Цаг уурын байгууллагын мэдээллээр ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг нэн их, их бөгөөд түймрийн эрсдэл маш өндөр байгааг анхааруулсаар буй. Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 50 сумд ой, хээрийн 101 түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Үүнээс сүүлийн долоо хоногт гэхэд Сүхбаатарт дөрөв, Дорнод, Сэлэнгэд гурав, Хэнтий, Төв аймагт тус бүр хоёр, Булганд нэг буюу нийт 15 удаагийн түймэр гарсан байна. Өчигдрийн байдлаар 12 түймрийг бүрэн унтрааж, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Батширээт сумд ассан хоёр түймрийг цурамд оруулсан гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумд дэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.
Ч.Цэлмэг