
Сонгинохайрхан дүүргийн VII хороонд оршин суудаг Г.Батдэлгэрийнх ам бүл дөрвүүл. Өрхийн тэргүүн хүнсний үйлдвэрт механик инженерээр ажилладаг бол гэргий нь эмийн сан түрээслэн ажиллуулдаг, эмзүйч. Тэднийх орон нутгаас Улаанбаатарт шилжин ирээд дөрвөн жил орчим болж буй, айлын хашаанд гэрт амьдардаг бөгөөд анхнаасаа л ипотекийн зээлд хамрагдан байр авах төлөвлөгөөтэй нийслэлд иржээ. Аймгийн төвд амьдарч байсан байшин, хашаагаа борлуулсан 10 гаруй сая төгрөгөө арвижуулж байгаа гэсэн. Өдгөө ипотекийн зээлийн урьдчилгаанд төлөхөөр цуглуулсан мөнгө нь 22 саяд хүрсэн ч орон сууцын үнэ өссөн учраас 30 хувийн урьдчилгаа бүрдүүлж чадаагүй хэвээр. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай хуучин орон сууцын үнэ 2021 онд өнгөрсөн жилийнхээс ам метр тутамд дунджаар 200 000 орчим төгрөгөөр нэмэгдэн, 2.5 саяд хүрчээ. Энэ нь 50 орчим ам метр талбайтай байр 125 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн үг. Үүний 30 хувь 37.5 сая төгрөг болно.
Хэрэв байрны урьдчилгаанд 20 хувийг төлбөл 25 сая төгрөгтэй байхад хангалттай. Дээр дурдсан гэр бүлийн сарын цэвэр орлого 2.3 сая гаруй төгрөг. Тэд 125 сая төгрөгийн байр худалдан авахад 20 хувийн урьдчилгаа өгч, 20 жилийн хугацаанд (жилийн зургаан хувийн хүүтэй) зээлээ төлнө гэвэл сард 716 000 орчим төгрөг төлөх нь. Харин урьдчилгаанд 30 хувийг өгвөл 20 жилд, сар бүр 626 000 төгрөг зарцуулах юм байна. Аль ч тохиолдолд өрхийнх нь одоогийн орлого хүрэлцэх буюу 125 сая орчим төгрөгийн үнэ бүхий байрны зээлийг 20 жилийн хугацаанд төлж барагдуулах шаардлагыг хангажээ. Г.Батдэлгэр “Урьдчилгаа төлбөрийг нь хөнгөлөөд өгвөл манайх зээл авахад бэлэн. Ер нь айл өрхүүдийн орлого, иргэдийн цалин жил ирэх бүр тодорхой хэмжээгээр өсдөг. Харин ипотекийн зээлд төлөх дүн тогтвортой байдаг учраас зээл авахад алдах юм үгүй” хэмээв.

…Түүнчлэн Улаанбаатарт одоогоор 200 000 гаруй айл гэр хороололд амьдарч буй бөгөөд тэдгээрийн 30 орчим хувь нь орон сууцын зээл төлөх чадамжтай буюу өрхийн орлого өндөр, зээлийн шалгуур хангасан гэсэн тооцоог үл хөдлөх хөрөнгө зуучийн зарим компанийн тайланд дурджээ…
Барилга хот байгуулалтын яамнаас иргэдийн дунд явуулсан судалгаанд ипотекийн зээл авахад урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх нь бэрхшээлтэйг олонх нь дурджээ. Тиймээс уг дүнг 20 болгон бууруулах боломжийг судлан, шийдэлд хүрсэн нь Зээлийн батлан даалтын сангаас 10 хувийг нь гаргуулах тухай шийдвэр аж. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдоос тодрууллаа.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувиас 20 болгон бууруулах журмыг энэ сараас хэрэгжүүлнэ хэмээн иргэд хүлээлттэй байна. Журмыг эцэслэн батлав уу?
-Урьдчилгааг 20 хувь болгох журмыг хараахан батлаагүй ч хэрэгжүүлэх боломж бүрдэж, талууд зөвшилцсөн. Тодруулбал, Сангийн яам болон Зээлийн батлан даалтын сантай хамтран ажилласны үр дүнд уг сангаас ипотекийн зээлийн урьдчилгааны иргэдийн төлөх 10 хувийг батлан даах шийдвэрт хүрсэн. 2022 оны Төсвийн тухай хуулийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тус сангаас өмнө нь зөвхөн жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж баталгаа гаргадаг байсныг нэмэгдүүлж ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр ипотекийн зээлээр орон сууц авахаар төлөвлөж буй иргэн зээлийн нөхцөл болох 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 10 хүртэл хувьд нь төрөөс батлан даах боломж нээгдэнэ гэсэн үг.

-Яг хэзээнээс иргэд үнийн дүнгийнхээ 20 хувийг төлж эхлэх бол?
-Энэ сардаа багтаан журмыг нь батлуулан олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулбал иргэдэд учрах “дарамт” өснө. Учир нь нэг сард төлөх зээлийн төлбөр болон хүүгийн хэмжээ нэмэгдэх учраас эрсдэлтэй хэмээн тооцож ирсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зээлийн батлан даалтын сангаас ипотекийн зээлийн 10 хувийг төлөх биш, зөвхөн батлан даана гэдгийг иргэд ойлгох учиртай. Урьдчилгаа төлбөрийг 10 хувиар бууруулах нь нийт төлөх мөнгөн дүнг багасгахгүй, өснө. Иргэдийн авсан зээлийн хэмжээнээс шалтгаалан сард дунджаар 100 000 төгрөгөөр нэмэгдэх (30 хувийн урьдчилгаа төлснөөс) тооцоо гарсан. Мөн Зээлийн батлан даалтын сан хэний зээлийг батлан даахаа хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй ч өрхийн орлого өндөр, зээлийн “хар” түүхгүй иргэд ипотек авахад илүү хялбар болно. Ер нь ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн тоо огт буурдаггүй, эрэлт багасдаггүй бүтээгдэхүүн. Эргэн төлөлт нь 99 хувь байдаг хамгийн “сайн” зээл учраас урьдчилгаа төлбөрийг хөнгөлсөн ч эрсдэл үүсэхгүйг олон талаас нь баталж, нягталсан. Урьдчилгааг нь багасгаснаар иргэдийг орон сууцжуулах ажил шуурхай болж, илүү олон хүн байр авна гэсэн үг хэмээв. Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг улсын төсвөөс бүрдүүлдэг учраас санхүүжилт нь хязгаартай. Иймээс дээрх хуулийн өөрчлөлтийг эхний ээлжид бүс, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, дагуул, хаяа хотуудыг хөгжүүлэх бодлогын хүрээнд батлуулан, орон нутгийн төсвөөс батлан даах хөрөнгийг бүрдүүлэх талаарх бэлтгэл ажлыг хангаж буйг Э.Батболд дурдсан. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг өсгөх, менежмент хийх зорилгоор олон улсын байгууллагууд, хандивлагчид, банкуудтай хамтран ажиллах боломжтой гэнэ. Манай улс иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлсэн бага хүүтэй зээл олгох бодлогын хүрээнд 2013 оны зургадугаар сарын 13-наас ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Өмнө нь уг зээлийн хүү жилд багадаа 13-14 хувь байв. Улмаар зээлийн хүүг зургаа болгон бууруулснаар орон сууц худалдан авах иргэдийн тоо тогтмол өссөөр өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 103 орчим мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан тооцоо гарчээ. Ингэснээр ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөс давсан аж. Түүнчлэн Улаанбаатарт одоогоор 200 000 гаруй айл гэр хороололд амьдарч буй бөгөөд тэдгээрийн 30 орчим хувь нь орон сууцын зээл төлөх чадамжтай буюу өрхийн орлого өндөр, зээлийн шалгуур хангасан гэсэн тооцоог үл хөдлөх хөрөнгө зуучийн зарим компанийн тайланд дурджээ. Үүнээс гадна жил бүр дунджаар 20 000 орчим өрх, иргэн орон сууц түрээслэн амьдардаг гэсэн албан бус судалгаа байна. Түрээсийн төлбөрт сард багадаа 600 000 төгрөг төлдөг нь ипотекийн зээлийн төлбөртэй дүйх дүн. Тиймээс ипотекийн зээлийн шалгуурыг багасгах, урьдчилгаа төлбөрийг бууруулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх нь төрөөс эн тэргүүнд хийх ажлын нэг гэдэг нь дамжиггүй.
