
Хятад улс Австралийн дотоод бодлогод хөндлөнгөөс оролцож байж болзошгүй нь тагнуулын эсрэг шинэ хууль гаргахад хүргэжээ. Австралийн парламентад тавьсан илтгэлд тус оронд улстөрч, бизнес эрхлэгчдийн нөлөө бүхий сүлжээ нууцаар байгуулж, Бээжинд ашигтай шийдвэр гарахад эрх баригч байгууллагадад нөлөөлөхийг БНХАУ оролдож буйг буруушаасан байна. Сүүлийн саруудад Шинэ Зеланд, АНУ-аас Хятадын эсрэг ийм мэдэгдэл хийжээ.
“НЭГДСЭН ФРОНТООР”
“Сүүлийн үед “Нэгдсэн фронт”-ын ажил улс төрийн нөлөө хайхад улам бүр чиглэж байна. Хятад улс Австралид тагнуулаа хийсээр буй хэдий ч “Нэгдсэн фронт” Бээжинд эерэг хандлага бий болгох, тагнуулын доод түвшний мэдээлэл цуглуулахад ашиглагдах болжээ. Хятадын талыг баримталдаг, Австралийн элитүүдийн үлэмж хэсгийн дунд уг кампанит ажил амжилттай өрнөж буй тухай ярьж байна” гэж Австралийн парламентад тавьсан илтгэлийг бэлтгэгчид тэмдэглэжээ. Тодруулбал, тус улсын их сургуулийн профессор Клайв Хэмильтон, Алекс Йоскегийн бичсэнээр “Нэгдсэн фронт” нь Хятадын Коммунист намын Төв хорооны тийм нэртэй хэлтэс үйл ажиллагаа явуулдаг. Тус фронт нь хилийн чанад дахь хятад иргэд, ялангуяа Өрнөдийн их сургуульд сурдаг хятад оюутнуудтай хамтран ажилладаг хэд хэдэн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байдгийг “Коммерсант” сонин тодруулжээ. Энд тэмдэглэхэд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд Австралийн Лейборист намын гишүүн Сэм Дастьяри сайн дураар огцорсон. Түүнийг хятадуудтай хамтран ажилласан хэрэгт буруушаасан юм. Тэрбээр Өмнөд Хятадын тэнгист гарсан мөргөлдөөнд нэг бус удаа Хятадын байр суурийг олны өмнө хамгаалж, Австралийн хятад гаралтай бизнес эрхлэгч Хуан Сянмо гэгчид түүний утсыг тусгай албаныхан чагнаж буйг мэдээлсэн гэнэ. Чухам үүний дараа Ерөнхий сайд Малкольм Тёрнбулл хууль гаргах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргажээ.
СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ҮҮ, ЭСВЭЛ ГЯРХАЙ БАЙДАЛ УУ
Бусад улсын бодлогод нөлөөлөх, эсвэл хилийн чанадад сурч, амьдарч буй иргэдээ мөшгөх гэсэн аливаа оролдлогоо Хятадын Засгийн газар няцаасан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австралийн Ерөнхий сайдын хэлсэн үгийг БНХАУ-ын ГХЯ- ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Гэн Шуан тайлбарлахдаа “Ор үндэсгүй мэдэгдэл хийсэнд манай яам үнэхээр цочирдож байна” гэжээ. “Хүйтэн дайны үеийн бодлоосоо ангижирч, худал мэдэгдэл хийхгүй, нөхөрлөлөө сэвтээхгүй байхыг Австралийн улстөрчдөд хичээнгүйлэн зөвлөж байна” хэмээн тэрбээр нэмж хэлсэн аж. Ийм хариултыг бусад улсад мөн өгдөг гэнэ. “Хятадын тагнуулчдыг хайж буй нь Оросын хакерчдыг эрж байгаатай улам бүр адил болж байна. Хятад улс бусад том орны адил тагнуулын үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ талаарх сэтгэцийн өөрчлөлтөө хөгжүүлэх нь явцгүй” гэж Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн Зүүн Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг судлах төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Игорь Денисов хэлжээ. Гадаадын их сургуулийн хятад багш нарын мэдээлснээр Бээжин үнэхээр эх орон нэгтнүүдээ хамтын ажиллагаандаа татах гэдэг аж. Гэхдээ саналаас татгалзсаны хор уршиг гэж байдаггүйг тэрбээр тэмдэглэжээ.