
БНХАУ-д өөртөө засах таван орон байдаг. Үүний нэг нь Ниншя-Хотонгийн өөртөө засах орон юм. Зургаан сая гаруй хүн амтай. Газар нутгийнх нь хэмжээ 66.4 мянган ам км бөгөөд өөртөө засах бусад орноос хүн амаар хамгийн сийрэг нь аж. Монгол, БНХАУ-ын хамтарсан сурвалжилгын багийнхан тус орны Яргай хотын Мин Нинь сууринтай танилцсан юм.
23 ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ ХҮНД НОГДОХ САРЫН ОРЛОГО 26 ДАХИН ӨСЖЭЭ
Тус сууринд БНХАУ-ын Комунист намын Төв хороо, Төрийн зөвлөлийн стратегийн үзэл баримтлалын дагуу 1996 оноос ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг ажлын хэсгийг одоогийн БНХАУ-ын дарга Си Зиньпин толгойлж, Фү жянь мужтай хамтран өнгөрсөн 20 гаруй жилийн хөгжлийн гарааны шанг татжээ.
Хатан голын сав газрыг ухаж, суваг татан, үржил шимгүй хөрсийг засан сайжруулж, орон сууц, зам барих, цөлжилтөөс сэргийлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг ажил ундруулан, үр бүтээлтэй ажиллаж өнөөгийн Мин Нинь сууринг бүтээсэн аж. 1996 онд Мин Нинь сууринд хүн ам цөөн, иргэдийн амьдрал ч тааруу байсан гэнэ. Олонх нь гэр оронгүй, нэг хүнд ногдох сарын орлого 500 юань гэхээр хэрхэн аж төрж байсан нь төсөөлөгдөж байгаа биз ээ. Харин одоо тухайн суурин ядуу, зүдүү байсан гэхэд итгэмээргүй. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн үр дүнд тус суурингийн хүн ам ч, орлого ч нэмэгдсэн байна. 2018 оны байдлаар нэг хүнд ногдох сарын орлого 1996 онтой харьцуулахад 26 дахин өсөж, 12.9 мянган юаньд хүрч, 8000-аас илүү гарахааргүй тоологдож байсан хүн амын тоо 66 мянгаас давжээ.
Ниншя-Хотонгийн өөртөө засах орны төв хотод Шүй Дүнгөү нэртэй аялал жуулчлалын бааз бий. Уг газрыг урд хөршийн Засгийн газраас “Хятадын эртний түүх, археологийн дурсгалт газар”, “Хятад, Өрнө дахины соёлын солилцооны түүхийн гэрч” хэмээн үзэж, улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын баазаар тодруулжээ. Мөн Хятадын түүхэн дурсгалт хамгаалалттай 100 туурийн нэг бөгөөд тус улсын соёл иргэншлийн хамгийн ач холбогдол бүхий археологийн олдвор олдсон газруудын нэг аж. Хоёр жилийн турш бүтээн байгуулалтын ажил хийж, 2009 онд ашиглалтад оруулсан Шүй Дүнгөү аялал жуулжлалын бааз нь шинжлэх ухааны судалгаа, дайны үеийн цэргүүдийн амьдарч, дайтаж явсан үеийг хүмүүст сонирхуулдгаар онцлогтой. Хятадууд тус газрыг цагаан хэрэмний музей ч гэж нэрлэдэг юм билээ.

40 МЯНГАН ЖИЛИЙН ТЭРТЭЭХ РҮҮ “ЗОЧЛОВ”
Гаднаа харуул хамгаалалттай, багавтар байшин руу юу байгааг ч мэдэлгүй цувран оров. Гэрэл гэгээ муутай санагдана. Урдхаа тэмтчэн явсаар байгалийн үзэсгэлэнг цогцлоон зассан танхим руу нэвтэрлээ. Уул, ус, хад, чулуу, мод, цэцэг, навч гээд яг л онгон дагшин байгальд зугаалж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулсан тус танхимд Шүй Дүнгөүд 40 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүс болон байгалийн үзэмжийг харуулсан нь тэр аж. Түүнчлэн тэрхүү “байгалийн үзэсгэлэн” дунд байрлах “хаданд” дэлгэц суурилуулж, хүн төрөлхтний үүсэл хөгжлийг харуулсан кино гаргаж байв. Газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэн, салхи салхилуулж, бороо хур ч оруулав. Намуун салхи сэвэлзэн, нар тусах мэт “тэнгэр” цэлмэг байснаа гэнэт “цахилгаан цахиж”, “газар хөдлөн”, “бороо орж” эхэлсэн юм. Одоогоос 40 мянган жилийн тэртээ ийм л цаг агаар ээлжилдэг байсан байх гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа.
Шүй Дүнгөүг 1923 онд Хятад, Францын хоёр эрдэмтэн илрүүлжээ. Нэгэн танхимд нь эрдэмтэд тухайн газрыг яаж олсон, тэр ч бүү хэл, хэн гэдэг хүний ямар дэн буудалд байрлаж байхдаа хуучин түүхийн туурийг нээсэн тухай баримтууд дэлгэжээ. Өрөөнийх нь гэрэл асаалттай дэн буудал, гадна талд нь хятад, франц эрдэмтэд ярилцаад зогсож байхад нь буудлын эзэн цаанаас алхаж байгаагаар дүрсэлсэн нь үйл явдал яг л одоо өрнөж буй мэт. Эрдэмтдийг бодит хэмжээгээр нь лааны тосоор бүтээж, дэн буудлыг хана хэлбэрээр хийсэн байна. Мөн “тэдний” хажууд анхны чулуун зэвсгийн олдвор болох тэмээн хяруулын өндөгний чулуужсан ясан зүүлт, хэрс, чоно зэрэг амьтны яс, чихмэл байрлуулжээ.
Бид сонин сайхан үзмэрээр дүүрэн байшингаас гарч, жижиг автобусанд суун, музейд байрлуулсан хуучин чулуун зэвсгүүд олдсон туурь руу хөдөллөө. Тус түүхэн газарт 80 гаруй жилийн турш зургаан удаагийн археологийн судалгаа хийжээ. 30 мянга гаруй чулуун зэвсэг, 67 төрлийн эртний амьтны чулуужсан яс олдсон гэнэ. Тус хэсгээс 40-19 мянган жилийн өмнө амьдарч байсан хүн төрөлхтний эд зүйлс олджээ. Үүнийг эрдэмтэд балар эртний үеийн хүмүүс хэмээн нэрлэж буй аж. Мөн энэ тууриас олдсон зарим хуучин чулуун зэвсэг нь манай улсын баруун хойд нутгаас болон Европоос олдож байсантай яг ижил байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татжээ. Тухайлбал, ОХУ-ын Байгаль нуурын эрэг, Енисей, Ангар мөрнөөс ижил төрлийн чулуун зэвсэг олдож байжээ. Тухайн үед хэрэглэж байсан чулуун зэвсгийг хийж байсан арга, хэмжээгээр нь ижил гэж дүгнэжээ. “Үүнээс харахад 40 мянган жилийн тэртээ Ази, Европ тивийн хүн төрөлхтний соёл, бие биедээ уусаж байсныг илтгэж буй” хэмээн эрдэмтэд үздэг аж. Сүүлийн хоёр жилийн өмнөөс манай улс болон Шинжян-Уйгарын өөртөө засах орны нутагт эл төрлийн судалгааг эхлүүлсэн байна.
Судалгааны туурь болох малтлага хийсэн уулын дундуур алхаж байхад газрын давхарга хэд хэдэн үетэй мэт харагдав. Тус музейн захирлаас учрыг лавлахад “Үе, үеэрээ өөр он цагийг илтгэж буй. Далайн түвшинтэй хэдий чинээ ойрхон байна, төдий чинээ эртний он тооллыг илтгэнэ” гэлээ. Нэг үе нь хоёр орчим метр л байх боловч тэр нь хэдэн зуун жилийн түүхийг өөртөө шингээсэн байдаг аж

МОНГОЛЧУУДААС ХАМГААЛЖ БОСГОСОН НУУВЧАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОЖЭЭ
Хүн төрөлхтний үүсэл, хөгжлийг хадгалсан судалгааны тууриас холгүйхэн намхан цайз хэрэм шиг зүйл рүү зүглэв. Тэр бол Мин улсын үе буюу одоогоос 300-500 жилийн өмнө монголчуудтай дайтаж байхдаа ашиглаж байсан нуувч гэнэ. Урд хөршийнхөн гурван км урт тэрхүү нуувчийн багахан хэсгийг засаж янзлан, музей болгож, жуулчдыг татах гол үзмэр болгожээ. Уул нүхлэн, шат гаргасан тэр байгууламж нь дотроо харанхуй, хүйтэн байх нь мэдээж. Жуулчдад үзүүлэх зорилгоор хэд хэдэн гэрэл суурилуулсан боловч хангалттай гэгээ нэмсэнгүй.
Газар доогуур урт үргэлжлэх нарийн хонгилоор явахад цэргүүдийн хэрэглэж байсан зэвсэг, эд зүйлс, хуяг, дуулга тааралдах юм. Нарийн хонгил үргэлжилсээр дөрвөн ханатай гэрийн буурь шиг, дугуй хэлбэртэй “өрөө”-нд хүргэв. Дунд нь тэгшхэн, гөлгөр тавцантай, дугуй мод тавьсан нь цэргийн дарга нар хуралддаг байсан ширээ гэнэ. Тэндээс холгүйхэн хонгилоо хажуу тийш нь тэлж, ганц хүн хэвтэх хэмжээтэй нүх гаргажээ. Энэ нь жанжны “өрөө” гэнэ. Зуутын жанжин нь унтаж амардаг байж, тэнд. Хонгилоор цааш явахад хөл доор нүх ухаж, түүнийг шилээр таглажээ. Тэнд хүний араг яс байв. “Энэ бол нуувчинд нэвтэрч, урьхинд унасан монгол цэрэг” хэмээн тайлбарласан нь сэтгэл сэртхийлгэв. Хонгилын дунд жижиг хэрнээ гүнзгий нүх олон тааралдсан юм. Зүгээр ч нэг нүх биш, дээрээс нь төмөр муна унахаар байрлуулжээ. Хонгилд энэ мэт урхи олон.
Музейн үүднээс жижиг автобусаар явж, тус цэргийн нуувч, археологийн олдворын тууринд хүрч байсан бид урт хонгилоор явсаар эхний музейд хүрснээ нуувчаас гарч ирээд л мэдсэн юм.
Ийнхүү урд хөршийн, манайхтай хиллэдэг хэдхэн хотоор зочилсон бидний аялал хөдөлмөрийн үр шимээр хэрхэн хөгжиж болдгийн жишээг харснаар өндөрлөсөн юм. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочилгүй, өөрт ногдсон ажлаа хариуцлагатайгаар биелүүлэх нь тэндхийн хүмүүсийн амьдралынх нь хэвшил болжээ. Биднийг “Манай улсын цаг агаар, хөрсөнд тохирдоггүй, хүн ам цөөхөн, болохгүй, бүтэхгүй” хэмээн хөлөө жийж суун, шалтаг, шалтгаан тоочсоор байх зуур ганцхан километрийн цаадах хөгжил, цэцэглэлт үр хойч минь ч бараг гүйцэхээргүй болтлоо хол явжээ.