
Олон улсын арга хэмжээ авсан хэдий ч хориотой барааны экспортоос Умард Солонгос бараг 200 сая долларын орлого олсон тухай НҮБ-ын илтгэлд дурджээ. Тодруулбал, ОХУ, Хятад, Малайз зэрэг хэд хэдэн улсын боомт руу БНАСАУ нүүрс илгээсэн аж. Тэгэхдээ Умард Солонгосын нутаг дэвсгэрээс бус, Орос, Хятадад олборлосон нүүрс гэсэн хуурамч баримт бичгийг Пхеньян ашиглажээ гэсэн дүгнэлтийг шинжээчид хийснийг “Reuters” уламжлав.
Өнгөрсөн оны 1-9 дүгээр сард Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориглосон бараг бүх барааг хил давуулан наймаалсаар байсныг баримт бичигт дурджээ. Тус улс хууль бусаар нүүрс экспортлоод зогсохгүй гадаадын хамтрагчид, оффшор компани, олон улсын банкны тусламжтайгаар нефть нийлүүлсэн гэнэ.
Харин Бээжин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт холбогдсоныг БНАСАУ дахь Хятадын ЭСЯ няцаажээ. Хөрш орнууд хоорондоо худалдааны хэвийн харилцаатайг дипломатчдын мэдэгдэлд дурдсан байна. Умард Солонгосын нутаг дэвсгэрт Хятадын хүнс, жимс, ахуйн техникийг худалдсаар буй аж.
Тэрчлэн БНАСАУ 2012-2017 онд Сирид химийн зэвсэг бүтээхэд нь тусалж, тус улсын эрдэм шинжилгээ, судалгааны төвд нууц ачаа илгээж байсан гэдэгт НҮБ-ын илтгэл бэлтгэгчид итгэлтэй байна. Үүний хариуд Сирийн эрх баригчид ”Тус улсын нутаг дэвсгэрт Умард Солонгосын шинжээчид бий. Гэхдээ тэд спорттой холбоотой үйл ажиллагаа л явуулдаг” хэмээжээ.
Үүний сацуу дээрх баримт бичигт мэдээлснээр БНАСАУ-аас Мьянмарт газар-агаар ангиллын баллистик пуужингууд нийлүүлсэн гэнэ.
БНАСАУ-Д АВСАН НҮБ-ЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ
Умард Солонгосоос нүүрс экспортлохыг хязгаарласан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ 2016 онд гарсан. Сүүлийн жилүүдэд Пхеньянд авсан хориг арга хэмжээнүүдэд хүдэр болон бусад түүхий эд экспортлохыг хориглосон юм. Үүний сацуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, компаниудын хөрөнгийг битүүмжилсэн билээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пхеньян пуужин туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээгээ чангатгасан. Үүний дагуу БНАСАУ-д нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээ 85 хувиар багасах ёстой. Гадаадад ажиллаж буй умард солонгосчууд бүгд ойрын хоёр жилийн хугацаанд нутаг буцах юм.
ХЭЛЭЛЦЭЭ ХИЙГЭЭД БУЦАВ
Умард Солонгосын ГХЯ-нд АНУ-ыг хариуцдаг өндөр албан тушаалтан буюу орлогч сайд Хан Соль Рёль Шведэд очиж хэлэлцээ хийгээд буцжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Пхеньяныг зорихоор Бээжинд буусан тухай NHK мэдээлсэн. Цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь улс орноо хамгаалах хэрэгсэл болохыг тэрбээр дахин тайлбарлан ярилцсан хэмээн шинжээчид таамаглаж байна.
Хан Соль Рёль болон манай өндөр албан тушаалын төлөөлөгчид Солонгосын хойгийн байдлыг хэлэлцсэн гэдгийг Шведийн ГХЯ нотолжээ.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД ХАНДЛАА
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд И Ён Хо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришид захидал бичжээ. Үүнд Солонгосын хойг, түүний эргэн тойрны байдлыг хурцатгаж буй, тэрчлэн даян дэлхийд цөмийн аюул нүүрлэхэд хүргэж болзошгүй байгаа АНУ-ын бодлогод нөлөөлөхийг хүссэн байна. Тодруулбал, Солонгосын хойгт Америкийн цэргийн техник байрлуулахыг зогсоох, тус бүс нутагт болж буй цэргийн сургуулилалтад АНУ-ыг оролцуулахгүй байхыг уриалсан байна. Удирдагч Ким Жөн Уны ард түм- нээ гэсэн хайр энэрлийн ачаар хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ үргэлжилнэ гэсэн ойлголтыг тэрбээр өгчээ.
Харин АНУ-ын эрх баригчид одоо баримталж буй чиг бодлогоо өөрчлөхгүй, Солонгосыг хойгийг цөмийн зэвсэггүй болгох хүчин чармайлтдаа төвлөрөн ажиллахаа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жозеф Юны мэдэгдсэнээр тус улс Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь ангижруулах зорилгоор Пхеньянтай хэлэлцээ хийхийг хүсэж байна.
Дашрамд хэлэхэд, тийм яриа хэлэлцээ хийх хэтийн төлөв, ялангуяа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэл, үйл ажиллагааны дараа бүр ч бүрхэг байна. Тухайлбал, Д.Трамп Цагаан ордонд Умард Солонгосоос дүрвэгсдийн төлөөлөгчидтэй уулзсаныг Пхеньян найрсаг бус алхам хэмээн үзэх нь тодорхой.