүртэл долоон жил уг албан тушаалыг хашсан байна.
Пааво Липпонены эхний Засгийн газарт 1995-1996 онд Хууль зүйн сайд, дараа нь 1996-1999 онд Сангийн сайдаар ажиллажээ. Хоёр дахь Засгийн газарт нь Сангийн сайд (1999-2003)-аар ажиллаж байгаад Европын хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирлын орлогчийн албан тушаалд шилжсэн аж.
Ерөнхийлөгчийн 2006 оны сонгуульд Эвслийн намаас нэр дэвшжээ. Эхний шатанд 24.1 хувийн санал авч, хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр үлдэхдээ тэр үеийн Төрийн тэргүүн, Социал-демократ намаас нэр дэвшсэн Тарье Халоненд ялагдсан байна. Сонгуулийн хоёрдугаар шатанд багахан зөрүүгээр өвдөг шороодов. Тодруулбал, С.Ниинистё 48.2, Т.Халонен 51.8 ху- вийн санал авсан аж.
2007 онд С.Ниинистё улс төрд эргэн орж, парламентын сонгуулиудад оролцон гишүүнээр төдийгүй даргаар сонгогдсон юм. Энэ албан тушаалыг тэрбээр 2011 оны дөрөвдүгээр сард болсон сонгууль хүртэл хашжээ. Түүнээс хойш парламентад дахин өрсөлдөөгүй.
Мөн оны зургадугаар сарын 28-нд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ мэдэгджээ. Нэр дэвшихийг нь тэр жилийн намар Хельсинк хотод болсон Эвслийн намын ээлжит бус их хурлаар дэмжсэн байна. 2012 оны нэгдүгээр сарын 22-нд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 37 хувийн санал авч, хоёрдугаар шатанд Ногооны холбооноос нэр дэвшиж, 18.8 хувийн санал авсан Пекка Хаавистотой өрсөлдөв. Сонгуулийн хоёрдугаар шат 2012 оны хоёрдугаар сарын 5-нд болж, иргэдийн 62.2 хувийн саналаар Финландын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2014 оны намар дэлгэцнээ гарсан, найруулагч Туукка Темо- нены хийсэн баримтат кино Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө кампанит ажлын багийнхны дургүйцлийг хүргэв. Учир нь уг кинонд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн имижийг хэрхэн бүрдүүлсэн тухай өгүүлдэг.
2012 оны гуравдугаар сарын 1-нд тангаргаа өргөж, Төрийн тэргүүний хувиар анхны албан ёсны айлчлалаа Швед, Эстон, Орост хийсэн юм. Мөн оны есдүгээр сард АНУ-д айлчлахдаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэллээ. Учир нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Финланд улсыг гишүүнээр нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцсэн юм. Шинжээчид тус улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын талаар баримталж буй байр суурийг идэвхтэйд тооцож байв. Тэрчлэн Саули Ниинистё Финландад гадаадын хөрөнгө оруулалт татах шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
2013 оны хоёрдугаар сард түүнд хийсэн цогц шинжилгээг эмч нар дүгнэж, эрүүл мэнд нь Финландын Ерөнхийлөгчийн албан үүргийг бүрэн дүүрэн хашихаар сайн байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мөн сарын 10-нд Москвад албан ёсоор айлчлан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэй уулзаж, 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд Бээжинд албан ёсны айлчлал хийж, БНХАУ- ын шинэ дарга Си Зиньпинтэй хэлэлцээ хийсэн Европын холбооны орнуудын анхны тэргүүн болжээ.
2015 оны хоёрдугаар сарын 7-нд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Саули Ниинистё Оросын талаар баримтлах Европын холбооны бодлогын талаар үг хэлэхдээ “Хориг арга хэмжээ авах нь зөв хариу үйлдэл. Шаардлагатай бол хориг арга хэмжээний хугацааг сунгах нь ч зүйтэй алхам болно. Гэхдээ Оросыг тусгаарлах нь зохисгүй” гэсэн байна. 2016 оны аравдугаар сарын 26-нд Тегеранд айлчлахдаа Саули Ниинистё Ираны дээд удирдагч Али Хаменеитэй уулзжээ. Финландыг НАТО-д элсүүлэх, эсэх асуудлаар хүн амынхаа саналыг харгалзан үзэх хэрэгтэй гэдэг. Тус улсын иргэдийн 60 хувь нь цэргийн эвсэлд үл нэгдсэн хэвээр байхын төлөө саналаа өгчээ. Мөн тэрбээр залуусын дунд нийгмийн тусгаар байдал бий болохын эсрэг тэмцдэг олон нийтийн байгууллагыг удирддаг юм.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд С.Ниинистё Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох бодолтойгоо мэдэгджээ. Тэгэхдээ 2012 оны сонгуульд оролцсон шиг Үндэсний эвсэл намаас бус, бие даан нэр дэвшигчийн хувиар өрсөлдөнө гэв.
2004 онд хүү Матиастайгаа Тайландын баруун эргийн Кхаулак гэдэг амралт сувиллын газрыг зорьсон аж. Тэднийг амарч байх үед цунами болж, шонгийн мод руу хүүгийнхээ хамт авирч, эсэн мэнд үлдсэн гэдэг.
Хагас сая гаруй еврогийн хувьцаа эзэмшдэг С.Ниинистё 2012 оны Финландын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хамгийн чинээлэг нэр дэвшигчдийн нэг байв.
2012 оны наймдугаар сард тэрбээр “Helsingin Sanomat” сонинд ярилцлага өгөхдөө хөрш улсынхаа хэлийг судлах нь найрсаг ёсонд тооцдог учир долоо хоногт нэг удаа орос хэл заалгаж буйгаа дурджээ. Тамхи татахаа болихыг хэчнээн удаа оролдсон шигээ орос хэл сурахаар мөн олон удаа эхэлж байснаа тэгэхэд хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс гадна тэрбээр англи хэлтэй.
1974 онд гэрлэсэн анхны гэргий Марья-Леэна Аланко нь 1995 онд автын ослоор амиа алджээ. Тэд Нуутти (1975), Матиас (1980) гэдэг хүүтэй. Хожим нь 2009 онд 29 насаар дүү, зохиолч, яруу найрагч Йенни Хаукиотой гэрлэсэн байна. Йенни 2007 оноос Эвслийн намын Харилцаа хариуцсан захирал, 2012 оноос Турку хот дахь Олон улсын номын үзэсгэлэн, худалдааны хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан гэнэ. Ирэх сард С.Ниинистёгийнх бүл нэмэх гэж байна. Мөн тэрбээр бэлтгэл офицер, “Ганцаардлын таван жил” (2005) зэрэг хэд хэдэн номын зохиогч аж.